Ардчилсан нам хар машинд, бид ард түмэнд итгэж байгаа
Парламентаар сонгуулийн тухай дөрвөн өөр хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэхээр болоод байна. Эдгээр төслийн нэгийг санаачлан боловсруулсан УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүтэй ярилцлаа.
-Та бүхний санаачилсан хуулийн төсөл бусдаасаа юугаараа ялгаатай вэ. Яагаад заавал одоогийн байгаа холимог хувилбарын 28:48 гэсэн харьцааг 38:38 болгоё гэж байгаа юм бэ?
-Р.Бурмаа нарын гишүүдийн хувьд сонгуулийн шинэ хуулийн төсөл санаачилсан. Харин бусдынх нь боловсруулсан төсөл түүнд байгаа алдааг засч, нэмэлт өөрчлөлт оруулах төсөл юм. Гэхдээ зарчмын хувьд ялгаатай. Ерөнхийдөө гурван намын ярилцаж тохирсноор сонгуулийн холимог тогтолцоог дэмжинэ гэдэгт санал нэгдсэн.
Харин манай эвслийн бүлгийн хувьд 38 гишүүнийг намын нэрээр биш ард түмнээр эрэмбэлүүлье гэж байгаа юм. Ерөнхийдөө сонгуульд 10 гаруй нам оролцдог. Тэгэхээр 300-400 орчим нэр дэвшигчийн нэр гарна. Тэндээс нь 38 хүнийг гаргаад ирэг. Тэр нь намд өгч байгаа квот болно. Тэгэхгүй бол одоо намын нэрийг сонгож, нам нь нэр дэвшигчээ сонгодог байсан. Энэ нь ард түмэн шууд сонгодоггүй гэх асуудал гарсан. Энэ нөхцөл байдлыг өөрчилье гэсэн зарчмын ялгаа байгаа.
-Намын нэрийн жагсаалтаар одоо 28 гишүүн сонгогддогийг 10-аар нэмэх гэж байгаа нь ямар шалтгаантай юм бэ?
-Уг нь 76 болгочихмоор байна. Тэгвэл ашигтай. 76 хүнийг шууд эрэмбэлчихвэл илүү амар. Үндсэн хуульд угаасаа сонгох, сонгогдох эрхтэй гэсэн зарчим бий. Сонгох гэдэг Дархан, Эрдэнэтэд байгаа хүн төлөөллөө сонгох биш УИХ-д нэр дэвшиж байгаа хувь хүнийг сонгох юм. Ингэхдээ улс нэг тойрог болж улсын хэмжээнд сонгогдох ёстой гэж үзэж байгаа юм. Ерөнхийлөгч улсын хэмжээнд сонгогддог шүү дээ.
Түүнтэй адил 76 хүнийг улсын хэмжээнд сонгож болох юм. Гэхдээ 76 хүнийг ингэж сонгоё гэхээр тойрог эзэнгүйдэх хандлагатай гэсэн зүйл байгаа учраас УИХ-ын гишүүдийн 50 хувийг пропорционалиар, үлдсэн 50 хувийг нь 26 тойргоос мажоритараар сонгоё гэсэн заалтыг төсөлд тусгасан юм. Ингэхээр тойрог эзэнгүйдэхгүй. 38 гэсэн тоо өгчихье, тэндээс нэг, арав, эсвэл 38-д байгаа хүн ч сонгогдож болно. Ямар боловч улс даяараа 38 хүнийг гаргаад ирэх юм.
-Ингэхдээ намын нэр, хүний нэр хоёрыг давхар дугуйлах юм уу?
-Үгүй. Зөвхөн хүний нэрийг л дугуйлаад явах юм. Харин тэр нь намын авсан квот болох юм.
-Дараа нь нам дотроо хэнийг УИХ-ын гишүүн болгох вэ гэдгээ дахин эрэмбэлнэ гэсэн үг үү?
-Тэгэхгүй. Улс даяар 38 хүнийг эрэмбэлж гаргаад ирнэ. Одоогийн хуулиар бол эхний нэг, хоёрт жагсаж буй хүн 100 хувиар гишүүн болдог. Харин 28 дахь хүн гишүүн болж амждаггүй. Үүнийг л болиулах юм. Нам тус бүр 38 хүний нэрээ гаргаад сонголт хийлгэнэ. Нэгдүгээрт манай намын, аравдугаарт Ардын намын, 38 дугаарт Ардчилсан намын хүн ч орж болно шүү дээ. Хүнээр дамжуулж намынхаа суудлын тоог гаргана гэсэн үг.
-Санал тоолох хар машины дүнг хэдийд эцсийн гэж үзэх вэ гэсэн маргаан бий. Зарим төсөлд заавал гараар тоолно, эсвэл хяналтын тооллого хийнэ гэх зэргээр тусгасан. Харин та бүхэн ямар хувилбар дэвшүүлж байгаа вэ?
-Сумууд дээр тавих хар машиныг бид сканертай адилтгаж үзэж байгаа юм. Хамгийн гол нь түүнийг нэгтгэж буй систем нь асуудалтай учир хөндлөнгийн байгууллагаар программыг нь баталгаажуулъя гэж байгаа. Дээрээс нь манай бүлгийн гишүүдийн санаачилсан хуулийн төсөлд байгаа нэг ялгаа нь 25 жил болсон нам, дөнгөж байгуулагдаад нэг жил болсон нам яг нэг гараанаас гарах ёстой гэж үзсэн. УИХ-д 25 жил болсон нам 76 тэрбумыг цацаж магадгүй.
Ингэж мөнгөний сонгууль болгож, улсыг эдийн засгийн хувьд хүндрэлтэй байдалд оруулж магадгүй. Тэгэхээр бүх намд санхүүжилтийн дээд талын адил лимитийг тогтооно, түүнээс хэтэрвэл ард түмний саналыг мөнгөөр худалдаж авах гэж байна гэсэн үг. Иймд заасан лимитэд тааруулаад том, жижиг нам мөнгөө босгох ёстой гэж байгаа юм.
-Тэгээд намуудыг төрөөс санхүүжүүлэх юм уу?
-Үгүй, ард түмнээс хандиваа авчихна. Нэг нам гурван тэрбумд багтааж сонгууль явуулна гэвэл 10 намын мөнгийг 30 тэрбумд багтаана гэсэн үг. Тэр гурван тэрбумд намын, нэр дэвшигчийн сурталчилгааны мөнгө багтана. Ингэж бүх нам тэгш гараанаас явъя гэсэн саналыг тусгах шаардлагатай.
-Дээд тал нь яг хэдэн төгрөг гэж тооцож байгаа юм бэ?
-Хэлэлцүүлгийн явцад тодорхой жишиг гараад ирнэ. Намын ерөнхий санхүүжилт, нэр дэвшигчдийн мөнгө гэхээр гурав, дөрвөн тэрбумаас хэтрэхгүй гэж тооцож байгаа.
-Хар машины дүн эцсийнх байх уу, заавал гараар давхар тоолох юм уу?
-Хүндээ итгэх үү, хар машиндаа итгэх үү. Маргаж байна гэдэг чинь худлаа байна гэсэн үг. Иймд гараар тоолоод эцсийнх болгочихъё. Ардчилсан нам хар машиндаа, бид ард түмэндээ итгэж байгаа. Тэгэхээр хүнд найдах нь зөв гэж бодож байгаа.
-Сурталчилгааны хугацааг хасах, нэмэх тухайд төслүүдэд янз бүрийн саналыг тусгасан байсан шүү дээ. Энэ талаар та бүхний санаачилсан төсөлд юу гэж тусгасан бэ?
-Манай төсөлд 43 хоног гэж хугацааг нэмсэн байгаа. Эхний долоо хоногт нэр дэвшигчид бүртгүүлэх, мандатаа авах, сурталчилгаанд ажиллуулах хүнээ томилох, сониноо хэвлэх гээд техникийн ажилд зарцуулах шаардлагатай болдог. Дараа нь орон нутагт, хол аймагт нэг л удаа ажиллахад долоо хоног зарцуулдаг. Тэгэхээр сурталчилгааны хугацааг нэмэх нь зүйтэй гэж үзсэн.