“Халуун сэтгэл” сайн үйлсийн аяныг зохион байгуулаа
Баянгол дүүргийн ИТХ-ын ажлын алба, Улаан загалмайн нийгэмлэг, Иргэний танхимаас “Ядууралтай тэмцэх олон улсын өдрийг" тохиолдуулан “Халуун сэтгэл” сайн үйлсийн аяныг зохион байгуулжээ. Уг аяныг өнгөрсөн баасан гаригт зохион байгуулсан ба 0-17 насны 158 хүүхэд хамрагдсан байна.
Энэ үеэр Баянгол дүүргийн Засаг дарга Д.Осороо “Манай дүүрэгт ажилгүйдэл харьцангуй бага байгаа. Учир нь ажилгүй иргэдийг ажилд хамруулах үйл ажиллагаанууд байнга зохион байгуулдаг. Өнөөдөр Улаан загалмайн нийгэмлэгтэйгээ хамтран хүүхдүүд хувцас тараах гэж байна. Бид цаашдаа хамтран ихээхэн ажлыг хийхээр төлөвлөж байгаа” хэмээн хэлж байлаа. Энэхүү сайн үйлсийн аянд хамрагдах хүүхдүүдийн бүртгэлийг энэ сарын 5-17-ны хооронд явуулсан судалгаан дээр үндэслэн хүүхдийн нэрийг гаргасан байна.
Тус дүүргийн IX, X, XVI, XXI, XXII, XXIII хорооны эмзэг бүлгийн хүүхдэд Улаан загалмайн нийгэмлэгээс өвлийн хувцас, витамин бэлэглэжээ. “Халуун сэтгэл сайн үйлсийн аяны залуус” тус дүүргийн гэр хороололд амьдардаг зорилтод бүлгийн хүүхдүүдийг хүйтний улиралд дааруулахгүй, эрүүл байлгах үүднээс энэхүү аяныг зохион байгуулсан тухайгаа хэлжээ.
Мөн “Халуун сэтгэл” сайн үйлсийн аян Баянгол дүүргийн цэцэрлэгийн насны хүүхдүүдийн урлагийн номероор үргэлжилсэн байна. Улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөгчид ирсэн хүүхэд бүрт иштэй чихэр тарааж, урлагийн номер үзүүлсэн хүүхэд бүрийг бал, зургийн дэвтэр, чихэрээр шагнасан аж. Үүнээс гадна Баянгол дүүргийн ИТХ ажлын алба, Иргэдийн танхимаас тус арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаа амлажээ.