“Шударга ёс” эвсэл гурван суудал авах саналаа АН-д хэлсэн
УИХ-аас З.Баянсэлэнгэ
2015.08.19

“Шударга ёс” эвсэл гурван суудал авах саналаа АН-д хэлсэн

УИХ ээлжит бус чуулганаар Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг УИХ-аас З.Баянсэлэнгэ гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарч ажилласан юм. Харин энэ хуульд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавихаа илэрхийлээд байгаа. Тиймээс ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэтэй тус хуулийн талаар болон бусад цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавьчихлаа. Та хоригийг эсэргүүцэж байгаа гэсэн. Ажлын хэсгийн боловсруулсан хууль нэлээд шүүмжлэл дагуулж байна л даа?

 

-Өршөөлийн хуулийг УИХ-ын нэр бүхий 25 гишүүн санаачилж, боловсруулж байсан. Өнөөдөр батлагдсан Өршөөлийн хууль дээрх хуулиас огт өөр. Гол үзэл баримтлал нь шинэ Эрүүгийн, Зөрчлийн, Процессын тухай хуультай холбоотойгоор уялдуулж гаргаж байгаа. Өршөөлийн хуулийн гол онцлог нь хуучин Эрүүгийн хуульд байдаг давтан гэж хэргийг хүндрүүлэх нөхцөл байдал шинэ Эрүүгийн хуульд байхгүй болж байгаатай холбоотойгоор мөн ялын төрөл ангилал, хөнгөн, хүнд, онц хүнд гэдэг ангилалгүй болж буй учраас Эдийн засгийн ил тод байдлын тухай хуультай уялдаж гарч байгаа юм.

УИХ-ын онцгой бүрэн эрх нь Өршөөл үзүүлэх тухай хуулийг гаргах байдаг. Ерөнхийлөгчийн онцгой эрх нь уучлал үзүүлэх тухай асуудал. Төр гэм буруутай хүнээ ялладаг, цаазалдаг хууль эрхзүйн орчин нь байна, гэхдээ энэ нь өнөөдрийн хувьд цоо шинээр өөрчлөгдөх ёстой гэж хууль хяналтын байгууллагынхан ч хэлдэг. Энэ эрхзүйн тогтолцоогоо өөрчлөхгүй бол манай хууль цааз яллах талдаа байна.

 -Тухайлбал?

-Хохирлоо нөхөн төллөө ч ялладаг. Уг нь бол нэг л хариуцлага байх ёстой байтал давхардуулдаг. Тухайлбал, таван жил ял шийтгэл эдлээд гараад ирсэн хүнийг дахин төдий хугацаанд ялтай байлгах байдал үргэлжилж байдаг. Тэр хугацаанд дахин гэмт хэрэг хийвэл хүндрүүлэх нөхцөлөөр хэргийг зүйлчилдэг. Бид энэ хууль эрхзүйн орчныг өөрчлөн шинэчлэх зайлшгүй шаардлага бий. Тиймээс Засгийн газраас оруулж ирсэн Өршөөлийн хуулийг шинэ концепцоор боловсруулахаар УИХ-аас гарсан ажлын хэсэг ажилласан. Ажлын хэсэгт орж ажилласан гишүүний хувьд нийгэмд хүлээлт үүсгээд байгаа энэ хууль гарах ёстой.

Шинэ Эрүүгийн хуультай уялдуулж байгаа нь дараа дараагийн Өршөөлийн хууль гарах үндэс суурь болно гэж үзэж байгаа. Өршөөлийн хууль хамгийн анх 1991 онд гарсан. Өнгөрсөн хугацаанд нийт таван удаа гарсан байдаг. Тухайн үед Өршөөлийн хуулиар тухайн хүнд уучлал өршөөл үзүүлсэн бол дахин өршөөлд хамруулахгүй гэдэг байсан. Гэм буруутай нь шүүхээр тогтоогдоод 1991 онд өршөөлд хамрагдаад гараад ирлээ гэхэд өнөөдөр санамсар болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдлээ гэж бодоход “Та 1991 онд Өршөөлийн хуульд хамрагдаж байсан юм байна. Одоо танд үйлчлэхгүй” гэх өрөөсгөл зүйл заалт явж байсан. Тиймээс шинэ хуулиар үүнээс татгалзаж, өршөөлд хамруулах ёстой гэж үзэн энэ хуулийг боловсруулж, батлуулсан.

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн Өршөөлийн хуулийн төсөл УИХ дээр 70 хувь нь өөрчлөгдсөн. Авлигач, албан тушаалтнуудыг өршөөж байгаа нь шүүмжлэл дагуулж байна. Н.Энхбаярт зориулсан хууль боллоо гэх хүмүүс ч бий..?

-Ерөнхийлөгч прокурорын байгууллагын 85 жилийн ойд оролцож, хэлсэн үгэн дээр нь би янз бүрийн зүйл ярьмааргүй байна. Гэхдээ хэлсэн үгийг нь харвал, авлигачид гэлтгүй хууль хяналтын байгууллага шударга ажиллаж, тогтолцоогоо шинэчлээч гэх зүйлүүдийг хэлсэн. Тэгэхээр хууль хүчний байгууллага шударга шийдвэр гаргаж чадаж байгаа эсэхэд олон хүн эргэлздэг. Тэдний гаргаж буй шийдвэр шударга гэдгийг хэн батлах юм. Хууль бусаар улс төрийн захиалгаар  шийдвэр гаргавал яах вэ.

Хэн нэгнийг хэлмэгдүүлж, хилсдүүлж, ял шийтгэл оноосон байвал яах юм. Төр өөрөө алдаагүй цэвэр, шударга ажиллаж байгаа гэдэгт хэн итгэх вэ. Төр алдаж болно. Төр шийдвэрээ гаргаж болно. Харин төр эргээд гэмт буруутай нь шүүхээр тогтоогдсон хүмүүстэй тодорхой зүйлчлэл дээр хэргээс нь өршөөл үзүүлж болно шүү дээ. Өршөөлийн хуульд 2500 орчим хүн хамрагдахаар яригдаж байгаа. Энэ хүмүүс бүгд авлигачид биш. Тэр чигээрээ албан тушаалтан бус. Үүнд 20-иодхон хүний асуудал яригдаж байгаа.

-Авлига албан тушаалын хэрэгтэй 20-иод хүн л байна гэж үү?

 -20-иодхон хүн чинь 2500 хүнийхээ хэдэн хувь байж чадаж байна вэ. Энэ 20 хүнийг гаргалаа гээд Монголын төр цэвэршиж чадах уу. Энэ хүмүүсийг яллалаа гээд авлига, албан тушаалын гэмт хэрэг зогсож чадах уу. Тэгэхээр эрхзүйн орчноо өөрчлөөгүй цагт шударга шийдвэр, хууль цааз яриад байж болохгүй. Эрхзүйн шинэчлэлийг иж бүрнээр нь хийх шаардлагатай. 20-иод албан тушаалтны хэрэг дотор нягтлан, няравын ч асуудал явж байгаа.

Мөнгө санхүү гарын үсэг зурдаг хүмүүстэй холбоотой хэрэг байгаа шүү дээ. Албан тушаалтнуудыг өршөөлөө гэж ярих юм. Үндсэн хуульд шашин шүтлэг, боловсрол мэдлэгээр нь хүнийг ялгаварлахгүй гэж заасан. Тэгсэн хэр нь хүнийг албан тушаалаар нь ялгарварлаж болох уу. Хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй. Бид хэргийн зүйлчлэл бүр дээр ажилласан. Эрхзүйн тогтолцоогоо өөрчлөхгүй байхын аргагүй цаг үе болчихоод байна гэдгийг залилангийн гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл болох онц их хэмжээний хохирлын хэмжээгээр авч үзье л дээ.

-За...?

 -Улсад болон иргэнд 20 сая төгрөгийн хохирол учруулсан бол онц их хэмжээний гэж үзэн 10-15 жилийн ял оноож байна. 20 сая төгрөг гэдэг өнөөдрийн мөнгөний ханштай уялдуулж авч үзэхэд онц их хэмжээний мөнгө байж чадаж байна уу. Тэгвэл 35 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гадаадын хүнийг өршөөчихөөд түүн дээрээ яагаад анализ хийдэггүй юм. Монгол хүнээ өршөөх болохоор албан тушаалаар нь ангилаад байгааг ойлгохгүй байна. Монгол Улсад ашиггүй гэрээ хэлэлцээрийн үед ажиллаж байсан гээд ярьвал ярина шүү дээ.

Ерөнхийлөгчийн уучлал үзүүлж гаргасан хүн хүний амь нас бүрэлгээд явж байсныг бид мэднэ. Түүн дээр сургамж аваад энэ хууль дээр ажиллалаа. Хууль бүр өнөөдөр төгс төгөлдөр байх албагүй. Гэхдээ бид засч сайжруулаад явах ёстой. Төр энэрэнгүй байх ёстой гэдэг зарчим дээр бид ажилласан. Ганц хүнийг өршөөхийн тулд ажилласан гэвэл өрөөсгөл. Тэгж ярьвал Н.Энхбаяр гэдэг хүний шалгагдаж байгаа хэргийг хэвлэлийнхэн мэдэж байна уу. Хоорондоо гэрээ байгуулаад гэрээ дуусгавар болсон, авсан өгсөн мөнгөө төлсөн байрныхаа асуудлыг шийдсэн, ямар ч гэрчгүй, ямар ч мөнгөний баримт авч өгөөгүй иргэний хэрэг дээр АТГ хэрэг үүсгэн шалгасан.

-МАХН-ын одоогийн байрлаж байгаа байрыг хэлж байна уу, Та?

Тийм. Хэвлэх үйлдвэрийг хувьдаа авч завшсан, шамшигдуулсан гэж байна. Газар нь нийслэлийн өмч шүү дээ. Юуг нь шамшигдуулсан юм бэ. Ийм зохиомол зүйл яриад явж байгаа. Гэрээн дээр заасан мөнгөө авч, өгсөн, тэр гэрээ дуусгавар болсон.

-Н.Энхбаяр даргын одоо шалгагдаж байгаа хэрэг Өршөөлийн хуульд хамрагдах уу

-Н.Энхбаяр дарга цагаадах ёстой. Өөрийнх нь шалгагдаж байгаа хэрэг иргэний асуудал. Энэ асуудалд эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй. Анх цагдаагийн байгууллагад хэдэн еврей нар өргөдөл гаргасан юм байна лээ. Өргөдлийг хууль хяналтын байгууллага шалгаад “Манай харьяаллын хэрэг биш. Иргэний журмаар шийдвэрлүүлэх хэрэг юм байна. Маргаантай байгаа бол иргэний журмаар нэхэмжлэл гаргаад яв” гэсэн юм билээ. Ингэж буцаасан хэргийг Улсын ерөнхий прокуророос дугаар өгөөд шалга гэж үүрэг өгсөн. Бодит үнэн нь энэ. Тэгэхээр энэ хэрэг цагаадах ёстой. Энэ хуулиар Н.Энхбаяр гэдэг хүн дээр хамааралтай зүйл байхгүй. Харин өнөөдөр олон зуун алдсан эндсэн аавын хүүхдүүд амьдралдаа сургамж аваад явах боломжийг төр нэг удаа олгож байгаа явдал юм.

-Авлига албан тушаалын хэргээр сэжиглэгдэн шалгагдаж буй хүмүүс өршөөгдсөнийхөө дараа улс төрд хүч үзэх магадлал өндөр. Өршөөгдсөний дараа улс төрд орох эрх нь нээгдэх үү?
 

-Зүйлчлэлээр нь ялыг хэсэгчилж буюу бүтэн өршөөж байгаа. Хэсэгчилж ялаас нь хасч байгаа бол хүнд, хүндэвтэр хэргүүд буй юм. Ялаас нь хасахгүй 28 зүйлчлэлтэй хэрэг бий. Шалгагдаж байгаа хэргүүд дотор ялаас хугацаа хасагдах, бүрэн ялд хамаарахгүй зүйл ангиар шалгуулж байгаагаас бусад хэргүүд чөлөөлөгдөнө. Улс төр талаас нь харвал, сонгуулийн үед бохир зүйл их гардаг. Өрсөлдөгчөө сонгуульд өрсөлдүүлэхгүй байх үүднээс ХОМ-ийн урьдчилсан мэдүүлэг дээр буруу мэдүүлсэн байна, сонгуульд оруулахгүй байх жишээтэй. Сонгуулийн ерөнхий хороо Н.Энхбаяр даргыг хүртэл мэргэжил ур чадвар хүрэхгүй гэх шалтгаанаар нэрийг нь татаж байсан. Тиймээс хууль эрхзүйн салбар шинэчлэгдэх ёстой.

-Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авбал ямар нөхцөл байдал үүсэх вэ?

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал нийгэмд хүлээлт үүсгээд байгаа хууль гацна. Ял эдэлж байгаа хүмүүсээс гадна тэдний ар гэрийнхэн сэтгэлзүйн хувьд таагүй байдал үүснэ. Нэг хүн ял шийтгэл эдлээд хариуцлага татагдаад явлаа гэхэд тухайн хүн дангаараа хариуцлага үүрэгддэггүй шүү дээ. Тухайн хүний гэр бүл, ах дүү, амраг садан, үр хүүхдээс эхлээд сэтгэл санаагаар давхар хохирч байдаг. Төр алдаагаа засах боломж байгаа. Тэр алдаагаа засахгүй гэж байгаа бол тэр л биз дээ.

-Засгийн газарт хамтрах ажлын хэсэг дахин хуралдсан уу. Ер нь ямар шийдвэр гарахаар болсон бэ?

-Ажлын хэсэг хоёр удаа хуралдсан. Хэлэлцэх асуудлын дарааллаар хуулиуд орох ёстой гэх байр суурийг баримталлаа. Хамгийн сүүлд Засгийн газрын гишүүнийг томилох асуудал орж байгаа. “Шударга ёс” эвслээс тодорхой саналуудаа хэлсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдэж байгаа шиг зүйл болоогүй. Дөрвөн сайдын суудал авна гэсэн зүйл байхгүй. Манай эвсэл хоёр намаас бүрдэж байгаа учраас хоорондын харилцаанд сэв суулгахгүй, цаашдын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх чадавхижуулах үүднээс тодорхой саналуудыг тавьсан. Бодлогын, чиг үүргийн тус бүр нэг яамыг авах саналаа илэрхийлсэн. Бидний гаргасан санал дээр үндэслэж АН дөрвөн сайдынхаа нэр дэвшигчдийг тодруулсан байх.

-Хууль зүйн яамыг авна гэсэн мэдээлэл гарсан байна. Энэ үнэн үү?

-Тийм зүйл яригдаагүй. Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын, дэд бүтцийн чиглэлийн яам авахаар саналаа илэрхийллээ. О.Баасанхүү гишүүнийг Хууль зүйн сайд болох нь гэх яриа гарсанд харамсаж байна. Сайд нь яригдаагүй асуудалд шинээр сайд томилох асуудал байхгүй шүү дээ.

-Шадар сайдын суудлыг танайх авах уу?
 

-Мэдээж Шадар сайдын суудал автоматаар манайд ирнэ. Дээр нь бодлогын, чиг үүргийн яамыг авахаар ярьсан.

 -М.Энхсайхан сайдын асуудал хөндөгдөж байгаа гэсэн. Энэ тухайд?

-М.Энхсайхан сайдын асуудал хөндөгдөөгүй. Ер нь гурав, гурав ойлгож болно.