Хүмүүсийн анхаарал сарнисан үед УИХ маргаантай тогтоол баталдаг жишиг тогтлоо
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү
2015.11.10

Хүмүүсийн анхаарал сарнисан үед УИХ маргаантай тогтоол баталдаг жишиг тогтлоо

Өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү тэргүүтэй ХХАА-н яам, Зам тээврийн яамны мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийнхнээс бүрдсэн ажлын хэсэг Дорнод аймгийн Чойбалсан хот болон Халхгол суманд ажиллаж ард иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонсоод ирсэн.

Сүүлийн үед Дорнод аймгийн Халхгол суманд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулахаар УИХ-ын 75 дугаар тогтоол батлагдсантай холбогдон улстөрчид болон нутгийн иргэдийн дунд ширүүхэн маргаан, тэмцэл өрнөөд байгаа. Нутгийн иргэдийн зүгээс “Бидэнтэй ганц удаа ч уулзаж санал хүсэлт сонсолгүйгээр газар нутгийг минь хятад, солонгосчуудад хэдэн арван жилээр өгч, хашуулах гэж байна” хэмээн УИХ-ын 75 дугаар тогтоолыг эрс эсэргүүцэж байгаа юм.

Харин О.Баасанхүү даргын хувьд асуудлыг газар дээр нь нягтлан үзэж, аль болохоор УИХ-ын тогтоолыг ард иргэдэд ойлгуулах, сурталчлах зорилготой явсан ч төдийлөн амжилтад хүрсэнгүй. Улаанбаатар орох замд О.Баасанхүү даргаас дараах ярилцлагыг авлаа.

-Энэ удаагийн ажлын хэсгийн гол зорилго нь мэдээж Халхгол суманд үүссэн нөхцөл байдалтай танилцах, дараа нь үндсэндээ 20 жил яригдаад хэрэгжихгүй байгаа “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн газрын тос тээвэрлэх засмал замын ажилтай газар дээр нь танилцах явдал байсан. Сүүлчийнхээс нь буюу газрын тос тээвэрлэх замын асуудлаас ярилцлагаа эхлэх үү? 

-Монгол Улсад газрын тос олборлодог хоёр компани байдгийн нэг нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” компани юм. Жаахан түүх сөхвөл “Петро Чайна Дачин Тамсаг“ нь Хятадын “Соко интернэйшнл ЛЛС” компаниас лицензийг нь худалдан авч Монголд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш арав гаруй жил болж байгаа. “Петрочайна Дачин Тамсаг”-ийн толгой компани болох CNPC нь БНХАУ-д тэргүүлдэг үндэсний хэмжээний газрын тосны корпораци шүү дээ.

“Петро Чайна Дачин Тамсаг” компани Монголд үйл ажиллагаагаа явуулж эхлэхдээ л Монголын Засгийн газартай “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-г 60:40 харьцаатай байгуулсан. Бид баялгийн эзэд нь мөртлөө Тамсагийн сав газрыг там болгож байгаа “Пето Чайна Дачин Тамсаг”-т түүхий тосныхоо 60 хувийг алдчихаад 40 хувийг авсан болоод сууж байна. Тэгтэл хятадуудын зүгээс бүтээгдэхүүн хуваах гэрээгээ цаашид ч үргэлжлүүлэн хийх төлөвлөгөө байгаагаа шулуухан мэдэгдэж байгаа.

Дорнод аймгийн нутаг дэвсгэрийн 30 хувийг буюу Тамсагийн сав газрыг бүхэлд нь бүтээгдэхүүн хуваагдах гэрээгээр гадны хөрөнгө оруулалттай дөрвөн компани эзэгнэж, нутгийн иргэдийг бухимдуулж, газар нутгийг нь цөлжүүлэн, гүний усыг шавхаж байгаагийн хамгийн том нь “Петро Чайна Дачин Тамсаг” юм. Өнөөдөр энэ компани газрын тос олборлож байгаа 19, 21 талбайнууд нийтдээ 119.2 сая тонн газрын тосны нөөцтэй бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийд 39-т ордог юм билээ. 

Тамсагийн цэнхэр хязгаар гэж дуунд гардаг байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ газарт өнөөдөр бидний ярьдгаар 560 орчим “Морин толгой” тасралтгүй ажиллаж түүхий газрын тос олборлож байгааг харлаа. 

Эрдэмтдийн тодорхойлж байгаагаар төв Азийн хялганат хээрийн хэв шинжийг бүрэн хангасан, тал хээрийн жинхэнэ экосистем бүхий Дорнод Монголын алдарт Мэнэнгийн талаар 40 орчим салаа зам үүсгэн түүхий газрын тос тээвэрлэж байгаа нь амьд амьтан, ялангуяа Цагаан зээрийн сүрэг тогтоход бэрх болж тоо толгой нь огцом хурдтай буурч байгааг нутгийн иргэд харамсан ярьж байна. Үнэхээр ч “Петро Чайна Дачин Тамсаг”-т өдрийн хоол идэхэд Цагаан зээрийн махтай хоол өгч байна лээ. Тэд Монголын газрын тосыг үнэгүй шахам шавхаж, газрын гүний усыг дуусгаж байгаадаа сэтгэл нь цадахгүй үнэгүй мах идэж, Цагаан зээрийг хядаад дуусгаж байгаа юм байна. 

-Өнгөрсөн наймдугаар сард та өөрийн биеэр “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн ажил байдалтай танилцаж, Монгол ажилчдаас ирүүлсэн гомдол саналтай газар дээр нь танилцаж байсан. Гурван сарын дараа ирэхэд байдал өөрчлөгдөж үү? 

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү

-Ямар ч байсан Тосон-Уул 19 дүгээр талбайгаас Баянхошуу боомт хүрэх 210.7 км засмал зам тавихаас 104 км-ийг нь барьж дуусгасан байна. Үлдсэн 100 км замыг хоёр хувааж Монголын компаниудаар гүйцэтгүүлэхээр болж, санхүүжилтийн асуудлаа шийдвэрлэж байгаа юм байна. Хамгийн гол нь Тамсагийн сав газрыг түүхий тосоор нялдаж, замаа тавихгүй удаашраад байсан асуудал нь Газрын тосны газраас эрх мэдлийг нь авсан хэрнээ Зам тээврийн яаманд эрх мэдэл шилжүүлж, хяналт тавьж чадахгүй байснаас ихээхэн цаг алджээ.

Харин Өргөдлийн байнгын хороо өнгөрсөн наймдугаар сараас хойш биечлэн хөөцөлдөж, шахаж шаардсаны хүчинд шинээр гэрээ байгуулагдаж, Зам тээврийн яам гүйцэтгэлд нь хяналт тавьж, хугацаатай үүрэг өгч ажилласны үр дүнд үлдсэн 100 гаруй км замаа 2016 оны аравдугаар сарын 31-нд хүлээлгэж өгнө гэдгээ алба хариуцсан хүмүүс нь тайлбарлалаа. Бидний зүгээс Тосон-Уул 19 дүгээр талбайгаас Баянхошуу боомт хүрэх 210.7 км замаас гадна, 21 дүгээр талбайг энэ замтай огтлолцуулах 68 км замыг бариулахаар гэрээ хийлгээд байна. Ямар ч байсан “Яст мэлхийн хурд”-аар ч гэсэн эхний үр дүн гарч л байна. 

-Дээрх замууд орон нутгийн хөгжилд дорвитой нөлөө үзүүлж чадах уу, ядаж энэ замыг жаахан сунгаад Халхгол сумтай холбож болохгүй юм уу? 

-Аймаг, орон нутгийн хөгжилд олигтой тус нэмэр үзүүлэхгүй юм байна гэж шууд дүгнэж болохгүй л дээ. Яг үнэндээ 20 жил худлаа ярьж, шаардсан болоод ажил хэрэг болгож чадахгүй байсан 210.7 км замыг үндсэндээ сүүлийн хоёр жилд л шийдлээ шүү дээ. Энэ замын эдийн засгийн үр дүнг байгаль экологид үзүүлэх нөлөөллөөр нь авч үзэх ёстой юм. Нөгөөтэйгүүр энэ зам бол улсын чанартай зам болно. Хятадууд гэрээнийхээ хугацаа дуусахаар энэ замыг Монгол Улсад хүлээлгэж өгнө. Яваандаа зүүн бүсийн хэвтээ чиглэлийн замтай холбогдох боломжтой.

Мөн Буйр нуурын аялал жуулчлалын бүс нутгийг хөгжүүлэхийн тулд үндсэндээ 60 км зам тавиад холбох нөхцөл бүрдсэн. Дорнод аймгийн төв Чойбалсан хоттой холбоё гэвэл 100 гаруй км замын асуудал яригдана. Ингэж чадвал Дорнодын иргэд Баянхошуу боомтоор БНХАУ руу гарах бас нэгэн гарц нээгдэх юм. Хамгийн гол нь хятадын компани өөрийн хөрөнгөөр энэ замыг барьж байгаа нь Монгол Улсын төсөв санхүү хүнд байгаа энэ үед тодорхой хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт гэж үзэж болох юм.

Хамгийн гол нь Мэнэнгийн тал, Тамсагийн хязгаарын байгаль экологид сайнаар нөлөөлнө. Энэ зам ашиглалтад бүрэн орсноор урьд нь дур зоргоороо гаргасан 40 салаа зам байхгүй болж, Мэнэнгийн талын дээгүүр манарч байсан шороон түйрэн, битүү тоос тортог арилна. 

-Тосон-Уул 19, болон Тамсагийн 21 дүгээр талбайн нийт нөөц нь аль хэр юм бол. Дээрх талбайнуудын нөөц нь шавхагдах дөхөж, Монголын Засгийн газарт буцаагаад өгчихсөн байсан 22 дугаар талбайд тендер зарлахаар дахин авах санаатай байгаагаа сая нэг дарга нь тайлбарлаж байсан. Энэ талаар та юу хэлэх вэ? 

- Тосон уул 19 дүгээр талбай 9639 ам.метр хайгуулын талбайтайгаас 650 ам.метр нь ашиглалтын талбай гэсэн. Газрын тосны баталгаат нөөц нь 179.1 сая тонн юм билээ. Харин Тамсагийн орд 21 дүгээр талбайн хувьд хайгуулын талбай нь 8062 ам.метр. 
Үүнээс 209.2 ам.метр ашиглалтын талбайтай, баталгаат нөөц нь 127.5 сая тонн гэж гарсан байна лээ.

“Петро Чайна Дачин Тамсаг” компанийн удирдлагууд солигдсонтой холбогдон манай Засгийн газарт эргүүлж өгчихөөд байсан Тамсагийн 22 дугаар талбайд тендер зарлангуут буцааж авах сонирхолтой байгаагаа сая нэг дарга нь ярьж байна. Тамсагийн 22 дугаар талбай бол 783 мянган га талбайн тухай ярьж байгаа хэрэг юм л даа. Энэ 783 мянган га-гийн 350 мянга нь Халхголын хөдөө аж ахуйн чөлөөт бүсийн газар нутагтай давхцаж таарчихаад байгаа юм. 

-Та бүхэн энэ удаагийн томилолтын хугацаанд Чойбалсан хотын болон, Халхгол сумын иргэдтэй уулзсан. Халхголд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулахыг нэлээн ширүүн эсэргүүцэж байна. Иргэдтэй уулзсан тэдгээр уулзалтаас танд ямар бодол үлдэв? 

-Ер нь Монголын төр, шийдвэр гаргагчид ард иргэдээсээ ихээхэн холдож, хөндийрөөд тасарчихсан юм байна. УИХ болон ялангуяа төр засгийн нэр хүнд Монголын алс хол, захын аймаг сумдын иргэдийн дунд уначихжээ. Одоо ямар ч шийдвэр гаргасан “Та нарт итгэхгүй” гээд шулуухан мэдэгдэж байна. Энэ шийдвэрээ цуцлахгүй бол дараа “Буу бариад угтана шүү” гэж байгаа хүмүүс ч байж л байна. Ер нь их эвгүй тийшээ явж байгаа юм байна. Ялангуяа Халхгол сумын иргэд тун их бухимдалтай байна.

Гэхдээ энэ бол ганцхан Халхгол сумын ч асуудал биш л дээ. Баярын үеэр хүмүүсийн анхаарал сарнисан үед УИХ-аас гол гол шийдвэрээ гаргаж, маргаантай тогтоолуудаа батлаад байдаг жишиг тогтчихлоо. Цагаан сар, Шинэ жил, улсын баярын өмнөхөн, бараг л урд өдөр нь элдэв будилаантай тогтоол батладаг нь үнэн шүү дээ. Ард иргэд ч тэгж л ярьж, шүүмжилж, бухимдацгааж байна. Одоо үнэндээ яаж ч тайлбарлаж, учирлаад ард түмэн итгэхгүй болжээ. Маш их хардаж сэрддэг болж. Миний хувьд Халхголд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах тогтоолыг анхнаас нь дэмжихгүй гэдгээ илэрхийлж эсрэг санал өгч байсан ч олонхиороо дэмжээд л батлачихсан.

Одоо нэгэнт хууль нь батлагдаад гарчихсан тул аль болох хуулийг тайлбарлах, Халхголын чөлөөт бүс байгуулснаар Тамсагийн 22 дугаар талбайгаас 350 мянган га нь “Улсын тусгай хэрэгцээний газар” болж хамгаалагдан үлдэх юм гэдгийг яаж ч тайлбарлаад иргэд сонсохыг ч хүсэхгүй байна. Халхгол чөлөөт бүсийн талаар анх 2006 оноос судалгаа хийж 2011 оноос ерөнхий төслийг боловсруулаад явсан юм билээ. Ингэж явсаар өнгөрсөн долоодугаар сард УИХ-ын 75 дугаар тогтоол батлагдсан нь өнөөдөр ийм ширүүн эсэргүүцэлтэй тулгарчихлаа. Үнэхээр ч нутгийн иргэд УИХ-аас Халхголд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах гэж байгаа талаар ямар ч мэдээлэлгүй байсан юм байна. Ядаж л аймгийн ИТХ, сумын ИТХ-д дуулгасан бол асуудал арай өөр байх байж л дээ. 

-Нутгийн иргэдийн ийм ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан УИХ 75 дугаар тогтоолоо цуцлах уу. Өөр ямар гарц байж болох вэ. Та очоод УИХ-д ямар тайлбар хийх гэж байна? 

-Уг нь УИХ нэгэнт хууль батлаад гаргасан бол хэрэгжүүлэх тал дээр нь илүү анхаарах шаардлагатай л даа. Одоо нутгийн иргэдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан учир нөхцөл байдлыг маш сайн нягтлан шалгах шаардлагатай болж байна. Иргэдийн зүгээс УИХ процедурын алдаа гаргаж, тодорхой хууль зөрчсөн асуудал тавьж байна л даа. Нэгдүгээрт УИХ процедурын алдаа гаргасан уу, хууль зөрчсөн үү гэдгийг нягтлах шаардлагатай болж байна.

Хоёрдугаарт УИХ-ын 75 дугаар тогтоолд тодорхой үндэслэл болж байгаа зүйл нь Солонгос, Монголын эрдэмтдийн судалгаагаар Халхголын бүсэд хөрсний даац газар тариалан их хэмжээгээр эрхлэх боломжгүй, ялангуяа хөдөө аж ахуйн чөлөөт бүсийн төсөл хэрэгжүүлэх нь зохимжгүй гэж гарсанд байгаа юм. Тэгэхээр эдгээр асуудлыг дахин маш сайн судалж, нягтлах ёстой гэж бодож байна. Түүнээс гадна энэ асуудалд маш анхааралтай хандах бас нэгэн зайлшгүй шаардлага байгаа гэдгийг нутгийн иргэд төдийлөн сайн ойлгохгүй байгаа нь тун харамсалтай санагдлаа. Тэр нь юу вэ гэвэл хадаг сүү барин буцааж өгсөн Тамсагийн 22 дугаар талбайг хятадууд буцааж авахаар эргэлт буцалтгүй шийдчихсэн байна. Тэр талбай нь 783 мянган га газартайгаас 350 мянга нь Халхголын чөлөөт бүсийн нутагт орчихсон байгаа.

Тэгэхээр тэр том талбайг хятадуудад алдахаас аврах ганц гарц нь чөлөөт бүсэд хамруулж, “Улсын тусгай хэрэгцээний газар” болгон хамгаалж авч үлдэх арга байгаа юм. УИХ тодорхой хуульд өөрчлөлт оруулах замаар ашигт малтмалын лиценз эзэмшиж байгаа компаниуд янз бүрийн шалтгаанаар эзэмшиж байсан талбайгаа улсад буцааж өгсөн бол дахин хэзээ ч эргэж авах эрх нь сэргэдэггүй байхаар зохицуулах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол нэг өдөр болохгүй байна гэж буцааж өгчихөөд жаахан ашиг олж мөнгөтэй болохоороо л буцааж авъя гэж дайраад байдаг гажиг тогтох юм байна. 

-Тамсагийн 22 дугаар талбайг Халхголын чөлөөт бүстэй давхцуулалгүйгээр авч үлдэх өөр арга байхгүй юу?

-Одоо мөрдөгдөж байгаа хууль дүрмээр бол өөр ямар ч арга байхгүй л дээ. Яагаад гэвэл ашигт малтмалын лиценз бүхий талбай учраас тендер зарлагдангуут аль нэг ялагч нь авч ашиглаад л явдаг журамтай. Харин хуульд өөрчлөлт оруулах замаар урьд нь эзэмшиж байсан компанид уг лицензийг дахин олгодоггүй болгох гэх мэтийн арга л байж болох юм даа. Одоо бол хуульд боломж нь байгаа учраас “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн хятадууд ийм итгэлтэй ярьж байгаа юм. 

-Бүтээгдэхүүн хуваах гэрээ Монголын талд ихээхэн хохиролтой юм билээ. Үүнийг одоо засдаг арга байдаг болов уу? 

-Энэ асуудал 1993 оноос л эхлэлтэй юм. Анх эндхийн лицензийг Английн компани эзэмшиж байгаад “Петро Чайна Дачин Тамсаг”-т шилжүүлсэн байдаг. Тэндээс л 60:40 харьцаатай бүтээгдэхүүн хуваах гэрээ гэж ихээхэн алдагдалтай юм хийчихсэн. Эдгээр асуудлуудыг нарийвчлан шалгаад ирэхээр УИХ-ын нэр бүхий 14 гишүүн орилоод эхэлдэг юм. Маш төвөгтэй. 

Өнөөдөр орон нутагт ус ашигласны төлбөр гэж л ганц тэрбум орчим төгрөг өгч байгаа байх. Улсын төсөвт 280 орчим тэрбум төгрөг төвлөрүүлдэг сурагтай байна лээ. Харин байгаль орчинд учруулж байгаа эдийн засгийн бодит хохирлыг үнэндээ барагцаалахын аргагүй шүү дээ. Хугацааны хувьд Тамсагийн сав газар газрын тосгүй болоход л “Петро Чайна Дачин Тамсаг”-ийн хятадууд Монголоос гарна. Тэгэхээр сунгаад л яваад байх боломжтой. Мөн ч хохиролтой гэрээ байгуулсан байгаа биз.