Талбай дээр болсон цуглаанд 90 мянга орчим хүн оролцсоны 80 хувь нь оюутнууд байсан
2015.12.08

Талбай дээр болсон цуглаанд 90 мянга орчим хүн оролцсоны 80 хувь нь оюутнууд байсан

Тэртээ 1989 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр алс баруун хязгаарын Ховд аймагт Ардчилсан хувьсгалын анхны цуглаан болсон.

Энэ үеэр Ховдын багшийн дээд сургуулийн багш оюутнууд оролцож МАХН- ын Төв Хорооны Улс төрийн товчоог огцрохыг анх удаа шаардсан түүхтэй. Ардчилсан хувьсгалыг ялалтад хүргэх гол хүч нь оюутнууд байсан юм. 1989 оны өвөл Сүхбаатарын талбай дээр болсон цуглаанд 90 мянга орчим хүн оролцсон гэж үздэг. Тэдний 80 хувь нь оюутнууд байсан гэдэг. Жагсаал цуглаан хийх, олон нийтийг уриалан дуудахад оюутнууд хэнээс ч илүү том хүч болж байсан. Эх орондоо байгаа оюутнууд төдийгүй гадаадад суралцдаг оюутнууд ч энэхүү тэмцэлд гар бие оролцож, сэтгэл зүрхээрээ хамт байсан юм.

Олон сургуулийн оюутан залуус нэгдэн нийлж анхны эвслээ МУИС-ийн хичээлийн II байранд байгуулж байжээ. 1989 оны Ардчилсан хувьсгалд манлайлж оролцож явсан оюутны төлөөлөл өчигдөр үе үеийн оюутан залууст Ардчиллын үйл хэрэгт оюутнуудын оролцоо өндөр байсныг дурсан сануулах самбарыг анх эвсэж нэгдсэн байрандаа хадаж мөнхжүүллээ.

Самбар хадах ёслолд тухайн үеийн Монголын Оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид болон Монголын Ардчилсан холбоо, Монголын Ардчилсан Социалист Хөдөлгөөн, Шинэ Дэвшилт холбоо, Монголын Оюутны холбооны төлөөлөл болон тухайн үеийн МУИС-ийн XX зуун оюутны чөлөөт нэгдлийн гишүүд, Ховдын багшийн дээд сургуулийн оюутнууд, Хөдөө аж ахуйн дээд сургуулийн “Оюутны чөлөөт эв нэгдэл”-ийн гишүүд, Гадаадад суралцагч монгол оюутны холбооны гишүүд, Техникумуудын оюутны холбооны оюутнууд тус тус хүрэлцэн ирсэн байлаа. Самбар хадах ёслолын үеэр Ардчилсан хувьсгалын партизан оюутан ХААДС-ийн оюутан Ц.Гэрэл эрх чөлөөний одонгоор шагнуулсан юм. Шагналыг УИХ-ын гишүүн Л.Болд гардуулж байв.

МОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Л.Болд:

Өнөөдөр (өчигдөр) буюу арванхоёрдугаар сарын 7-ны өдөр бол Монголд хамгийн анх  улс төрийн цуглааныг Ховдын их сургуулийн оюутнууд зохион байгуулсан ийм сайхан дурсгалт өдөр. Энэ жил бид ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тэмдэглэж байгаа. Монголын ардчиллын нэгэн гэрэлт хуудас 1990 оны гуравдугаар сарын 3-ны өдөр энэ байранд Монголын оюутны холбооны санаачлагаар ардчилсан дөрвөн хүчний анхны уулзалт зөвлөгөөн зохион байгуулагдаж Монголд ардчилсан хүчний эвсэл  байгуулагдсан.

Энэ нь зөвхөн Монголын ардчилсан хүчин эвлэлдэн нэгдсэн үйл явдал биш. Монголын ард түмэн эвлэлдэн нэгдсэн ийм чухал үйл явдал юм.

Өнөөдөр оюутнуудын хувьд сурч хөдөлмөрлөхдөө өөрийгөө бэлдэж эх орныхоо ирээдүйг авч явах тэр хариуцлагатай ажилдаа бэлдэх ийм л цаг үе. Хувьсгал бол 1990 ондоо болсон. Энэ нийгэм үнэхээр болохоо байчихаагүй бол дахин хувьсгал гарах шаардлага байхгүй байх. Нийгмээ өөрчлөхийн төлөө, энэ нийгэмээ авч явахын төлөө, шударга, чадвартай сайн боловсон хүчин болохын төлөө манай оюутнууд цаашдаа эрмэлзэх ёстой. Энэ бол тэдний нэн тэргүүний үүрэг. Энэ үүргээ манай оюутнууд сайн биелүүлж байна гэж боддог” гэлээ.

1990 оны гуравдугаар сарын эхээр ардчилсан хүчнүүд дахин сүрт жагсаал хийж, залгуулаад МоАХ-ын зүтгэлтнүүд Улстөрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардан өлсгөлөн зарласан үед оюутнууд том хүч болон оролцсон юм. Энэ бол Монголд ардчилал ялах уу, ялагдах уу гэдгийг шийдэх эгзэгтэй мөч байсан. Талбайд жагсаж цугласан хүмүүс залхаж, зарим нь  айсандаа эхнээсээ тарж эхлэх үед Хөдөө аж ахуйн дээд сургуулийн оюутнуудын жагсаал Энхтайваны гүүр даван орж ирснээр нөхцөл байдлыг эргүүлж байжээ.

Үүний дараа бусад сургуулийн оюутнуудын жагсаал ч мөн Сүхбаатарын талбайг бүчиж, цөхөрч байсан тэмцэгчид, олон түмэнд эрч хүч, итгэл найдвар өгч байсан юм. Монголын оюутан залуусын хүссэн их өөрчлөлтийг ахмад үеийнхэн нь хүлээн зөвшөөрч туршлага, сургамж ухаанаа харамгүй нэмж оролцсон энэ шийдэл нь дэлхийн түүхэнд ч тодоор дуурсагдах үйл явдал болж үлдсэнийг түүх мартах учиргүй гэдгийг тухайн үед жагсаж тэмцэж явсан оюутнуудын төлөөлөл хэлж байлаа.

1990 оны ардчилсан хувьсгалд оролцож явсан оюутнууд ингэж ярьж байна. Монголын Оюутны холбооноос Олон улсын оюутны холбоонд суух төлөөлөгч  асан Д.Жаргалсайхан “25 жилийн өмнө болсон энэ  үйл явдлыг юу гэж харж байна гэхээр аливаа нэгэн  томоохон хувьсгал залуучууд, оюутнуудгүйгээр явагддаггүй.

Энийг эхлүүлсэн хүмүүс энд өчигдөр цугларсан юм шиг буцаад ирсэн байгаа нь сайхан байна. Ер нь бол ийм дэмжлэг байсан учраас өнөөдөр 25 жилийн дараа Монгол Улс ардчилсан орон болсон байна. Алдаж онож яваа ч гэсэн урагшаа явж байгаа. Хүний эрхийг хамгаалдаг, ардчилсан зах зээлийн төлөө бид ахиад урагшаагаа явж байгааг харахад маш таатай байна” гэв.

1989 оны Ховдын цуглааныг зохион байгуулагч Д.Бат-Эрдэнэ “Өнөөдөр  арван хоёрдугаар сарын 7-ны  өдөр. Монголд цоо шинэ гэж болох анхны улс төрийн цуглаан жагсаал болсон өдөр. Энэ өдөр нийслэл Улаанбаатар хотоос 1400 км алсад байгаа Ховд хотод алдарт Ард Аюушийн талбай дээрээс Ховдын багшийн дээдийн оюутан, багш нар Монголын улс төрийн тогтолцоог өөрчлөхийг шаардаж анхны цуглааныг зохион байгуулж байсан. 400- гаад оюутан, багш нар МАХН- ын улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж, өргөх бичиг барьж байсан түүхэн өдөр. Надад одоог болтол арванхоёрдугаар сарын 7-ны өдөр цуглаанд оролцсон хүмүүсийн бүх материал байдаг. Энэхүү цуглаан жагсаалын гэрч болж оролцсондоо их баяртай байдаг. Өнөөдөр Улаанбаатар хотод МУИС-ын II байранд оюутны анхны үйл ажиллагааг эхэлсэн өдрийг дурсаж, эргэн уулзаж байгаадаа их баяртай байна. Анх 1989 оны арванхоёрдугаар сарын улс төрийн цуглаанд оролцсон, 1990 оны хувьсгалыг хийлцсэн Монголынхоо өнцөг булан бүрт байгаа нийт оюутан залуус, найз нөхөд, бүх хүмүүст энэ өдрийн баярын мэндийг хүргэе” хэмээсэн юм.

МУИС-ийн XX зуун оюутны чөлөөт нэгдлийн гишүүн Д.Рэнцэнтавхай “МУИС бол ардчиллын бүх үйл ажиллагаа өрнөж байсан газар. Угаасаа оюутан залуучууд цугласан газар ардчиллын үр хөврөл бүрддэг юм байна. Ийм сайхан үйл явдалд найз нөхөдтэйгөө нийлж гар бие оролцож байсандаа баяртай, бахархалтай байдаг. МУИС- ын II байр бол ардчиллын үйл явц, бүхэл хөдөлгөөнүүд үүсэж байсан газар. Ховдын оюутны анхны цуглаан болсон өдөр энэ самбараа нээж байгаад баяртай байна. Хамгийн гол нь энэ самбарыг хараад оюутан залуучууд сайхан үйл явдал болсон газар суралцаж байгаадаа бахархалтай байх болно гэж бодож байна. Монголын оюутан залуучууд нийгэм улс төрийнхөө амьдралд идэвхтэй оролцож, 1990 оны төр оюутнуудын дуу хоолойг үргэлжлүүлж явна гэдэгт найдаж байна” хэмээв.

Гадаадад суралцагч Монгол оюутны холбооны ерөнхийлөгч асан Б.Болдбаатар “1990 оны ардчилсан хувьсгалын үед Монголын оюутнууд тэр дундаа гадаадад сурч байсан оюутнууд бид их үүрэг оролцоотой байсан гэж боддог. Тухайн үед гадаадад сурч байсан манай ардчилсан хүчний анхдагч Баабар, Одоогийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга нар болон олон оюутан байдаг. Эх орноосоо хол хилийн чанадад амьдарч байгаа хүмүүс чинь хөгжлийнхөө түвшинг харьцуулж хардаг юм байна. Арай илүү мэдээлэл авдаг байсан. Тэр утгаараа “Монгол Улсыг яаж хөгжүүлэх вэ” гэх сэдвийг тухай үеийн оюутнууд байнга л ярьж явдаг байсан. Энэ сэдэв маань цааш үргэлжилж явсаар ардчилсан хувьсгал гарахад нөлөөлөх том хүчин зүйл болсон гэж боддог. Тэр үеийн бүх оюутнууд Монгол Улсаа хөгжүүлэхийн төлөө өөрийнхөө бүхий л бодол санааг хуваалцаж, сэтгэл зүрхээрээ хамт байсан ийм л үе. Өнөөдөр Монголын оюутны холбооны анхдагч байсан Цэнгүүн, Содхүү, МОХ- ны анхны ерөнхий нарийн бичгийн дарга Л.Болд, анхны ерөнхийлөгч М.Зоригт гэх хүмүүс олон нийтэд танил болсон нь өөрсдийн итгэл үнэмшлээрээ олсон зүйл” гэж онцолсон юм.

Монголын Оюутнууд ардчиллын ялалтанд чухал үүрэг гүйцэтгэж, тэмцэлд оролцож байсныг дурсах түүхэн самбар МУИС-ийн II байранд ийн мөнхөрчээ.