“Халх гол” чөлөөт бүс хөдөө аж ахуйн хөгжлийн гол тулгуур болох нь
“Халх гол” чөлөөт бүс
2015.09.29

“Халх гол” чөлөөт бүс хөдөө аж ахуйн хөгжлийн гол тулгуур болох нь

Монгол Улсын Их хурлаас Дорнод аймагт “Халх гол” хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах шийдвэр гаргасан билээ. 

Ингэснээр бидэнд хөдөө аж ахуйн салбарт дэлхийд өрсөлдөх үүд хаалга нээгдсэн гэж хэлж болно. “Халх гол” чөлөөт бүсийг амжилттай хөгжүүлснээр бидэнд дараах давуу талууд үүсч байгаа юм.   

Нэгэн цагт Аргентинд олдсон шиг болох боломжийг ашиглах

Өмнөд Америкт оршдог Аргентин улс өнөөдөр дэлхийн үхрийн махны хэрэгцээний үлэмж хувийг хангадаг. Хөдөө аж ахуйн салбараа чинээнд нь тултал хөгжүүлсэн тус улсыг ердөө 500-хан жилийн өмнө нэг ч үхэргүй байсан гэвэл итгэх хүн гарах болов уу. Үнэхээр Испанийн эзлэн түрэмгийлэгч дон Педро де Мендоза 1536 онд одоогийн Аргентин улсын нутаг дэвсгэрт хүрч, отог омгоо байгуулахдаа үхрийг анх тэнд аваачсан түүхтэй. 

Нутгийн иргэдийн байнгын довтолгооны бай болж байснаасаа болж Мендоза ердөө таван жилийн дараа отгоо орхин зугтсан юм. Зугтахдаа гэр орноосоо гадна үхэрнүүдээ мөн орхиж явсан нь нутгийн иргэдийн амьжиргааг бидний мөрөөдөөд байгаа Оюутолгой, Тавантолгойгоос ч илүү ивээн тэтгэсэн хэрэг болжээ. Испани үхэрт пампасын тал гайхалтай сайхан зохицож, эдүгээ Аргентиний валютын эх ундарга болж хувирчээ. 

Дэлхийн хоёрдугаар дайны үед Аргентин дайнд оролцсон улсуудад мах нийлүүлснээр хамгийн баян чинээлэг орнуудын нэг болж хувирч байв. Одоо ч үхрийн мах экспортын гол эх үүсвэр болж, аялал жуулчлал зэрэг бусад салбараа ч “ивээн тэтгэхүйцээр” дэлхийд танигджээ. Аргентиныг зорьсон жуулчдын дотор зөвхөн тэнд байдаг алдартай үхрийн махан стейкийг “оригоор” нь идэж үзэхийг хүсэгчид байдаг... гэх мэтчилэн дурьдаад байвал дуусахгүй. Товчхон хэлэхэд, хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлээд дэлхийн баян улсын тоонд багтаж болно гэдгийг Аргентин харуулсан. Тэгвэл бид ч тэдний жишээг давтаж яагаад болохгүй гэж. 

Тавхан зуун жилийн түүхтэй Аргентины хөдөө аж ахуй Дэлхийн хоёрдугаар дайнд дөрөөлж, махны зах зээлээ өөрийн болгож авсан. Өнө эртний уламжлалтай Монгол Улс Европын холбоо, ОХУ-ын зөрчилдөөнийг ашиглан экспортын орон зайгаа тогтоож яагаад болохгүй гэж. 1.5 тэрбум хүнтэй хоёр хөрш махны гачигдалд ороод үүд хаалгаа дэлгэж байгаа энэ үеийг ашиглаад монгол малын махны амтыг таниулчихвал экспортын хэмжээ тогтворжиж, валютын байнгын эх үүсвэртэй болно. Тиймээс “Халх гол” хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулсан нь чухамхүү нүдээ олсон шийдвэр юм. 

“Халх гол” ХАА-н чөлөөт бүс Монголыг дэлхийд хүлээн зөвшөөрүүлнэ 

“Халх гол” хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулж, олон улсын шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх нь цагаа олсон шийдвэр юм.

Манай улс энэ жил хоёр хөршид тэрбум ам.долларын мах экспортолно гэж байгаа. Гэвч энэ нь олон жил үргэлжлэхгүй гэдгийг ОХУ-ын тал ил тод хэлж буй. ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов “ОХУ-ын махны их хэмжээний импорт ойрын хоёр, гурван жилийн богино хугацааны асуудал. Бид дотоодын махны хэрэгцээгээ хангах арга хэмжээ авч байгаа. Одоогоор тахианы махны хэрэгцээгээ бүрэн хангасан. 

Гахайн махны хэрэгцээгээ бүрэн хангахад их ойрхон байна. Мөн сүү, махны чиглэлийн үхэр үржүүлж буй. Иймд Монгол мах экспортлох асуудлаа яаравчлах хэрэгтэй. Том зах зээлийг алдалгүй амт чанартай махаар байлдан дагуулах боломж одоохондоо байна. ДМАЭМБ-д 150 гаруй орон багтдаг. Тэдний мал эмнэлэг хорио цээрийн стандарт адил. Үүнийг хангах нь чухал юм. Иймд урд нь Дархан, Чойлбалсанд ажиллаж байсан шиг мах боловсруулах үйлдвэрлэлээ хувийн хэвшил Засгийн газартайгаа хамтарч сэргээх шаардлага Монголд бий. Ингэж байж Монгол малын мах зөвхөн Орос гэлтгүй дэлхийд брэнд болно. Монгол малаар баян орон. Дэлхийн махны зах зээлд гарах боломж бий. Хамгийн гол нь зөв менежментээр сайж ажиллах ёстой” гэж мэдэгдсэн. 

Тиймээс “Үүлэн чөлөөний нар” шиг хэсэгхэн зуурын боломж бидэнд олдож байна. Энэ боломжийг ашиглан орос, хятадуудад махныхаа чанарыг таниулж, экспортын хэмжээгээ тогтмол болгож авах нь бидний хувьд чухал. Мөн Элчин сайдын хэлсэн үгэнд эрүүл ахуйн шаардлагыг хангачих юм бол монгол мах дэлхийн брэнд болж чадах тухай байгаа. Халх голын чөлөөт бүсийн зорилго нь чухам энэ. Хатуу чанд хяналтын дор, ДМАЭМБ-ын шаардлага хангасан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл дэлхий биднийг хаалгаа дэлгээд угтана.    

“Халх гол” чөлөөт бүсийг хөгжүүлснээр олон улсад эрхээ эдлэх боломж бүрдэнэ

Монгол Улс 1997 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Дэлхийн худалдааны байгууллагад /ДХБ/ албан ёсоор элсчээ. Гэвч ийнхүү элссэнийхээ хэргийг өнөөдрийг хүртэл гаргаж чадалгүй явж ирсэн гэхэд буруудсан болохгүй. ДХБ-ын гишүүн орнууд бие, биедээ нэн тааламжтай үндэстний нөхцлийг харилцан олгодог бөгөөд гишүүн орон тус бүр импортын татвараа бууруулах, цаашид өсгөхгүй байх дээд хязгаарыг тогтоосон үүрэг амлалт авдаг онцлогтой. Мөн дотоодод үйлдвэрлэдэг ижил төрлийн үйлдвэрлэлийг дэмжихдээ зөвхөн тарифын зарчмыг баримтлах үүрэг хүлээдэг. 

Өөрөөр хэлбэл, Монголд хөгжих гэж ядаж байгаа хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг дэмжихдээ тарифын бус арга хэрэглэж болохгүй. Гэхдээ тариф нь хэмжээтэй. Монгол Улсын хувьд, нийт барааны импортын тарифын дээд хязгаар- 20%. ДХБ-ын гишүүн орнуудаас импортолж буй бараа бүтээгдэхүүнтэй ижил төрлийн бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгчид хийгээд эхэллээ гэхэд импортын татварыг 20 хүртэл нэмэхээс өөр хамгаалалт хийх боломжгүй гэсэн үг. Бүр тодорхой хэлбэл, импорт давамгайлсан эдийн засагтай, үйлдвэржээгүй улсын хувьд ДХБ-ын гишүүнчлэл нь аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд нь тээг садаа болдог талтай. 

Монголд 100 хувь импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэчихлээ гэхэд ижил төрлийн бүтээгдэхүүний импортыг хориглох хаах эрх байхгүй. Татвараа л 20 хувьд хүртэл нэмнэ. Тухайн импортын бүтээгдэхүүн хямд өртгөөр хийгддэг бол энэ 20 хувийн босгыг төвөггүйхэн даваад дотоодын үйлдвэрлэгчидтэй өрсөлдөж чадна. “Импортын бараанд ногдуулах дотоодын аливаа татвар (НӨТ, онцгой татвар г.м.) нь дотоодын үйлдвэрийн ижил төрлийн бараанд ногдуулж буй татвараас илүүгүй байх, татвар ногдуулах аргачлал адил байх” гэсэн ДХБ-ын дүрмийг манайх ёсчлон сахин биелүүлдэг учраас дотооддоо ч үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих боломж хомс байдаг. Манай улс өнөөдрийг хүртэл ийм л байдалтай явж ирлээ. 

Тэгвэл ДХБ-ын гишүүнчлэлээ ашигтай болгохын тулд бид экспортоо л нэмэгдүүлэх ёстой. Гэтэл шууд экспорт хийж, өрсөлдөх чадвартай салбар гэвэл манайд одоохондоо хөдөө аж ахуй, тэр дундаа мах л байна. Тиймээс “Халх гол” хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулж, олон улсын шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх нь цагаа олсон шийдвэр юм. 

Хөдөө аж ахуй экспортын гол салбар болно

“Халх гол”-д орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг олноор нь хөгжүүлбэл эдийн засгийн үр өгөөж хэд дахин нэмэгдэх тооцоо байна. Өндөр ашиг шимтэй “Костром”, “Гольштейн” зэрэг үүлдрийн үнээгээр ферм байгуулбал итгэмээргүй үр дүн гарна. “Шилмэл мал 2015” үзэсгэлэн худалдаанд оролцсон СХД-ийн иргэн Д.Төмөрбаатар хар тарлан үүлдрийн үнээнээсээ саалийн 305 хоногт 8587 литр сүү саажээ /Костром үүлдрийн үнээнээс 10-13 тонн сүү саадаг/. Жилийн турш хоногт дунджаар 28 литр сүү өгч байжээ гэсэн үг. Гэтэл бэлчээрийн мал аж ахуй эрхлээд нэг монгол үнээнээс дунджаар 1800 литр сүү саадаг.

Махны чиглэлийн “Сүмбэр” үүлдрийн хонь 65 кг жинтэй байдаг бол ноосны чиглэлийн “Орхон” үүлдрийн хонь 3.8 кг ноос өгдөг. “Халх гол” чөлөөт бүсэд дандаа өндөр ашиг шимтэй мал бүхий эрчимжсэн фермүүдийг хөгжүүлнэ. Тооноос чанарт шилжих хууль үйлчилнэ гэсэн үг. Эрчимжсэн ферм нь бэлчээрийн аж ахуйг бодвол бага хэмжээний газар ашиглан их хэмжээний ургац, бүтээгдэхүүн гаргаж авдгаараа үлэмж давуу. Мөн хүн хүч шаардлагатай бөгөөд ингэснээр ажлын байр нэмэгдэж, илүү үр ашиг хүртэх, эдийн засгийн өсөлт дагуулдаг аж.