Хэн юу хэлэв
УИХ-ын зарим гишүүдийн байр суурийг хүргэж байна.
Та намынхаа төвийн бүсийн зөвлөгөөнд улс төрийн намын үзэл баримтлалын асуудлыг хөндөж илтгэл тавьсан. Ямар зорилго тавьж энэ сэдвийг сонгов?
-Төвийн бүсийн чуулганд таван аймгийн намын хорооны удирдлага, гишүүд оролцсон. Намын бодлого, үйл ажиллагаа, үзэл баримтлал зэрэг олон асуудлаар төр засагт болон хөдөө орон нутагт ажиллаж байгаа гишүүд илтгэл тавьсан нь сонирхолтой байлаа. Өнөөдөр Монгол Улсын улстөрийн нөхцөл байдал ямар байна. Улс орон маань ардчиллын 25 жилд хэрхэн хөгжив. Бид хатуу харгис капитализмаар нь яваад байна уу, замбараагүй анархист каптитализмаар нь яваад байна уу, ардчилсан социализмаар нь явж байна уу гэдэгт ойлголт алга. Төр, засгийг удирдаж байгаа гол намууд үзэл баримтлалгүй, онолгүй байгаа. МАХН бол маш тодорхой онолтой, дүрэм, мөрийн хөтөлбөртөө социал демокрамт үзэл баримтлал, ардчилсан социалист үзэл бидний гол тулгуур гэж үздэг. Иймд улс орны авч яваа нам маш тодорхой үзэл баримтлалтай байх ёстой гэдэг асуудлыг хөндөж, энэ сэдвээр илтгэл тавилаа.
Ч.Улаан: Хүндрэлээс гарах замыг тодорхойлно
Бүсчилсэн зөвлөгөөнүүдэд улс орон, улстөр, эдийн засаг, нийгэмд бий болсон нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, хамгийн гол нь цаашид энэ байдлыг яаж өөрчлөх вэ, 2016 оны сонгуульд ямар чиглэлээр бэлдэх вэ гэдэгт илүүтэй анхаарал хандуулж ярилцаж байна. Хамгийн гол нь ингэж бодитой үнэлэлт, дүгнэлт өгснөөр цаашдын бодлого, үйл ажиллагааныхаа чиглэл арга механизмыг оновчтой зөв тодорхойлох, байр сууриа нэгтгэх, ингэж байж шударга ёс, тэгш эрхийн төлөө үр дүнд хүрэх чиглэлд анхаарлаа төвлөрүүлж байна.
О.Баасанхүү: Хэлмэгдүүлэлтийн асуудлыг олон улс анхаарах байх
-Төвийн бүсийн чуулганд “Хүний эрх ба хэлмэгдүүлэлт” сэдвээр лекц уншсан. Учир нь энэ асуудал нийгэмд өргөн хүрээг хамарч байна. Тухайлбал, улс төрийн зорилгоор хүмүүсийг ажлаас нь хоморголон халж байгаа явдал бол нийгэмд үүссэн улс төрийн хэлмэгдүүлэлтийн нэг хэлбэр юм. Мөн хэвлэлийн эрх чөлөөнд халдах, гэр бүлийн хүчирхийлэл, аль нэг улс төрийн намын удирдлагуудыг хавчин хянах, ялгаварлах, мөрдөн мөшгих явдал хэрээс хэтэрсэн. Энэ бүгдийг олон улсын төвшинд авч үзээд судалгаа гаргах байх. Миний хувьд Монголд байгаа үзэгдэл, бодит жишээ баримтуудыг лекцдээ дурдлаа.