УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
2015.10.26

2009 оны Өршөөлийн хуулиар авлигачдыг өршөөсөн

Ийгл Ньюс телевизийн “Зочны цаг” хөтөлбөрт УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин оролцож, Өршөөл үзүүлэх тухай хууль болон Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулиар байр сууриа илэрхийллээ.

 Олон улсын практикт ийм зүйл байдаг уу? Зургаан жил болоод нэг өршөөлийн хууль гарч байгаа нь нөгөө эрх зүйт төрийн үнэлэмж яах бэ гэдэг асуудал үүсч байна?

-Үндсэн хуульд УИХ-ын бүрэн эрх дотор “Өршөөлийн хууль” гаргах гээд заасан. Бидэнтэй адил шилжилт хийсэн зүүн Европын улс орнуудад “Өршөөлийн хууль”-тай холбоотой асуудал үндсэн хуулийн маргаан болоод хууль тогтоох байгууллага ерөнхий нөхцөлөөр тодорхой бүлэг хэсэгт гэхээсээ илүүтэй нийтлэг хэмжээ тогтоох байдлаар хууль тогтоодог.

Яг ял эдэлж байгаа хүнд зориулан хууль гаргах нь хууль тогтоох эрх мэдлийн нэг хэсэг биш. Энэ бол шүүх эрх мэдлийн чиг үүргийг булаацалдаж байна гэдэг маргаан гаргаад зүүн европын улс орнууд “Өршөөлийн хууль” гаргах эрх мэдлээсээ ихэнх нь татгалзсан. Цөөхөн улс оронд парламентад энэ хуулийг гаргах эрх байдаг. Манай улсын хувьд бол үндсэн хуульд нь бичсэн байдаг учир хууль байгаа эрх мэдлийг хэрэгжүүлэх нь буруу гэх боломжгүй. 1990 оноос хойш 25 жилийн турш “Өршөөлийн хууль” гаргасан хугацааг харахад хамгийн холдоо зургаан жил, ойрдоо дөрвөн жилийн дотор “Өршөөлийн хууль” гарсан.

Энэ нь бодит амьдралын шаардлага бол байна. Манай эрүүгийн хууль тогтоомж боловсронгуй биш. Хуучин нийгмийн үеийн үнэ төлбөргүй  хөдөлмөрлөх фронтыг бий болгохын тулд клон шоронгийн системээр хүмүүсийг ажлуулдаг байлаа. Энэ тогтолцоо одоо ч уламжлагдсан учир шорон байнга хүнээр дүүрч байдаг.

Гэтэл одоо зах зээлийн нийгэмд хүмүүсийг үнэ төлбөргүй хөдөлмөрлүүлэх биш, зах зээлд өрсөлдөж цалин авч хөдөлмөрлөх нь чухал учир шоронгоос хүнийг яаж суллах вэ гэдэг хэрэгцээ нь “Өршөөлийн хууль” ойрхон гарах хэрэгцээнд хүрээд байна. “Өршөөлийн хууль”-ийг гаргахгүй гэвэл эрүүгийн хуулийг нэн даруй өөрчлөх ёстой. Шоронжсон хуулиас татгалзах ёстой. Энэ хоёрыг л зөрүүлээд хийх ёстой болоод байна.

 Эрүүгийн хуулийг шинэчлэх талаар удаан ярьж байна. Гэтэл удаад байдаг шалтгаан нь юу бэ? Энэ намрын чуулганаар хэлэлцэж яагаад болохгүй байна?

-Эрүүгийн хууль, зөрчлийн хуулийг сая ээлжит бус чуулганаар хэлэлцэхийг зорьсон боловч нэг бус гишүүдийн эсэргүүцэлтэй тулаад үл ойлгогдох байдал бий болоод хойшлогдлоо. Энэ хуулийг үйлчлүүлээд л байвал хохирогч нэмэгдээд л, шоронжих үйл явц үүссэн хэвээр, шударга бус байдал хэлмэгдүүлэлт үргэлжилээд л байна. Энэ байдлыг нэн даруй засах ёстой гэдгийг засгийн газраас өргөн барьсан.

УИХ дээр хэлэлцэгдэхгүй удаж байна. Эрүүгийн хууль  нь олон нийт, нийгмийн бүхий л харилцааг хамардаг учраас суурь шинжтэй ийм хуулийг түргэн хэлэлцэж гаргаж болохгүй гэсэн болгоомжлол байгаа. Гэхдээ энэ болгоомжлол нь олон хүнийг хохирогч байдлаар үргэлжлүүлээд байж болохгүй.

Тиймээс ажил хэрэгч байх хэрэгтэй. Эрүүгйин хууль тогтоомжийг хэлэлцье гээд хэлэлцүүлэгт орж ирэхгүй байж чуулган дээр худлаа яриад л, хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал үнэн ерөнхий шүүмж тавиад суугаад байна. Гэтэл яг санал хураалт болох үед мэргэжлийн үндсээр ярьж байгаагүй хүмүүс л шоудаад байна шүү дээ. Энэ бол хорлонтой л байгаа юм.

Бүрэн эхээр нь бичлэгээс ....