Нэр хүндэд халдах гэсэн оролдлого
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2015.11.06

Нэр хүндэд халдах гэсэн оролдлого

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн төслийг өргөн барив.

2006 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 61 дүгээр чуулганаар Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, түүний нэмэлт протоколыг баталсан бөгөөд уг протоколд Монгол Улс нэгдэн орсныг Улсын Их Хурал 2008 онд соёрхон баталсан байна. Мөн Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн орнуудын 2013-2022 онд хэрэгжүүлэх “Бүс нутгийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг бодит болгоё" Инчеоны стратегийг Монгол Улс 2014 онд хүлээн авсан.

Монгол Улс НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө болон Засгийн газрын 2013 оны 281 дүгээр тогтоолоор баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тус тус заасан болно.

 Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгааллын тухай хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүн төрийн тусламж, дэмжлэг болон эмнэлэг, нийгмийн халамжийн үйлчилгээг хүртэх харилцааг голчлон зохицуулж байгааг өөрчилж, хүнийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхалд өртөхөөс хамгаалах, хориглох, нийгмийн харилцаанд бусдын адил тэгш эрхтэй оролцох боломжийг хангах зохицуулалтыг уг хуулийн төсөлд тусгахдаа НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн хүний эрхэд чиглэсэн зохицуулалтыг үндэс суурь болгожээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нэн тэргүүнд тулгамдаж байгаа асуудал буюу нийтийн тээвэр, зам, орон сууц, олон нийтийн барилга байгууламж нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжгүй, тэдний хэрэгцээ, шаардлагыг хангахгүй байгаа асуудлыг зохицуулах зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй хүний ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах арга хэмжээг хуулийн төсөлд хуульчилан заасан болохыг хууль санаачлагч хэлж байв.

 Энэ үеэр С.Эрдэнэ сайдаас сүүлийн үед салбарынх нь талаар гараад буй таагүй мэдээллийн талаар тодрууллаа.

 -Нас барсан 10 мянган иргэний нэрийг ашиглаж их хэмжээний мөнгө завшсан тухай мэдээлэл гарсан. Танд тодорхой мэдээлэл ирсэн үү?

 -Ийм ноцтой зөрчил манай салбарт гараагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Энэ бол байгууллагын нэр хүндэд халдах гэсэн оролдлого гэж үзэж байгаа. Цагдаагийн байгууллагаас Мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтран энэ асуудлыг шалгаж байгаа гэсэн мэдээлэл ирсэн.Тухайн иргэний ар гэр нас барсан тухай мэдээллийг нь холбогдох байгууллагад хүргүүлээгүй, эсхүл шилжит хөдөлгөөнөө бүрэн хийгээгүйн улмаас нас барсных нь дараа иргэдийн тэтгэвэр үргэлжлүүлэн дансанд нь орж байсан тохиолдол бий. Энэ мэдээлэл анх гарснаас хойш ХАХНХЯ дотоодын хяналтын байгууллагуудаар 2006-2015 оны хооронд нас барсан иргэдийн мэдээлэлд хяналт шалгалт хийсэн. Энэ үеэр 148 хүнд холбогдох 169 сая төгрөгийн зөрчил илрүүлсэн. Зөрчил арилгах ажиллагааг зохион байгуулж, одоогоор 23 сая төгрөгийн хэрэг үлдсэн байна.

 -Уг хэрэгтэй холбоотой хэн нэгнийг сэжигтнээр татсан уу?

 -Энэ мэдээлэл анх хаанаас гарсан нь тодорхоогүй байна. Тиймээс Цагдаагийн байгууллага мэдээллийн дагуу шалгалт хийж байгаа. Одоогоор хэн нэгнийг сэжигтнээр татсан, эрүү үүсгэн шалгасан асуудал гараагүй.

 -Жилд тэтгэврийн насны хэдэн хүн нас бардаг вэ?

-Жилд 9500-11000 орчим иргэн нас бардаг. Үүнээс 30-40 хувийг өндөр настан эзэлдэг. Тэгэхээр дээр дурьдсан 10 мянга гаруй хүн бол 3-4 жил нас барсан өндөр настны тоотой тэнцэж байна. Ийм олон жил 10 мянга гаруй хүний тэтгэврийг хууль бусаар авах боломжгүй.