Хар машин “но”-гүй гэдгийг сэтгүүлчидтэй хамт баталлаа
УИХ дахь Ардчилсан намын бүлэг
2015.12.14

Хар машин “но”-гүй гэдгийг сэтгүүлчидтэй хамт баталлаа

УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд өнгөрсөн долоо хоногоос бүх асуудлаас завсарлага авч УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагыг тавиад байгаа. Түүнчлэн жагсаал зохион байгуулж, улс төрийн суулт зарлаад байгаа билээ.Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр Төрийн ордны “А” танхимд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийн асуудлыг ярилцсан байна. Улмаар уг асуудлыг хэлэлцээд “МАН-ын шаардлагыг хүлээн авах боломжгүй” хэмээн үзжээ. 

Мөн хуралдаанд Сонгуулийн ерөнхий хорооныхон санал тоолох машин саналын хуудсыг үнэн зөв тоолж чадаж байгаа эсэх асуудлаар мэдээлэл өгчээ. Үүний дараа тус хорооныхон санал тоолох машинаар туршилтын тооллого хийж, үзүүлэв. Туршилтад УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийг жишээ болгон, авлаа. Санал хураалтад нийт 20 хүн оролцсоноос Б.Бат-Эрдэнэд 17, Н.Ганбямбад 15, Хүдэр-Ян, Алтаннавч, Жаргал нарт тус бүр нэг санал өгсөн байсан бол хүчингүй долоон санал гарч ирлээ.

Санал тоолох машинаар уншиж гаргасан дээрхдүн гар тооллогын дүнтэй мөн таарч, будилаан байхгүй гэдгийг харууллаа. Энэхүү туршилтыг сэтгүүлчдэд нээлттэйгээр зохион байгуулсан бөгөөд сэтгүүлчид саналаа өглөө. Төрийн ордоны А танхимд болсон энэхүү сонгуулийн бичил санал хураалтад оролцсон сэтгүүлчид бүгд “МАН-д саналаа өгч үзье гэж” хэмээн тохиролцсон. Тиймээс ч бичил санал хураалтаар  МАН “тасархай” ялалтыг байгууллаа.

Дашрамд дуулгахад, Сонгуулийн ерөнхий хорооныхон санал тоолох машинаа бүх нам эвслийн бүлэгт танилцуулах бөгөөд парламентад суудалгүй намуудад ч санал тоолох машинаа танилцуулж, туршилт хийж үзүүлэх юм байна.