Мэргэжлийн орчуулгын уралдааны шилдгээр СЭЗДС-ийн оюутан шалгарлаа
Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институти
2015.10.22

Мэргэжлийн орчуулгын уралдааны шилдгээр СЭЗДС-ийн оюутан шалгарлаа

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн “Мэргэшсэн нягтлан бодогч” сонины редакцаас их, дээд сургуулийн мэргэжлийн ангийн оюутнуудын дунд мэргэжлийн англи хэлний орчуулгын уралдааныг 2 үе шаттайгаар зохион байгууллаа.

Энэхүү уралдааныг оюутнуудын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, орчуулах ур чадварыг нэмэгдүүлэх, шилдэг орчуулагч оюутныг тодруулах, туршлага судлах зорилгоор өнгөрсөн жилээс эхлэн явуулж байгаа юм.   

Орчуулгын уралдааны эхний шатанд нийт 10 сургуулийн 60 гаруй оюутан оролцсоноос II шатанд 5 сургуулийн 20 оюутан шалгарч үлдсэн. Бүртгэл, санхүүгийн мэргэжлийн орчуулгын уралдааны тэргүүн байрт СЭЗДС-ийн Санхүүгийн менежментийн 4-р курсын оюутан Б.Энэрэл, дэд байрт мөн сургуулийн Санхүүгийн удирдлагын 3-р курсын оюутан Ө.Номиундарь, 3-р байрт “Мандах бүртгэл” ДС-ийн НББ-ийн оюутан У.Сармандах нар шалгарав.  

Уралдааны тусгай байрын шагналыг Мандах бүртгэл ДС-ийн оюутан Г.Өсөхбаяр хүртсэн бөгөөд “Мэргэшсэн нягтлан бодогч” сонин, “Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт” сэтгүүлийн энэ оны бүх дугаарын дээжийг гардуулан өглөө.    

Уралдааны үеэр “Делойт Онч Аудит” ХХК-ийн аудит хариуцсан захирал Макс Виргани “Мэргэжлээрээ олон улсад өсч дэвших боломж” сэдвээр англи хэл дээр илтгэл тавьж, оюутнуудтай ярилцлаа. Орчуулгын чанар өмнөх жилээс эрх сайжирсан байгааг шүүгчид онцолж байсан. Харин ММНБИ-ийн гүйцэтгэх захирал Чой.Чимидсүрэн оюутнуудад хандаж, “Сайн нягтлан бодогч болохын тулд  мэргэжлийн мэдлэг сайтай, ёс зүйтэй байхаас гадна техникийн олон ур чадварыг эзэмшсэн байх ёстой. Түүний нэг нь гадаад хэлний мэдлэг байдаг. Гадаад хэлний мэдлэг одоо үед ямар чухал болохыг та бүхэн ойлгож уралдаанд оролцож байгаад бахархаж байна.” гэв.