МАН-ын сонгуулийн сурталчилгаа говийн бүст үргэлжиллээ
Хувьсгалын өлгий нутаг Сэлэнгэ аймгаас сурталчилгааны ажлаа албан ёсоор эхлүүлсэн МАН энэ удаа өмнийн цэнхэр Өмнөговь аймагт үргэлжлүүллээ. Энэ хүрээнд МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд, УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Долгор болон дэд П.Баянмөнх, Ж.Цолмон нар Өмнөговь аймагт ажилласан юм.Энэ үеэр Ухаахудагаас Даланзадгадыг холбосон 35 квт-ын өндөр хүчдэлийн шугамын нээлтийн ажиллагаа болж, Даланзадгад хотын төвийн бүх хэрэглэгчид, Ханхонгор, Номгон, Хүрмэн, Булган сумд эрчим хүчээр хангагдаж, байнгын гэрэл цахилгаантай болсон юм.
Эдийн засгийн өсөлт нь ард түмний амьдралд наалдаж, хөрсөн дээр буусан жишээ бол энэ гэдгийг Ерөнхий сайд С.Батблд онцлоод, энэ үр шимээ хүртэж байгаа даланзадгадчууддаа баяр хүргэсэн. Энэ бол эхлэл, эрчим хүч, цахилгаанаар хангах уг ажил цаашид үргэлжилж Өмнөговийн олон сумд байнгын эрчим хүчээр хангагдах болно гэдгийг гүйцэтгэх засаглалын тэргүүн тэдэнд дуулгасан.Өмнөговь аймагт Ардын намаас УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн нэр дэвшиж буй. Шинэ Монгол улсыг байгуулах түүхэн 20 жилийн ачааны хүндийг Монгол ардын нам үүрч, улс төрийн бусад намыг төлөвшүүлэхэд ардчиллын шинэ үнэт зүйлсийг бүрдүүлэхэд бусдыгаа манлайлж, аав шиг нь, ах шиг нь байж ирсэн түүхэн гавьяатай гэдгийг намын дарга С.Батболд хэлж байлаа.
Мөн тэрбээр “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд санхүүгийн том хямрал, зудын их бэрхшээлийг даван туулсан төдийгүй, олонхийн эрх авсан хэдий ч улс орныхоо хөгжлийг дэмжих үүднээс Ардчилсан намыг урьж, хамтарсан Засгийн газрыг байгуулснаар хөгжлийн томоохон үеийг эхлүүлэх суурийг тавилаа. Эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн суурийг МАН тавьж чадлаа.Замын дундаас хамтрагчид буцсан ч ажил хийвэл дуустал гэдэг зарчмаар бид ажиллаж, өмнөө тавьсан зорилтоо биелүүлж цалин тэтгэврээ нэмж, эх орны байгалийн баялгийн хишиг хувь 1.5 сая төгрөгөө хүртээж, ажилгүйдэл ядуурлаа бууруулж, шинэ бүтээн байгуулалтыг эхлүүлж, эрүүл мэнд боловсролын салбарын өөрчлөлтийн томоохон ажлууд, нийгмийн халамжийн тогтолцоог шинэчлэн бэхжүүлэх суурь ажлуудыг эхлүүллээ.
Өнөөдөр бид хэлэх үгтэй, хийсэн ажилтай өмнөговьчууд та бүхэнтэйгээ уулзаж байна. Гэлээ гэхдээ сайн сайхан болчихлоо гэж хэлэх эрт байна.Эдийн засгийн өсөлт нь хэсэг бүлэг хүнд биш, нийт ард түмэнд жигд хүрч, айл бүрийн үүдээр орж чинээлэг дундаж давхаргыг бий болгох чин хүсэл МАН-д бий. Иргэндээ тэгш хуваарилалтыг олгож, нийгэмд шударга ёсыг хэрэгжүүлэх зарчим дээр тулгуурласан мөрийн хөтөлбөрийг бид дэвшүүлж байгаа. Энэ хөтөлбөрийг бид ард түмэн та бүхэнтэйгээ хамтран боловсруулсан. Одоо үүнийгээ ард түмэн та бид хамтдаа хэрэгжүүлэх нь чухал юм. Ард түмэн та бүхний итгэл найдварыг өнгөрсөн 91 жилийн хугацаанд манай нам хэзээ ч хөсөрдүүлж байсангүй. Та бүхнийхээ итгэлийг дааж чадах туршлага эрч хүч, шинэчлэл, энэ бүгд бидэнд байна” гэдгийг дурьдаад, сонголтоо зөв хийнэ гэдэгт итгэж байгаагаа өмнөговьчуудад дуулгасан юм.Б.Энхжаргал