Хөдөөгийн ядуурлыг бууруулах талаар хэлэлцлээ
Хөдөөгийн ядуурлыг бууруулах талаар хэлэлцлээ
2015.10.19

Хөдөөгийн ядуурлыг бууруулах талаар хэлэлцлээ

“Дэлхийн хүнсний өдөр”-ийг жил бүрийн аравдугаар сарын 16-нд буюу НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага үүсгэн байгуулагдсан өдөр дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Энэ жилийн “Дэлхийн хүнсний өдөр”-ийг “Нийгмийн хамгаалал ба хөдөө аж ахуй: Хөдөөгийн  ядуурлыг бууруулах нь” сэдвийн хүрээнд тэмдэглэж байгаа бөгөөд нээлттэй хэлэлцүүлгийг “Чингис” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлгийг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага болон Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “МУ-ын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төсөл хамтран  зохион байгуулж байгаа юм.

Хэлэлцүүлэгт  УИХ-ын гишүүн А.Бакей, ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд,  НҮБ-ын ХХАА-н байгууллагын  суурин төлөөлөгчийн орлогч Кевин Д.Галлахер болон  ХАХНХЯ, Нийгмийн Халамж Үйлчилгээний Ерөнхий газраас албаны хүмүүс, Монгол Улсад суугаа элчин сайдын яамд, дипломат консулын газрууд, олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд оролцож байна. 

Дэлхийн улс орнууд сүүлийн хэдэн арван жилд өлсгөлөнтэй тэмцэх үйлсэд бодит дэвшил гаргаж чадсан. НҮБ-ын ХХААБ-аас хийсэн судалгаанаас үзэхэд  129 орны 73 нь 2015 онд хоол  тэжээлийн дутагдлыг хоёр дахин бууруулах Мянганы хөгжлийн зорилтдоо хүрсэн байна.  Мөн хөгжиж буй орнуудад хэт өлсгөлөнд нэрвэгдэж буй хүн амын эзлэх хувь 1990 онд 43 хувь байсан бол энэ онд 17 хувь болж мэдэгдэхүйц  буурчээ.  Гэсэн хэдий ч дэлхий даяар  800 сая гаруй хүн байнгын өлсгөлөн байдалтай, тэрбум хүн нэн ядуу хэвээр байна.

 Дэлхийн хэмжээнд ядуусын  80 гаруй хувь нь хөдөө орон нутагт амьдардаг учраас хөдөөгийн ядуурлыг бууруулах асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлага тулгараад байгаа юм.

Хөдөөгийн ядуурлыг бууруулах талаар хэлэлцлээ

Нийгмийн хамгаалал нь өлсгөлөн, ядуурлыг  бууруулахад чухал ач холбогдолтой болохыг олон судалгааны дүн нотлон харуулсаар байна. Зөвхөн 2013 онд л гэхэд нийгмийн хамгааллын хөтөлбөрийн үр дүнд 150 сая хүн  нэн ядуу байдлаасаа ангижирч чаджээ. Олон оронд санхүүгийн болон эд материалын тогтмол дэмжлэг үзүүлдэг нийгмийн хамгааллын арга хэмжээ, өөртөө туслах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж  буй нь ядуу болон эмзэг өрхөд  алс хэтээ харж, ирээдүйгээ төлөвлөх  боломж олгож,  итгэл найдвар төрүүлж байгаа билээ.  

Манай улсад ч ядуурлыг бууруулахад чиглэсэн нийгмийн хамгааллын хөтөлбөрүүд  амжилттай хэрэгжиж  байна. “Монгол дахь нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн дизайн, үр шим хүртэгчдийн байдалд хийсэн дүн шинжилгээ" тайлангаас харахад нийт нийгмийн халамжийн сангийн зарцуулалтын 56 хувь нь амьжиргааны түвшнээс доогуур орлоготой буюу эмзэг бүлгийн өрхийн гишүүдийн 40 хувьд ногддог бол, дундаж түвшний амьдралтай өрхийн 40 хувь нь нийгмийн халамжийн шилжүүлгийн 28 хувийг хүртдэг гэсэн үзүүлэлт гарчээ.   

Гэсэн хэдий ч ядуурлын түвшин дорвитой буурахгүй байна. Статистикийн үндэсний хорооны 2014 оны тайланд дурдсанаар ядуурлын түвшин 21.6 хувь байгаагийн 26.4 хувь нь хөдөөд ногдож байгаа юм. Байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалтай манай оронд зуд турхан тохиолдсон үед энэ тоо огцом өсдөг болох нь 2009 онд 49.6, 2010 онд бүр 56.1 хувьд хүрч байсан үзүүлэлтүүд харуулж байгаа билээ.

Тэр үед олон мянган өрх амьжиргааны гол эх сурвалж болсон мал сүргээ алдаж  хөдөөд ядуурал бодитой нүүрлэж  байсан юм.  Тэгвэл энэ жил ихэнх нутгаар гантай зун болж, ирэх өвөл цаг агаар хүндрэх төлөвтэй байгаа нь биднийг асуудалд анхаарлаа хандуулж,  өвөлжилтийн бэлтгэлээ дорвитой хийхийг шаардаж байгаа юм. 

Дэлхийн хүнсний өдөрт зориулсан  энэхүү нээлттэй хэлэлцүүлэг нь дээрх асуудлыг талуудын оролцоотойгоор хамтран хэлэлцэх зорилгоор зохион байгуулагдлаа.