Монгол улсад 527 тэрбум төгрөгийн татварын өр авлага үүссэн
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2015.11.04

Монгол улсад 527 тэрбум төгрөгийн татварын өр авлага үүссэн

УИХ өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаараа 2015 оны төсөвт гурав дахь удаагийн тодотгол хийж баталсан.

Мөн 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн билээ. Тэгвэл өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай,  Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг авч хэлэлцсэн.

Эдийн засгийн хямрал, төсвийн орлого бүрдүүлэлт хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэг их наяд төгрөгөөр тасрах ь тодорхой болсон зэрэг хүндрэлүүдээс шалтгаалан 2015 оны улсын төсөвт гурав дахь удаагаа тодотгол хийгэд байгаа нь ирэх 2016 онд байдал улам л хүндрэхийн урьдчилсан нөхцөл гэж дүгнэж болох юм.

Байдал ийм базаахгүй дүр зурагтай байгааг хууль тогтоогчид хэрхэн дүгнэж, цэгнэж байгаатай “Өглөөний сонин” ээлжлэн танилцаж байгаа юм. Энэ удаа УИХ-ын гишүүн Я.Содбаатар энэ бүх хүндрэл бэрхшээлүүдийг хэрхэн дүгнэж байгааг сонирхлоо. 

-Монгол Улсын 2015 оны төсөвт тодотгол хийгээд тав хонож байна. Ямар хүндрэл бэршээл үүсч, төсвийн тодотголыг яаравчлан баталснаас ярилцлагаа эхлэх үү?

-Тэгэхээр УИХ 2015 онд хоёр дахь удаагаа төсвийн тодотгол хийлээ. 2012 оноос хойш улсын төсөв төлөвлөлтөөсөө эхлээд гүйцэтгэл, улсын төсөвт тавигдсан асуудлуудын хэрэгжилт туйлын хангалтгүй явж ирсэн. Байдал ийм л базаахгүй байгаа учир улсын төсвийг жилдээ хоёроос гурван удаа тодотгохоос өөр аргагүй болж байгаа юм. Энэ жилийн тухайд төсвийн орлого бүрдүүлэлт нэг их наядаар тасрахаар байгаа. Жилийн эцэст орлого бүрдүүлэлт нэг их наядаар тасрах нь тодорхой болсон тул төсвөө зайлшгүй тодотгох шаардлагатай гэж Засгийн газраас өргөн мэдүүлсэн.

Сая 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016- 2017 оны  төсвийн төсөөлөл, тодотголтой хамтдаа батлагдлаа. Мөн холбогдох хуулиудад өөрчлөлт орсон. Ер нь гол зүйл бол нэгдүгээрт Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг өнгөрсөн онд бид 7.1 хувиар төлөвлөж байсан бол одоо 3.1 хувьтайгаар ерөнхийдөө дөрвөн функцээр буурч гарахаар болж байна.

Товчхондоо эдийн засгийн өсөлт төлөвлөж байснаасаа нэг дахин бууралттай гарч байгаа юм. Хоёрдугаар асуудал бол төсвийн алдагдлыг таван хувьд хүргэж байгаа. Энэ жилийн төсөв нэлээн алдагдалтай байгааг нөхөхийн тулд дотооддоо бонд гаргах зэрэг хүндрэл үүсч байна. Энэ нь эдийн засагт ихээхэн дарамт, хүндрэл үүсгэнэ. Үлдэж байгаа хугацаанд төсвийн орлогын тасалдлыг хэрхэн зохицуулах вэ гэдэг хүндхэн асуулт Засгийн газрын өмнө босч ирээд байгаа.

Байдал өдрөөс өдөрт хүндэрч байгаа учир Засгийн газраас хоёр арга зам сонгоод байгаа юм билээ. Тэд эхлээд Онцгой албан татвараа нэмье гэж байгаа. Онцгой албан татварыг нэмэгдүүлснээр төсөвт 60 гаруй тэрбум төгрөг орж ирэх тооцоолол хийсэн байсан. Хоёрдугаарт өнөөдрийн байдлаар Монгол Улсад 527 тэрбум төгрөгийн татварын өр, авлага үүссэн байна. Үлдэж байгаа хугацаанд энэ өр, авлагаас 300 тэрбумыг нь шахаж оруулна гэсэн тооцоо хийсэн байна лээ.

Дараагийн барьж авсан зүйл нь төрийн захиргааны тодорхой байгууллагуудын урсгал зардлыг танах, орон тооны цомхотгол явуулах асуудлыг ярьж байгаа. Бид төсвийн тодотголын хүрээнд ярьж байгаад хүмүүсийн цалинтай ноцолдож болохгүй гэсэн. Төрийн албаны тухай хуулийн 38.2 болон бусад хэд хэдэн хуулиудад Монгол Улсын төрийн албан хаагчдын цалингийн зардлыг ямар ч тохиолдолд хасч болохгүй гэсэн заалт байгаа. Харамсалтай нь Засгийн газар хууль зөрчин энэ саналыг оруулж ирсэн. Бид ярилцсаар байгаад маш олон иргэдийн эрхэнд халдаж, хууль зөрчин цалин хасахгүй гэж шийдсэн.

-Төсвийн тодотголтой холбогдуулан олон асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлсэн. Таны хувьд Боловсролын салбарын төсөв болон, аж ахуйн нэгжүүдийн санхүүжилттэй холбоотой асуудлаар асуулга тавьсан. Ямар үр дүн гарсан бэ?

УИХ-ын гишүүн Я.Содбаатар

-Ер нь 2015 оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийг хэлэлцэхэд Монгол Улсын эдийн засаг санхүү, нийгэм хэцүү байна л даа. Тийм учраас “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ” гэдгээр олсон орлогынхоо хэмжээнд ажиллаж, амьдрах учиртай л даа. Тэгэхдээ дөрвөн салбарыг ямар нэгэн байдлаар хөндөхгүй, төсвийг нь тавиад явахаас өөр арга байхгүй гэж үзэж байгаа. Эдгээрт шууд иргэдийн ажил амьдралтай холбогдон, төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд багтаж байгаа юм.

Нэгдүгээрт Боловсролын  байгууллагууд, хоёрдугаарт Эрүүл мэндийн салбар, гуравдугаарт Онцгой байдлын газар, дөрөвт нь Цагдаагийн байгууллага орж байна. Эдгээр байгууллагуудад төрийн захиргааны байгууллагууд шиг илүү зардал, тансаглал байхгүй. Иргэдийн өдөр тутмын ажил амьдралтай шууд холбогдож, төрийн үйлчилгээ үзүүлдэг эдгээр байгууллагуудын төсвийг хасч, танаж яагаад ч болохгүй. Тухайлбал төсвийн тодотголын хүрээнд Өвөрхангай аймагт тодорхой асуудал үүссэн.

Өвөрхангай аймгийн хэмжээнд оны эхнээс Сангийн яам юмуу, Боловсролын яамны буруутай үйл ажиллагаанаас болоод анхаасаа боловсролын салбарын багш нарын цалингийн нэмэгдэлтэй холбогдон 967.8 сая төгрөгийн дутагдал гарчихаад байгаа.

Энэ асуудлыг өнгөрсөн хоёрдугаар сараас эхлээд аймгийн Засаг даргын тамгын газар, ИТХ-аас нь холбогдох яамдуудад мэдээлсээр байсан ч өнөөдрийг хүртэл асуудлыг шийдээгүй. Одоо жилийн эцэс буюу 10, 11,12 дугаар сард Өвөрхангай аймаг багш, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй болоод байна. Энэ асуудлыг судлаад үзэхээр тухайн үед Боловсролын яамны зүгээс 2015 оны улсын төсвийн тодотголын хүрээнд Сангийн яаманд асуудлыг тавьж шийдүүлнэ гэж үзэж байсан юм билээ.

Харамсалтай нь саяын тодотголын үеэр энэ асуудлыг шийдэж чадаагүй. Тийм учраас л миний бие энэ асуудлыг дахин хөндөж тавиад байгаа юм. Боловсролын болон Сангийн сайд нар “Бид ямар ч байсан иргэдийн цалинг тасалдуулахгүй олгоно” гэж байгаа. Тийм учраас боловсролын байгууллага дотооддоо үүнийг зохицуулж шийдвэрлье гэж яригдаж байна.

-Төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр бараг бүх гишүүд сонгогдсон тойргийнхоо асуудлыг шийдүүлэх гээд баахан зовлон тоочдог. Та ч бас “Өвөрхангай аймгийн бараг бүх сум өрийн гинжилсэн холбоонд орчихлоо” гээд ярьж байсан. Ер нь 21 аймаг, 330 сумын бүх асуудлыг төсвийн тодотголоор шийдэх боломж харагдах юмуу?

-УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороон дээр яригдснаар бол Монгол Улсын хэмжээнд энэ жилийн эм хангамжийн зээлийг аваад үзвэл эмнэлгийн байгууллагууд таван тэрбум төгрөгийн өртэй гарахаар байгаа. Бид ярилцаад энэ асуудлыг шийдвэрлье гэсэн. Нэг ёсондоо эмнэлэгт хэвтсэн хүний эмийн сангийнх нь мөнгө дуусчихаар гаднаас ар гэрийнхнээрээ эм авхуулж байгаа. Эмнэлгүүд ч энэ байдалтайгаа эвлэрчихсэн “Манайд эмийн хүрэлцээ байхгүй шүү. Та эмчлүүлэх эмнүүдээ гаднаас авч ирээрэй” гэдэг болчихсон.

Тэгэхээр байдал ийм байгаа болохоор таван тэрбум төгрөг төсвийн тодотголд сууж байгаа. Харин Боловсролын салбарын тухайд хуулиараа хэрэгжих ёстой "Үдийн цай" хөтөлбөрийн мөнгө төсөвт тавигдсан. Харин ганцхан Өвөрхангай аймагтай холбоотой багш, ажилчдын цалингийн асуудлыг Боловсролын болон Сангийн сайд нар шийднэ гэсэн ам өгсөн болохоор хүлээгээд л сууж байна. Ер нь улсын хэмжээнд тойргууд дээр үүсч байгаа асуудлуудыг нэгтгэж гаргахгүй бол хүндрэл үүссээр л байна гэж харж байгаа.

2016 оны төсөв өргөн баригдчихсан байгааг харахад сэтгэл зовоосон асуудал маш их байна. Ирэх оны төсөв гэдэг нь Монгол Улс гэдэг айл 2016 онд юу идэж ууж, ямар мөнгө эргэлдүүлэх вэ гэдгийг л шийдэх асуудал шүү дээ. Маш нарийн зохицуулалт хийж, олон талаас нь нягтлах шаардлагатай гэж үзээд УИХ дахь намын бүлгүүд дээр нэлээн шүүмжилсэн болохоор засгийн газар татаж авч байх шиг байна. Ер нь 2016 оны төсвийн хүрээнд олон асуудал яригдсан юм.

Нэгдүгээрт төрийн захиргааны байгууллагын шинэчлэлийн асуудлыг зоригтой хийх ёстой. Харамсалтай нь эрх баригч АН-ын Засгийн газраас өргөн мэдүүлэхдээ наймдугаар сарын 1-н буюу 2016 оны УИХ-ын Сонгуулийн дараа хийх байдлаар оруулж ирсэн нь багагүй маргаан дагуулсан. Яагаад гэвэл долоодугаар сарын 1-ээс хойшхи асуудал бол ард түмний олонхийн санал авсан дараагийн улстөрийн хүчин, Засгийн газрын шийдэх асуудал шүү дээ. Энэ нь сонгогчдын эрхэнд халдсан үйлдэл болохоор Засгийн газар татаад авчихлаа.

 Агентлагуудыг нэгтгэх, төрийн байгууллагуудыг цомхотгох, төрийн захиргааны байгууллагуудыг оновчтой цомхон хэлбэрт оруулах асуудал нэн чухал байгаа. Бид 2016 оны төсөвт гурван  асуудлыг чухавчлан ярих ёстой. Нэгдүгээрт бүтцийн өөрчлөлтийн асуудал орно. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 119 төсөвт болон төрийн өмчийн үйлдвэрийн газар байгуулагдчихаад байна. Эдгээр нь бүгд төсвөөс санхүүжигддэг байгууллагууд шүү дээ. Харахад агентлаг, төрийн захиргааны байгууллага биш юм шиг мөртлөө улсын төсвөөс бүх санхүүжилтээ аваад яваад байгаа юм.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар

Бидний зүгээс 2012 оноос хойш байгуулагдаж, улсын төсвөөр угжуулдаг энэ 119 байгууллагаа татан буулгаач ээ л гэж байгаа. Хоёрдугаар асуудал нь жил жилийн төсөв ярилцахдаа том төслүүдийн тухай ярьдаг. Нэг л сайхан өөдрөг төсөөллүүд яваад байдаг. Жишээлбэл Тавантолгойгоо томоор нь явуулна, Оюутолгойн хоёр дахь санхүүжилтийг хийнэ, Гацууртын ордыг хөдөлгөнө гэдэг ч юмуу, Эрчим хүчний зургаан том төслийг урагшлуулна гээд л. Тэгээд баахан өөдрөг юм төсөөлчихөөд тэндээс ч тийм орлого орж ирнэ, эндээс ч ийм санхүүжилт босгоно гээд баахан хоосон тоо тавьчихдаг.

Үндсэндээ 2012 оноос хойш эдгээр том төслүүдийг л улиг болтлоо ярьцгаалаа шүү дээ. Ирэх онд хэрвээ энэ төслүүд явахгүй бол дахиад л төсөв тасарна. Төсөв тасрахаар Монголчуудын амьдрал улам л хүндэрнэ, дахиад л зардлуудаа танаж, бүсээрээ тасартал хасалт хийхээс өөр аргагүй болно. Гуравдугаарт 2016 оны төсөв дээр яригдаж байгаа нэг зүйл бол олсныхоо хэмжээгээр л хөлөө жийе гэж байгаа.

-Жилийн жилд л орлогоо бодитойгоор тооцъё, төсвөө тэр хүрээнд л хийе гэдэг ч асуудал даамжраад л яваад байгаа. Зарлагаа олигтой бууруулж чадахгүй байна. Ер нь энэ байдал жаахан ч гэсэн сайжрах, засрах төлөв харагдана уу?

-Бид мэдээж зайлшгүй шаардлагатай зүйлд хөрөнгө мөнгө зарцуулах, төсөвлөхөөс өөр арга байхгүй. Гэтэл 2011 онтой харьцуулбал төрийн захиргааны байгууллагуудын зардал хамгийн бага нь тав дахин, хамгийн их нь 10 дахин өсчихсөн байгаа байхгүй юу. Тэгэхээр бид 5-10 дахин нэмэгдсэн зардлыг 20-30 хувиар бууруулъя л гэж байгаа.

Яагаад гэвэл Монгол Улсын супер цикл нэгэнт байхгүй болчихлоо шүү дээ. Уул уурхай, ашигт малтмал гээд бидний гол баялгийн үнэ дэлхийн зах зээл дээр өдрөөс өдөрт унасаар байна. Том төслүүд бүгд гацаанд орчихлоо. Уг нь бид том төслүүдээ явуулах зайлшгүй шаардлагатай байгаа ч төсөв мөнгө маань үнэхээр хүрэлцэхгүй байна. Тийм учраас маш бодитой төсөвлөж, орлого, зарлагаа бодит хөрсөн дээрээ буулгая л гэж байгаа.

Тэгж чадвал нэгдүгээрт эдийн засагт эерэг үр дүн авч ирнэ, хоёрдугаарт аж ахуйн нэгжүүддээ зөв ойлголт өгнө. Тэгэхгүй бол төсөв орж ирнэ гэж хэлээд л янз бүрийн тендер зарлачихдаг. Хоёрт  2016 оны төсөвт бидний барих ёстой зүйл бол болдогсон бол 2015 оны төсөвт тодотгол хийхдээ төсвийн алдагдлыг таван хувь биш хоёроос гурван хувьд бариад, ирэх оныхоо төсвийг алдагдалгүй батлах хөрс суурийг нь тавих ёстой байсан.

Төсвөө алдагдалтай баталчихаар тэр алдагдлаа нөхөхийн тулд Засгийн газрын бондыг 16-17 хувийн хүүтэйгээр зах зээл дээр зарж байгаа. Үндсэндээ Арилжааны банкууд тэр бондыг нь аваад иргэдээс 9-10 хувийн хүүтэй хадгаламж татаж байгаа. Дараа нь иргэдийн хадгаламжийн мөнгийг эргүүлээд ямар нэгэн эрсдэлгүйгээр Засгийн газрын бонд дээр байршуулчихаж байгаа юм. Байдал ийм байгаа болохоор Арилжааны банкууд иргэд, аж ахуйн нэгжүүдэд зээл олгохоо больчихдог.

Ингээд л эдийн засгаа агшаагаад байгаа юм. Тийм учраас төсвөө алдагдалгүй баталчихвал тэр хэмжээний мөнгө буюу 1-2 их наядын хэмжээний мөнгө зах зээл рүү орж иргэд, аж ахуйн нэгжүүдэд зээл өгөх боломжтой болно. Одоо жишээ нь бүх Арилжааны банкууд аж ахуйн нэгжид зээл өгөхөө хязгаарлачихсан байна. Энэ нь эргээд Монгол Улсын эдийн засгийг хумьж, хямрал руу түлхэж байгаа юм.

-Ирэх 2016 оны эдийн засгийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна?

-Амаргүй жил болно. Монгол Улсын эдийн засагт хоёр том нөлөөлөл байдаг. Эхнийх нь төсвөөр дамжсан хөрөнгө оруулалтын нөлөөлөл байдаг. Харамсалтай нь 2016 онд төсвөөр дамжсан хөрөнгө оруулалтын дэмжлэг юу ч байхгүй. Дараагийнх нь гадагшаа гаргаж байгаа уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш жилээс жилд унасаар байгаа. Ийм хоёр гол хүчин зүйлээс шалтгаалан Монгол Улсын эдийн засаг ирэх 2016 онд энэ оныхоос ч илүү хүндрэх магадлалтай.