НҮБ-ын Дээд хэмжээний чуулганы нээлтийн хуралдаан дээр хэлсэн үг
НҮБ-ын Дээд хэмжээний чуулган
2015.10.03

НҮБ-ын Дээд хэмжээний чуулганы нээлтийн хуралдаан дээр хэлсэн үг

Ноён Чуулганы дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, дэлхийн  удирдагчид та бүхэнд баярлалаа.

Өнөөдөр би 7 сая гаруй идэвхитэнтэй Эмнести Интернэшнл хөдөлгөөний нэрийн өмнөөс болон дэлхий өнцөг булан бүрт байгаа бие даасан иргэний нийгмийн  байгууллагуудын нэрийн өмнөөс үгээ хэлж байна.

Юуны түрүүнд, Мянганы хөгжлийн зорилтуудын хүрээнд дэлхий дахины хүрсэн гайхалтай дэвшилд баяр хүргэе.

Гэвч бид дэлхийн бөмбөрцөг маань тэнхлэгээсээ хазайгаад байна уу гэх асуултыг улам ихээр сонсох боллоо. Зуу зуун сая хүмүүс ядуу амьдарсаар  байна. Маш олон хүн, тэр дундаа охид, эмэгтэйчүүд хүчирхийлэл, хүний эрхийн зөрчилд байнга өртсөөр байна.

Тэгш бус байдал, шударга бус байдал, хүрээлэн буй орчны доройтол, авлига зэрэгцэн орших нь туйлын хортой юм. Засгийн газрууд, корпорациудад итгэх хүмүүсийн итгэл буурч, дэлхий даяар залуучууд эсэргүүцэлд нэгдэж байна. Аюумшиг дагуулсан хямрал мөргөлдөөн айл хотол, улс орнуудыг сүйрүүлж, Дэлхийн 2-р дайнаас хойшхи хамгийн том дүрвэгсдийн хямралыг өдөөлөө.   

Далайн эрэгт шидэгдсэн цогцос дэлхий ертөнцийг цочирдуулсан Алан Курди хэмээх 3 настай Сири хүүгийн зүрх шимшрүүлсэн түүхийг дурдахад хангалттай. Бид амьдарч буй дэлхийнхээ бодит байдлыг нууж чадахгүй.

Гэсэн ч бид Тогтвортой хөгжлийн зорилтуудад дурдсан шиг дэлхий ертөнцөд амьдрахыг хүсч байгаа билээ.

Тиймээс ч дахиад нэг удаа Дээд хэмжээний тунхаглал гаргах гэж байгаад эргэлзэнгүй хандаж байгаа хүмүүсийг буруутгах аргагүй.

Гэвч Тогтвортой хөгжлийн зорилтууд бол бид бүхний хэрэгжүүлж чадах, хэрэгжүүлэх ч ёстой хүсэл тэмүүлэл, эдлэх ёстой эрхийг төлөөлж байгаа юм.

Эдгээр зорилт хэрэгжих бүрэн боломжтой бөгөөд эргэлзэж тээнэгэлзэж байгаа хүмүүсийн буруу гэдгийг батлахын тулд дараахи 4 зүйлийг санал болгож байна.

  1. Нэгт, өөрсдийг нь оролцуулах

Ядуу, шоовдорлогдсон хүмүүсийг амжилтад хүргэх түлхүүр бол бүх шатанд тэднийг үндсэн шийдвэр гаргагчид болгох явдал юм. Тогтвортой хөгжлийн зорилтуудыг улс орнуудын хүний эрхийн үүрэг хариуцлагад нийцүүлэн үндэсний болон орон нутгийн төлөвлөгөө, төсөвт тусгаж, эх үүсвэрээр хангах ёстой.

  1. Хоёрт, хариуцлага хүлээлгэх. Засгийн газрууд юу амласан, амласнаа яаж биелүүлсэн талаар хүмүүс тодорхой мэдэж байх ёстой бөгөөд энэ нь мэдээлэл авах эрх чөлөө юм. Хэрэв засгийн гарууд амласнаа биелүүлэхгүй байгаа бол тэдэнд  хараат бус механизмаар дамжуулан хариуцлага хүлээлгэх ёстой. Засгийн газрууд сонгуулиар байгуулагдсан, эсхүл бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа учраас хууль ёсных гэж хэлэх нь цаашид хангалттай биш юм.
  1. Гуравт, ялгаварлан гадуурхахгүй байх. Бид нэг зүйлийг анхаарах ёстой. Хэнийг ч ардаа орхихгүй байна гэдэг эрх мэдлийн бүтцийг сөрж, хууль дээдлэх ёсыгсахиулна гэсэн үг юм. Тэгш бус байдал ихэнхи тохиолдолд хүйс, арьс өнгө, гарал үүсэл, шашин шүтлэг болон бусад байдалд суурилсан ялгаварлан гадуурхалт болон уугуул иргэд, үндэстний цөөнх, цагаачид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд, өндөр настнуудын хүний эрхийг хангаж чадахгүй байгаагийн шууд үр дагавар мөн. 
  1. Дөрөвт, Тунисийн явдал буюу хоёр стандарт гаргахгүй байхыг анхаарах ёстой. Тунис улс бүс нутагтаа Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтээрээ тэргүүлэгчдийн нэг байсан. Гэвч хүний эрхийн ужгирсан  зөрчлийн эсрэг хуримтлагдсан  уур хилэн тэнд бослого гарахад хүргэсэн. Учир нь хүний амьдрал хөгжил, хүрээлэн буй орчин, энхтайван, хүний эрх гэж салдаггүй. Зөвхөн албан тушаалтнууд л тэгэж үздэг юм.

Баячуудын хэрэглээг танах эсхүл технологийн ололтыг хуваалцахаас цааргалж байгаа бол Та бүхэн тогтвортой хөгжлийг дэмжинэ гэж байхгүй. Олон нийтийг тагнах, хянах ажиллагааг ашиглаж байгаа бол хүний эрхийг дээдэлдэг гэж яриад хэрэггүй. Дэлхий дээрх хамгийн том зэвсэг үйлдвэрлэгчид байж энх тайвны талаар хичээл заах утгагүй. Авлигын эсрэг тэмцэж байгаа гэчихээд өөрийнхөө корпорациудад санхүүгийн болон татварын хуулийн цоорхойг ашиглахыг зөвшөөрч болохгүй.

Хөгжилд хүрэхийн тулд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг баталчихаад тайван жагсагчид болон өөрөөр сэтгэгчид рүү довтолж, тэднийг баривчилж болохгүй. Цагаач ажилчид эсхүл өрөнд баригдсан ажилчдыг мөлжих замаар хөгжил дэвшлийг байгуулж болохгүй. Та бүхэн Тогтвортой хөгжлийн зорилтуудыг тунхаглачихаад дүрвэгсдэд нэр төртэй амьдралд хүрэх аюулгүй, хууль ёсны зам нээж өгөхөөс татгалзах ёсгүй.

Эрхэм Удирдагчид аа,

Тогтвортой хөгжлийн зорилтууд зохистой ажлын байр, хүрээлэн буй орчин, шударга ёс, хүн төрөлхтний сайн сайханд хүргэх луужин болж байна. Иргэний нийгмийн хувьд бид ядуу, шоовдорлогдсон хүмүүсийн талд ямагт зогсох болно. Бид засгийн газрууд, бизнесүүдтэй хариуцлага тооцох болно.

Өнгөрсөн шөнө олон арван мянган хүн Тогтвортой хөгжлийн зорилтуудын төлөөх замыг гэрэлтүүлэх цуглаанд оролцсон. Тэд та бүхнээс жинхэнэ ёсоор манлайхыг, шударгаар, сэтгэл зүрхнээсээ манлайлахыг уриалсан. Та бүхэн тэдний итгэлийг хөсөрдүүлэхгүй гэдгийг би мэдэж байна.

Та бүхэнд баярлалаа.