Япончууд "Эрдэнэс Таван толгой"-г ашиглахад оролцоно
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг
2015.12.23

Япончууд "Эрдэнэс Таван толгой"-г ашиглахад оролцоно

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

-"Эрдэнэс-Таван толгой”-н ажил ямар шатандаа явж байгаа юм бэ. Улс төрийн эрх ашиг байгаа учраас 2016 оны сонгуулиас өмнө хөдөлгөхгүй гэх яриа байгаа?

-Төр засгийн зүгээс “Эрдэнэс-Таван толгой”-г хөдөлгөхгүй, зогсоосон зүйл байхгүй. Нүүрсний үнэ уначихсан, хэрэглээ байхгүй болохоор “Эрдэнэс-Таван толгой”-н олборлолт түр зогсчихоод байгаа. Нүүрс экспортлохын тухайд гаргаж л байгаа шүү дээ. “Эрдэнэс- Таван толгой" ХК-ийн хувьд өнгөрсөн зун 2.5 сая тонн нүүрс олборлоод овоолчихсон байгаа.

Баруун Цанхийн “Макмахон” компанитай байгуулсан гэрээ цуцлагдаж оронд нь Хятадын компани үйл ажиллагаа явуулж Чалкогийн өрийг дарах нүүрсийг олборлож байна. Миний хувьд Таван толгойн тогтоолын төслийг энэ долоо хоногт өргөн барихаэр ажиллаж байна. Засгийн газраас санал авах хугацаа арванхоёрдугаар сарын 10-нд дууссан. Төрийн бус байгууллагуудаас дэмжлэг хүсэх албан бичиг ирж байна. Энэ долоо хоногт УИХ-ын даргаас цаг авсны үндсэн дээр Таван толгойн тогтоолынхоо төслийг өргөн барина гэж бодож байгаа. Энэ тогтоолын төсөлд 40 гаруй гишүүн гарын үсэг зурж хүлээн зөвшөөрсөн. Ер нь үндсэндээ гол гурван асуудлыг хөндсөн байгаа.

-Ямар гурван асуудал билээ?

-Нэгдүгээрт, 1072 хувьцааг эргэлтэд оруулах ёстой. Хоёрдугаарт, "Эрдэнэс таван толгой" компанийн 51-ээс доошгуй хувь нь Монгол Улсын эзэмшилд байх ёстой. Мөн төмөр замуудын 51-ээс доошгүй хувь нь төрийн эзэмшилд байх ёстой гэж үзэж байгаа. Гуравдугаарт, гуравдагч хөршийн бодлогыг оруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, зөвхөн нэг улсаас хамааралтай гэрээ байгуулахын эсрэг байх байр суурийг баримталж байна.

Энэ тогтоолын төслийг өргөн барьж, хэлэлцсэний дүнд дээрх гурван асуудлыг баталчих юм бол М.Энхсайхан сайдын үед яригдаж байсан Таван толгойн гэрээнд өөрчлөлт орох ёстой гэж үзэж байгаа. Яагаад гэхээр тухайн гэрээгээр "Эрдэнэс-Таван толгой" компанийн 98 хувь нэг улсын харьяалалд очих гээд байсан. Тиймээс "Эрдэнэс таван толгой" компаниар дамжуулан гэрээ хийгдэж 51 хувиа авах ёстой. Дээрээс нь Хятад, Япон, Америк зэрэг бусад улс орны тодорхой компанийг оролцуулахаар гэрээ дахиж хийх шаардлага гарна гэсэн үг. Гэхдээ гэрээтэй, гэрээгүй “Эрдэнэс-Таван толгой” өнөөдрийг хүртэл явдгаараа явж байгаа.

-Гэрээнд өөрчлөлт оруулна гэлээ. Яг ямар өөрчлөлт орж байгаа талаар танилцуулахгүй юу?

-Тэгэхээр бид гэрээгээ дахиж санах ёстой гэсэн үг. Засгийн газартай байгуулах гээд явж байсан гэрээ маань ямар нөхцөлтэй байсан бэ гэх асуулт гарч ирнэ. Түүн дээр Эрдэнэс-Таван толгойгоос Гашуун сухайт чиглэлийн 270 км төмөр замын асуудал тавигдаж байсан. Энэ төмөр замын 49 хувийг Монгол Улс 30 жилийн дараа эргүүлэн эзэмшилдээ авна гэх нэг том заалт байсан. Харин гэрээн дээр ямар өөрчлөлт орох вэ гэхээр төмөр замын 51 хувь анхнаасаа манай улсын эзэмшилд байна.

Үлдсэн хувь дээр дурын компани хөрөнгө оруулалтаа хийгээд хамтрах боломжтой. Эрдэнэс-Таван толгой компаниар дамжуулан бүх гэрээ хийгдэх ёстой гэх заалт оруулж байгаа. Өөрөөр хэлбэл, Эрдэнэс- Таван толгойн 51 хувь манай эзэмшилд үлдэх болно. Үлдсэн 49 хувь дээр “Шинхуа”, “Энержи Ресурс’’ зэрэг компани оролцох бүрэн боломжтой. Одоо бол “Эрдэнэс-Таван толгой” компани гэрээний гадна талд үлдчихээд байгаа юм. Мөн одоогийн гэрээн дээр иргэдийн эзэмшиж буй 1072 ширхэг хувьцааны тухай үг, өгүүлбэр ч байхгүй. Шинэ гэрээний тухайд иргэдэд оногдож байгаа хувьцааг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой заалтууд оруулсан.

-Иргэд хувьцаагаа хэрхэн ашиглах талаар тодорхой ойлголтгүй байх шиг санагддаг юм. Хувьцааны тухайд тодорхой тайлбарлахгүй юу?

-Тэр бол анх гэрээ байгуулж байсан багаас явуулж байсан нэг ёсны сурталчилгаа. Жижиг Таван толгойгоос хувьцаа эзэмшигчид хувьцааныхаа ашгийг хэрхэн хүртэж байсан тухай мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Таван толгойн жижиг ордуудын хувьцаа хангалттай хэмжээнд өсөж байсан. Тэндээс тухайн хувьцаа эзэмшигчийн авч байсан ноогдол ашиг нэлээн өндөр болсон түүх байгаа. Тиймээс иргэдийн гар дээр байгаа хувьцааг эргэлтэд оруулах ёстой гэж харж байна. Монгол Улсын иргэд бусад ямар ч орд газар дээр хувьцаа эзэмшиж чадахгүй байгаа.

Ганц хувьцаа эзэмшиж буй Эрдэнэс-Таван толгойн ордоосоо ирээдүйд ноогдол ашиг хүртэнэ. Маргааш эсвэл нөгөөдөр ноогдол ашиг хүртэх тухай асуудал огт биш. Магадгүй тав, арван жилийн дараа хувьцааныхаа ноогдол ашгийг хүртэж болно. Хувьцаа маань тодорхой хэмжээний эргэлтэд орох бүрэн боломжтой. Хувьцаагаа банкинд барьцаа болгон зээл авах гарц харагдаж байгаа. Тэгэхээр зөвхөн ноогдол ашгаас гадна хувьцаа эзэмшигч байна гэдэг маань хөрөнгөтэй болж байгаа хэрэг.

-Хувьцааны ашгийг хэзээнээс хүртэж эхлэх вэ?

-1072 ширхэг хувьцааг хэрхэн амилуулах вэ гэдгийг л гэрээн дээр тусгаад өгчихье гэх асуудал яригдаж байна. Тэгэхээр Санхүүгийн зохицуулах хорооноос ч юм уу санал гаргаад хувьцааг эдийн засгийн эргэлтэд орох бүрэн боломжтой. Иймэрхүү байдлаар хувьцаа эргэлтэд орох боломжийг бүрдүүлчих юм бол иргэн бүр өнөөдрийн үнэлгээгээр нэг сая төгрөгийн хувьцаа эзэмшиж байгаа гэсэн үг. Хэрэв төмөр зам ашиглалтад орчихвол сая төгрөгийн хувьцаа үнэд ороод явна.

-Таван толгойн нүүрсний ордыг ашиглах тухайд олон янзын хувилбар яригдаж байгаа. М.Энхсайхан сайдын гаргаж ирсэн хувилбарыг эдийн засгийн талаасаа нэлээн өгөөжтэй байх болов уу гэж дүгнэж байсан ч гэлээ ажлын хэсгийнхэн гацаачихлаа шүү дээ?

-М.Энхсайхан сайдын гэрээний хувилбараар Эрдэнэс-Таван толгойгоос урагшаа гарах төмөр зам, Эрдэнэс-Таван толгойгоос Хятад руу зарах нүүрсний операторын үйл ажиллагааг Шинхуа, Энержи ресурс компанийн консерциум хамтран эрхэлнэ гэж байгаа. Энэ консерциум Эрдэнэс- Таван толгойг 100 хувь эзэмшихэд Монгол Улсад хоёрхон хувь нь үлдэнэ гэсэн үндсэн зарчимтай байсан. Бид харин Японтой хамтрах хувилбарыг барьж байгаа.

Энэ ч үүднээс Японы Ерөнхий сайдыг ирэхэд өнгөрсөн зургаан сарын хугацаанд яригдаж байсан аман яриаг бодит ажил болгосон. Үүний үр дүнд япончууд Таван толгой руу орох хүсэл сонирхлоо илэрхийлсэн. Энэ бол М.Энхсайхан сайдын гавьяа биш. Эрдэнэс-Таван толгойн төслийг зүүн чиглэлд Японтой хамтрах тухай хувилбар гаргаж ирсэн нь манай багийн гавьяа гэж харж байна.

-Төмөр зам барих асуудал ямар түвшинд байгаа вэ. Оросынхтой ижил өргөн царигтай болъё гэхээр геополитикийн хувьд асуудалтай гээд байгаа. Яг ямар асуудалтай юм бэ?

-Төмөр замын тухайд ажил эхэлчихсэн явж байгаа. Урагшаа явах төмөр замыг баригдаж байхад нь зогсоочихсон. Хөндлөн чиглэлийн 480 км төмөр зам барих ажил үргэлжлэх нь гарцаагүй болчихсон. Үүн дээр Японы хөрөнгө оруулалт орж ирэх юм. Урагшаа чиглэлийн төмөр зам дээр Засгийн газар шийдвэрээ гаргах юм. Японы тал орсон ороогүй 51 хувь нь төрийн эзэмшилд байх ёстой. Хоёр төмөр зам баригдах үйл ажиллагааг бид нар 1-1.6 жилийн хугацаанд хийнэ гэсэн төлөвлөгөө тавьж байна. Хөрөнгө мөнгөний асуудал ерөнхийдөө шийдэгдсэн. Төмөр зам барих ажилд 10 мянган цэрэг дайчлахаар болоод ирэх оны төсөвт 24 тэрбум төгрөг суулгасан.