“Хархорум-795” эрдэм шинжилгээний хурал боллоо
Улсын Их Хурлын гишүүн, Хархорум хотын 795 жилийн ойн комиссын дарга Я.Содбаатар
2015.12.07

“Хархорум-795” эрдэм шинжилгээний хурал боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Хархорум хотын 795 жилийн ойд зориулсан “Хархорум-795” эрдэм шинжилгээний бага хурал өнгөрсөн баасан гарагт Төрийн ордонд боллоо.  Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж Улсын Их Хурлын гишүүн, Хархорум хотын 795 жилийн ойн комиссын дарга Я.Содбаатар үг хэлсэн.  

Тэрбээр “Тэртээх XIII зуунаас дэлхийн нийслэл, улс төр, соёл, эдийн засаг, гадаад харилцаа шашны төв гэгдэж ирсэн Их Монгол Улсын нийслэл Хархорум хотыг эзэн Чингис хааны зарлигаар Хархорум хот байгуулагдсны 795 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутгийн зөвлөлийн хамт олны санаачилгаар “Хархорум 795” эрдэм шинжилгээний хурлыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, БСШУЯ, ШУА, Хархорин сумын ИТХ, ЗДТГ хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаад баяртай байна.

Мөн энэхүү эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирж эрдэм судлалаа танилцуулж, олон сонирхолтой судалгаа, итгэл хэлэлцүүлж байгаа эрдэмтэн судлаачид та бүхэндээ талархал илэрхийлье. Эрдэмтэн судлаачид та бүхний үнэтэй санал, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааг бид бүхэн дараа дараагийн олон ажлынхаа үндэс болгож ажиллана” хэмээсэн юм.  Мөн эрдэм шинжилгээний хуралд  Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан,  Г.Батхүү тэргүүтэй төрийн түшээд оролцож, үг хэлсэн юм.  

Эрдэм шинжилгээний бага хурал хоёр хэсгээс бүрдэж байгаа бөгөөд үдээс өмнөх буюу нэгдүгээр хэсгийн хуралдаанаар “Эртний нийслэл Хархорум хотын түүх, соёл, археологийн дурсгал, хамгаалалтын асуудал” сэдвийн хүрээнд илтгэлүүд тавигдсан. Хархорум хот дэлхийн нийслэл байсан, нэр нь ямар учиртай вэ гэх зэргээс авахуулаад эртний нийслэлтэй холбоотой бүхий л судалгаа, шинжилгээний талаарх илтгэлүүдийг олон эрдэмтэд тавьсан юм. 

Тэгвэл үдээс хойших буюу хоёрдугаар хэсгийн хуралдаанаар “Хархорин хотын нийгэм, эдийн засаг, хэтийн хөгжлийн асуудал” сэдвийн хүрээнд хуралдаан үргэлжилсэн.  Хархорин сумын Засаг дарга Л.Энхбат ирээдүйд сум, орон нутгаа хэрхэн хөгжүүлэхээр төлөвлөж байгаа талаараа хуралд оролцогчдод танилцуулсан. Тэрбээр Хархорин сумыг аялал жуулчлал, тариалангийн чиглэлээр түлхүү хөгжүүлэх зорилготой байгаагаа хэлж байсан юм. Мөн олон эрдэмтэд Хархорин руу нийслэлийг шилжүүлэх асуудлыг ч хөндөж тавьсан. Гэх мэтээр Хархорум хоттой холбоотой бүхий л асуудлыг цогцоор ярьж, уриалга гаргасан юм.