ХАХНХЯ-ны сайд С.Эрдэнэ
2015.11.09

Нийгмийн даатгалын ажилтнууд улсад ямар нэгэн хохирол учруулаагүй

Яг хэн гэдэг ажилтан хэдэн хүний нэрийг ашиглан улсад хохирол учруулсан нас барсан иргэдийн мэдээллийг ашигласан гэх мэт тодорхойгүй мэдээлэл цацагдсан хэмээн сайд С.Эрдэнэ хэллээ.

Энэ хэрэгт нас барсан 10 мянган хүний бичиг баримтыг ашигласан гэж байгааг ор үндэсгүй хэмээх тайлбарыг өглөө.

ХАХНХЯ-ны сайд С.Эрдэнэ “Хэн ийм яриа гаргасан нь тодорхойгүй, баталгаагүй эх сурвалжаас байгууллагын нэр хүндэд халдсан ийм үйлдэл хийж байгаад харамсаж байна. Жилд 9500-11000 орчим иргэн нас бардаг. Үүнээс 30-40 хувийг өндөр настан эзэлдэг. Тэгэхээр дээр дурьдсан 10 мянга гаруй хүн бол 3-4 жил нас барсан өндөр настны тоотой тэнцэж байна. Ийм олон жил 10 мянга гаруй хүний тэтгэврийг хууль бусаар авах боломжгүй.

Улсын бүртгэлийн ерөнхий газар, нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран иргэний бүртгэлийг цахим програмаар хийдэг. Харин зарим ар гэр нь нас барсан хүнийхээ хасалтыг хийлгээгүй дүүрэг, хороодын шилжилт хөдөлгөөнөөс будилсан зэргээс болоод нас барсан иргэний тэтгэвэр үргэлжилэн олгогдож байсан асуудал үүссэн гэдгийг салбарын сайд нь хэлсэн юм.

2006-2015 оны хооронд нас барсан иргэдийн мэдээлэлд хяналт шалгалт хийсэн. Энэ үеэр 148 хүнд холбогдох 169 сая төгрөгийн зөрчил илрүүлсэн. Зөрчил арилгах ажиллагааг зохион байгуулж, одоогоор 23 сая төгрөгийн хэрэг үлдсэн байна. Тэрнээс биш нийгмийн даатгалын санд нас барсан хүний нэр дээр зээл авсан улсад хохирол учруулсан зүйл байхгүй” хэмээн хэллээ.