Хөгжлийн банкийг шалгасан ажлын хэсэгт улс төр орсон
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар
2015.12.18

Хөгжлийн банкийг шалгасан ажлын хэсэгт улс төр орсон

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатартай ярилцлаа.

Өн гөрөгч долоо хоногоос хойш УИХ-ын чуулган, Байнгын хороод ирц бүрдэхгүй байгаагаас асуудлаа хэлэлцэж чадахгүй байна. МАН-ын бүлгийнхэн Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахгүй бол цаашид ямар ч хуралдаанд оролцохгүй гээд мэдэгдчихсэн байгаа. Их хурлын үйл ажиллагаа ингээд гацаад байх юм уу?

-УИХ өнөөдөр ч гэсэн ажлаа хийж байгаа. Хэлэлцэж шийдвэрлэх асуудал маш их байгаа нь үнэн. Гэсэн ч ганцхан асуудлаас болоод сүүлийн хоёр долоо хоног бүх асуудал гацаанд орсон нь ч бас үнэн. Шалтгаан нь МАН тэргүүтэй бусад намууд зөвхөн Сонгуулийн хуулийг хэлэлцэх ёстой. Сонгуулийн хууль бол ард түмний хүсэн хүлээж байгаа ганц хууль. Бусад хууль хамаагүй. Үүнийг л шийдэж өгөхгүй бол УИХ- ын чуулган болон Байнгын хороодын хуралдаанд суухгүй гээд байгаа юм.

УИХ-ын болон Дэгийн тухай хуулиар албан ёсоор завсарлага авдаг атал Ардын намынхан хууль журмынхаа хүрээнд завсарлагаа авахгүй байна. Бүлгийнх нь дэд дарга эсхүл намынх нь нэг гишүүн нь орж ирчихээд завсарлага авсан болоод гараад явдаг. Үнэндээ бол тэд ажлаа хийхгүй хаяж алга болоод байгаа юм. Өнөөдөр (өчигдөр) Ерөнхийлөгчтэй уулзахад хүртэл энэ асуудал яригдсан. Төрийн тэргүүний зүгээс  ямар шалтгааны улмаас ийм асуудал үүсээд байгаа талаар намын төлөөллүүдээс асуусан.

Сонгуулийн хууль бол тийм ч чухал хууль биш байна. Учир нь УИХ байгуулагдсан цагаасаа хойш сонгууль болгоноор эрх барьж буй нам өөрсдөдөө зориулсан хууль гаргадаг гэсэн байнгын шүүмжлэл явж байгаа. Одоо мөрдөгдөж байгаа Сонгуулийн тухай хууль чинь 2012 онд МАН-ыг олонхи байхад батлагдсан хууль. Энэ хуулийг бид гаргаагүй. Өөрсдийнх нь батлан гаргасан хуулиар нь сонгуульд оролцож АН олон суудалтай нам болсон. Түүнээс биш бид энэ хуулийг гаргаагүй. Сонгуулийн санал хураалтыг тоолох системийг боловсронгуй болгох асуудлыг манай нам шийдээгүй. Одоо бол тэдний гаргасан хуулиар л явж байгаа.

Үүнээс илүү түвэгтэй зайлшгүй шийдэх ёстой асуудал бидний өмнө байна. Тиймээс бусад асуудлуудаа шийдье гээд Байнгын хорооны хуралдаанаар оруулах гэхээр ганцхан Сонгуулийн хуулийг өөрчлөх ёстой гэдэг асуудлаас болж бүх зүйлийг гацаачихаад байна л даа. Энэ бол цэвэр Ардын намаас гарч байгаа араншин. Ард түмэн үүнийг мэдэж байгаа байлгүй. Зөвхөн Сонгуулийн тухай хууль хэрэгтэй. Бусад хууль хэрэггүй гэж байгаа бол харин манайхан тэгж бодохгүй байна. Үүнээс чухал эдийн засгийг сэргээх, санхүүжилтийн эх үүсвэрүүдийг бий болгох гээд маш олон чухал хуулиуд бий. Ардын намынхан энэ асуудал чинь 10, 20 дугаар асуудал гэдэг. Харин Сонгуулийн хууль бол гучдугаар асуудал байхгүй юу.

•Өнөөдөр иргэдийн дунд бухимдал, хүлээлт үүсгээд байгаа асуудал бол яах аргагүй ипотекийн зээлийн асуудал. Найман хувийн зээл зогссоноос хойш иргэдийн бухимдал эрс нэмэгдэж, бид яахаараа найман хувийн зээлээр орон сууцанд орж болдоггүй юм гэж байна. Танайхны зүгээс хуулийн төсөл өргөн барих гэж байгаа гэсэн. Тэр юу болж байна вэ?

-2012 оноос хойших энэ Их хурал нэлээд хэдэн чухал хууль гаргасны нэг нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийг баталсан явдал. Уг хууль бол ард иргэдэд хэрэгтэй цаг үеэ олсон хууль болж чадсан. Харамсалтай нь иргэд Цэцэд гомдол гаргасны дагуу ҮХЦ шийдвэрээ гаргасан. Тиймээс нэг талын төлөөлөл болсон банк санхүүгийн байгууллагууд моргейж гэлтгүй цалингийн зээлээс бусад бүх зээлээ зогсоосон. Тэгэхээр энэ бол нэг талын шийдвэр биш. Олон талын шийдвэр гэсэн үг. Энэ нь үнэхээр олны анхаарлын төвд орсон асуудал болчихлоо.

Цэц нэгэнт Их суудлаараа эцсийн шийдвэрээ гаргачихсан тул шинэ хууль эрх зүйн орчин зайлшгүй хэрэг болсон. Шинэ хуулийн төсөл өргөн барихаар гишүүд ажиллаж байна. Шинэ хууль баталж байж энэ гацаанаас гарна. Үүн дээр улс төр орчихоод байгаа гэхээс өөр арга байхгүй. Улс төр орох шалтгаан ч бас байсан. Үндсэн хуулийн Цэцэд хандсан иргэдийн нэр хаяг ч тодорхой болсон. Улс төрийн өнцгөөс асуудалд хандсан зүйл бий. Тиймээс л энэ маргаан үүсчихээд байгаа л даа.

-Шинэ хуулийн төслөө хэзээ өргөн барих вэ. Иргэдийн хувьд урьдчилгаа мөнгөө өгчихөөд байрандаа орж чадахгүй нөхцөл байдал үүсчихээд байна. Ард түмэн даруйхан шийдэх ёстой гээд байна л даа?

-АН-ын бүлэг болон “Шударга ёс” эвслийн бүлэг хамтран богино хугацаанд энэ асуудлыг нэг талд нь гаргаж шийдэх ёстой гэсэн мэдэгдэл хийсэн. Тэр ч утгаараа АжлЫн хэсэг байгуулан ажиллаж байгаа. Өнөөдрийн нөхцөл байдалд МАН бүх асуудлыг гацааж байгаа учраас энэ асуудлууд тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа нь үнэн.

. -Бүлгийн даргын хувиар сөрөг хүчний Бүлгийн даргатай уулзав уу. Гацаанд байгаа асуудлуудаа шийдээд явъя гэдгээ ярилцсан уу. МАН ард түмэн гэж хамгийн их ярьдаг улс төрийн хүчин шүү дээ?

-Ардын намынхан “Ард түмэн ингэж хүсч байна’’, “Ард түмэн тэгэхийг шаардаж байна” гэдэг. Сонгуулийн хууль сонгогчдод зориулсан хууль болохоос сонгуульд оролцох аль нэг намын хууль биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Одоо бол сонгуульд оролцох гэж буй намууд өөрсдөдөө хэрэгтэй хуулийн өөрчлөлтийг хүсээд байна. Тиймээс л ойлголцлын зөрүү гараад байгаа. Миний хувьд АН- ын бүлгийн даргын хувиар МАН-ын бүлэгтэй тодорхой хэмжээнд ажиллаж байгаа л даа. Маргаан дагуулаад буй Сонгуулийн хуулийн асуудлаар гурван ч удаа уулзсан. Аль аль талаасаа буулт хийчих ямар хувилбар байна. Өргөн баригдсан гурван хуулийн төсөл дээр суурилсан ямар өөрчлөлтүүдийг хийж болох вэ, ямар өөрчлөлт оруулах вэ гэдэг дээр санал солилцоод явж байгаа.

 -Тэгээд юун дээр гацаад байгаа юм бэ?

-Санал тоолдог хар машинаа боль. Мажоритар системээр сонгуулиа явуул гэдэг шаардлагуудыг нь хүлээж авах ямар ч боломж байхгүй.

Хэрэв үүнийг хүлээгээд авчихвал Монгол Улс ухралт хийсэн болно. Тухайлбал, Ланд 200 гэдэг машин өнөөдөр хэрэгцээ болсон байгаа үед наадахаа болиод УАЗ 469 машинаа эргээд уна гэдэгтэй утга нэг болчихоод байна.

-Хяналтын тооллогыг нь хийлгээд явчихаж болохгүй байгаа юм уу?

-Өнөөдөр мөрдөгдөж байгаа Сонгуулийн хуульд хяналтын тооллого хийх боломж нь нээлттэй байгаа. Хар машинаар саналаа өгдгөөрөө өгч хяналтын тооллогоо шодоод хийх эрх нь байгаа шүү дээ. Үүгээрээ явъя гээд байхад заавал өөрсдөдөө зориулсан хуулийг гаргахаар зүтгээд байгааг АН хүлээж авахгүй. АН-ын хувьд өөрсдөдөө зориулсан Сонгуулийн хууль хэзээ ч гаргаж байгаагүй. Өмнө нь гаргасан хууль дээр нь ажиллаад тэр хуулиар нь явъя гэж байна.

-Хөгжлийн банкны бондын зарцуулалтын асуудал сөхөгдөж, Ажлын хэсгийн зарим гишүүн мэдээлэл хийсэн. Ажлын хэсэг дахин хуралдана гэсэн ч ахлагч .Л .Энх-Амгалан гишүүн орон нутагт яваа гээд хуралдаж чадахгүй байсаар байлаа. Энэ хэзээ нэг тийшээ болох вэ. Улс төр хэтэрхий их орчихлоо гэж харагдах юм?

-Хөгжлийн банкийг шалгасан ажлын хэсэгт улс төр орсон. Түүнээс болоод Монгол Улсын гадаад зах зээл дээрх нэр хүнд эдийн засаг хүнд байгаа энэ үед санхүүгийн байгууллагуудын үнэлэмж улам муудсан. Энэ ажлын хэсгийн хийсэн ажлын үр дүнг Эдийн засгийн байнгын хороогоор заавал хэлэлцэх ёстой. Тэр утгаараа бид шаардаж л байна. МАН- ынхан Ардчилсан намынхнаас болсон гэдэг тайлбар хийж, дутуу мэдээлэл ард түмэнд өгч шуугиан тарьчихаад өөрсдөө алга болсон. Өчигдөр (уржигдар) ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалантай уулзсан. Л.Энх-Амгалан гишүүн нэгдүгээр сарын 10-ны үед энэ асуудлаа шийдье гэсэн. Ардын намын гишүүдийн зүгээс орон нутагт ажиллах шаардлага байгаа тул уг асуудлыг хэлэлцэхээ хойшлуулъя гэсэн. Ер нь бол аливаа асуудал хойшлох тусмаа хүмүүсийн хардлагад өртдөг.

МАН-ынхан хэвлэлийн хурал зарлаж сэтгүүлчдэд өгсөн мэдээлэл, санал дүгнэлт буруу байсан гэдгийг бид нотолсон. Аудитын зүгээс бидэнд “Ажлын хэсгийн дүгнэлт буруу” гэдэг албан бичгээ ирүүлсэн. Сангийн яамны ажлын хэсгийн дүгнэлт гэдэг зүйл байхгүй гэдгийг Сангийн яам албан ёсоор ирүүлсэн. Энэ бичгүүдийг Л .Энх-Амгалан гишүүнд албан ёсоор өгсөн. Эдгээр зүйлсийг ажлын хэсгийн дүгнэлтдээ оруулаач ээ, дэд ажлын хэсгийнхний ажилласан санал дүгнэлтийг үнэн зөвөөр нь оруулж ирээч ээ гэдгийг хэлсэн. Энэ асуудал шийдэгдэх байх.

-Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан гишүүн өөрөө юу гэж байх юм?

-Л.Энх-Амгалан гишүүн “Материалтай танилцъя. Үнэхээр бидэнд алдаа байсан бол түүнийг залруулъя” гэдэг зүйлийг хэлсэн. Хөгжлийн банкны асуудал дээр цэвэр улс төр явуулсан гэдгийг бүх хүн мэдэж байгаа. Үүнээс болж Монгол Улсад нэлээд их хохирол учирч байгааг мэдэж байгаа байлгүй. Ардын намынхан Ардчилсан намыг муулах тусам өнгө ороод байна л даа. Энэн дээрээ ч тэр хүмүүс дүгнэлт хийх байх. 90 гаруй жил Монгол Улсыг жолоодон авч явж өдий зэрэгтэй болгосон гэж ярьдаг хүмүүс Ардчилсан нам дөрвөн жил засаг барихдаа юу хийсэн бэ гэдэгтэй харьцуулаад үзэхэд газар, тэнгэр шиг ялгаа гарна гэдэг нь өдөр ирэх бүр мэдрэгдэж байна. Тиймээс тэр хүмүүс хэлж, ярьж, улстөржүүлж байгаа асуудлууд дээрээ дүгнэлт хийх цаг нь болсон.

-Сүүлийн үед ямар ч асуудал хэлэлцсэн улс төрийн өнгө аясаар шийдэх гээд эсхүл гацаанд орчихоод байна. Энэ нь магадгүй сонгууль ойртсоны дохио юм болов уу. Энэ удаагийн сонгууль арай л эрт эхэлж байгаа юм биш үү?

-МАН-ын Бага хурал өнгөрөгч долоо хоногт хуралдаад албан ёсоор сонгуулийн бэлтгэл ажилдаа орсон гэдгээ зарлачихлаа. Хуулийн хүрээнд ярих юм бол энэ харин арай өөр асуудал. Өөрсдийгөө улс төрийн тулхтай, боловсон хүчинтэй гэж ярьдаг нам юу ярьж хэлж байгаагаа мэдэж байгаа байлгүй. “Бид сонгуулийн ажилдаа албан ёсоор орлоо” гэдгээ зарласан. Бусад улс төрийн хүчнүүд Ардын нам шиг юу юугүй зарласан юм алга. Манай намын хувьд хуулийн хүрээнд сонгуулийн ажлаа явуулна. Өнгөрсөн хугацааны мөрийн хөтөлбөрөө дүгнээд дараагийн мөрийн хөтөлбөрөө боловсруулна.

Өнгөрөгч долоо хоногт Халзанбүргэдэй- Солонготын давааны чиглэлийн 100 км замын нээлт боллоо. Аймгийн төвүүдийг нийслэлтэй автозамаар холбох ажил улам л дөхөж байна гэж ойлгож болох уу?

-Халзанбүргэдэй- Солонготын давааны замын ажил бүр улиг болчихсон. Маш олон жил үүн дээр улстөржсөн. Өнгөрөгч долоо хоногт ашиглалтад өглөө. Ямар зам болсныг тэр замаар явсан хүмүүс болон хяналт тавьсан байгууллагынхан тодорхойлох байх. Миний хувьд ганцхан Халзанбүргэдэйн замын нээлтэд оролцоод ирсэн юм биш. Архангай аймагт хийгдсэн Гудамж төслийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд орсон. Энэ бол Ардчилсан намын үед хийгдэж буй ажлуудын үр дүн харагдаж байна гэхэд болно. Ад болон шүүмжлүүлж, дайрч давшлуулаад байгаа бондын хөрөнгө оруулалтууд ямар үр дүнд хүрч байна вэ гэдэг нь тэндээс харагдаж байна. Иргэд ямар их сэтгэл ханамжтай байгаа нь тэндээс ажиглагдсан. Харин шүүмжилж байгаа хүмүүс болон сөрөг хүчнийхэнд хэцүү байгаа байх.

-Яагаад хэцүү гэж?

-Ажил хийх чадвартай хүмүүс нь ажлаа хийж, амаараа өөнтөглөдөг хүмүүс нь амаараа гаргууд байдаг юм байна гэдгийн ялгаа харагдаж байгаа юм. Нэг хэсэг нь ажил хийж байгаа бол нөгөө хэсэг нь хий хоосон сүржигнэдэг юм байна гэдгийн ялгааг эндээс тов тодорхой харж болно. Дахиад хэлье. Ардын намынхан Ардчилсан намынхныг муулах тусам өнгө орно. Зэс эдлэлийг өнгөлөөд байх тусам гялалздаг шиг янз бүрээр муу хэлээд давшлаад байх тусам хэн юу хийсэн бэ гэдэг нь тодрон харагдаж байна. Яг үнэндээ үүн дээр хэлэх үг байхгүй болчихсон. Сонгууль ойртох тусам энэ байдал улам нэмэгдэнэ.

-Маргааш (өнөөдөр) чуулганы ирц бүрдэж асуудлуудаа шийдээд явах болов уу. МАН-ынхан байхгүй байлаа гээд бусад нь чуулгандаа сууж болохгүй юм уу?

-Бид ирц бүрдүүлж ажлаа явуулахын төлөө ажиллаж байгаа. Ардчилсан намын болон “Шударга ёс” бүлгийн гишүүд цагтаа ирж байна. Ардын намтай намгүй чуулганы ажил явах боломж бий. Тиймээс Улсын их хурлын гишүүн гэдэг эрхэм нэрийг ард иргэдээсээ авсан энэ хүмүүс цагаа бариад явчих юм бол Ардын намтай намгүй болчихно.