Сайдаар ажиллаж байсан хүнийг дахин томилж болохгүй
Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг бүрдүүлж, дараагийн сайд нарыг томилох асуудал ид яригдаж байна.
Парламентад суудалтай намууд тэр дундаа АН, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийнхэн гол тоглогч болоод байгаа энэ удаагийн томилгоо чамгүй хугацаанд сунжирч байна. Тэр хэрээр сайдын суудал горилогчдын тоо ч нэмэгдэж, олон хүний нэр сонсогдож байна. УИХ-ын гишүүд ч энэ талаар өөр өөрийн байр суурийг илэрхийлж буй.
Тухайлбал УИХ-ын гишүүн А.Бакей "Асуудлыг шийдэхэд зарчим, шалгуур байх ёстой гэж би үздэг. Тодруулж хэлбэл үлдсэн хугацаа тун бага байгаа учраас сайдын дамжаанд суралцах биш яамыг шууд удирдаад явчих ажлын арга туршлагатай хүнийг сонговол зүгээр. Түүнээс гадна 2012 оноос хойш Засгийн газарт сайд хийж байгаад хариуцлага хүлээж буусан хүмүүсийг дахин оруулж ирэх шаардлага байхгүй байх гэж бодож байгаа. Ер нь бол аль ч нам үүнийг бодох ёстой. Ийм шалгуураар нэр дэвшүүлээд явбал асуудал хурдан хугацаанд шийдэгдэнэ" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлжээ.