Баянзүрх дүүргийн баялаг бүтээгчдийн форум амжилттай болж өндөрлөлөө
Баянзүрх дүүргийн баялаг бүтээгчдийн форум амжилттай болж өндөрлөлөө
2015.12.22

Баянзүрх дүүргийн баялаг бүтээгчдийн форум амжилттай болж өндөрлөлөө

Баянзүрх дүүргийн баялаг бүтээгчдийн бизнес форум амжилттай болж өндөрлөлөө.

Тус зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Д.Арвин, Ж.Батзандан болон Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр, Аж үйлдвэрийн яам болон Зээлийн батлан даалтын сангийн холбогдох албаны хүмүүс оролцсон юм. Түүнчлэн тус дүүргийн жижиг,дунд үйлдвэрлэл эрхлэгчид санал бодлоо хуваалцаж, сонирхсон асуултдаа хариулт авсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Арвин Баянзүрх дүүрэгт Баялаг бүтээгчдийг дэмжих төвтэй болж буйг дуулгасан юм.

УИХ-ын гишүүн Д.Арвин: Ирэх оны нэгдүгээр сараас ашиглалтанд орох төвд үйлдвэрлэгчид түрээсгүй зогсох боломжтой.

Баялаг бүтээгчдээ дэмжинэ гэдэг нь тэдний үйлдвэрлэсэн хувцас, гутлыг өмсөж, тэдний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэнэ гэсэн үг. Нөгөө талаар өрхийн үйлдвэрлэл эрхэлнэ гэдэг хэцүү л дээ. Татварын орчин, зээлийн асуудалд төрийн бодлого хэрэгтэй. 

Тиймдээ ч Баянзүрх дүүргийн иргэд, баялаг бүтээгчдээ дэмжих үүднээс дүүргийн 11 дүгээр хороонд төсвийн хөрөнгө оруулалтаар 3 давхар төвтэй болсон. Ирэх оны нэгдүгээр сараас ашиглалтанд орох тус төвийн нэгдүгээр давхарт үйлдвэрлэгчдэд зориулсан талбайтай, тэнд хийсэн юмаа тавиад зарж борлуулах боломжтой. Ямар ч түрээс байхгүй. Харин хоёрдугаар давхарт оёдол, үсчин , гоо сайхны сургалттай, гуравдугаар давхарт төрийн бус байгууллагууд байх юм.

Үйлдвэрлэгчдэд зориулсан талбайтай, тэнд хийсэн юмаа тавиад зарж борлуулах боломжтой. Ямар ч түрээс байхгүй

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан: Хөдөлмөрийн яамны таван төслийг долоо болгон өргөжүүлж байгаа

2015 онд төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого гарсан. Тэгэхээр эдгээрийг хэрэгжүүлэхэд баялаг бүтээгчдэд ямар саад тотгор, зовлон бэрхшээл учирч байна вэ гэдгийг дүүргийн хэмжээнд нэг удаа яриад авах нь зүйтэй гэж үзэж байгаа. Нөгөө талаар зохих яамдууд буюу Хөдөлмөрийн яам, Аж үйлдвэрийн яам баялаг  бүтээгчдэд Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулахад ямар хэлбэрээр дэмжлэг тусламж үзүүлэх вэ гэдэг дээр анхаарах ёстой. Манай яам нийт Улаанбаатар хотын есөн дүүрэг болон, хөдөө орон нутагт хэрэгжиж байгаа Хөдөлмөрийн яамны таван төслийг долоо болгон өргөжүүлж байгаа.

Ингэснээр маш олон баялаг бүтээгчид, бичил бизнес эрхлэгчид энэ төслүүдэд хамрагдах боломж нь нээгдэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, бичил бизнес эрхлэгч хоёрын хооронд хууль эрх зүйн зааг ялгаа тодорхойгүй байгаа. Тиймээс манай яамны зүгээс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. 

Маш олон баялаг бүтээгчид, бичил бизнес эрхлэгчид энэ төслүүдэд хамрагдах боломж нь нээгдэж байгаа юм

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч, Хөдөлмөрийн сайдын зөвлөх Ч.Даваабаяр: Салбар  маань цаашдаа хөгжих маш их ирээдүй харагдаж байна

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны уулзалт зөвлөгөөн 21 аймгийн 80 гаруй суманд болсон. Орон нутгийн баялаг бүтээгчидтэй биечлэн уулзаж, санал бодлыг нь сонсож, цаашид хийх ажилдаа тусгахаар ажиллалаа. Оны босгон дээр нийслэлийн дүүргүүдэд зөвлөгөөнөө хийж байна. Өнөөдрийн Баянзүрх дүүрэг бол дөрөв дэхь нь болж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Баянгол дүүрэгт хийсэн бол Багахангай, Налайх дүүргүүдэд болсон. Өнөөдөр нийслэлийн хамгийн том дүүрэг болох Баянзүрх дүүрэгт зөвлөгөөн маань болж байна.

 Зөвлөгөөнд  дүүргээс сонгондсон УИХ-ын гишүүд, Дүүргийн Засаг дарга, Зээлийн батлан даалтын сан гэх мэт мэргэжлийн олон байгууллагуудын төлөөлөл ирж баялаг бүтээгчдийнхээ дуу хоолойг сонсож байна. Баялаг бүтээгчдийг дэмжих нь төрийн бодлого, энэ төрийн бодлогыг өнөөдөр хувийн хэвшил, Масс агентлаг, төрийн бус байгууллага, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, бүтэн жилийн хугацаанд нэлээн олон ажлыг хийлээ.

Энэ ажлын  дүнд баялаг бүтээгчид улс орны маань ямар чухал салбар болохыг монголчууддаа төдийгүй шийдвэр гаргах түвшиний хүмүүст харуулж чадлаа. Энэ чухал салбарыг манай Масс агентлагийн зүгээс бүтэн жилийн турш, дэмжиж сурталчилж, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ хийсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг уриаллаа. Тодорхой хэмжээнд төр засгийн шийдвэрүүд гарч эхэлж байна. Тиймээс энэ салбар цаашдаа хөгжих маш их ирээдүй харагдаж байна.