Дахин төлөвлөлтөд хамрагдсан 18 иргэн байрныхаа түлхүүрийг гардлаа
2015.10.29

Дахин төлөвлөлтөд хамрагдсан 18 иргэн байрныхаа түлхүүрийг гардлаа

Улаанбаатар хотод гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл амжилттай хэрэгжээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Одоогийн байдлаар үндэсний 39 аж ахуйн нэгж уг төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2014 онд 588 айлын орон сууцыг харин 2015 оны эхний хагас жилийн байдлаар 288 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулж, дахин төлөвлөлтөд хамрагдсан 200 орчим айл өрхийг тохилог сууцтай болгоод байна.

Тэгвэл өнөөдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд төсөл хэрэгжүүлэгч Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ тухайн байршлын дахин төлөвлөлтөд хамрагдсан 18 айл өрхөд өөрийн барьж байгуулсан Буянт-Уухаа 1 хорооллын байрны түлхүүр, гэрчилгээг гардууллаа.

Дахин төлөвлөлтөд хамрагдсан 18 иргэн байрныхаа түлхүүрийг гардлаа

Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ нь тухайн байршлын нийт 133 нэгж талбарын 107 буюу 80 хувьтай нь 2 талт гэрээ байгуулснаар төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан. Нийт 73 нэгж талбартай 3 талт гэрээ байгуулснаас 55 айл өрхийн түрээсийн зардлыг даан түр суурьшуулаад байгаа бөгөөд ирэх 2016 оны хавар барилга угсралтын ажлаа эхлүүлж, гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдээ орон сууцанд нь оруулах юм.

Орон сууцны түлхүүр, гэрчилгээ гардуулах үйл ажиллагаанд Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг оролцсон бөгөөд тэрээр “Нийслэлийн 376 жилийн ой тохиож буй энэ билэгт сайхан өдөр та бүхэн орон сууцныхаа түлхүүр, гэрчилгээг гардан авч байгаад би баяртай байна. Эдийн засгийн байдал хүнд байгаа энэ цагт байдлыг ойлгож, дэмжиж байгаа иргэддээ мөн өөрт байгаа бүхий л нөөц бололцоогоо дайчлан дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдээ дулаан, тохилог сууцанд оруулж буй ТОСК ТӨҮГ-ын удирдлага, хамт олонд баярлалаа” гэлээ.

Дахин төлөвлөлтөд хамрагдсан 18 иргэн байрныхаа түлхүүрийг гардлаа