УИХ-ын дарга З.Энхболдын мэндчилгээ
УИХ-ын дарга З.Энхболд
2015.07.17

УИХ-ын дарга З.Энхболдын мэндчилгээ

  Монгол Улсад автотээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан автотээврийг хөгжүүлэх ариун үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмадууд, тэдний үйл хэрэг, ажил мэргэжлийг залгамжлан шаргуу хөдөлмөр, бүтээлч үйлсээ зориулан ажиллаж байгаа инженер техникийн ажилтнууд, тээвэрчид, нийт хамт олон Та бүхэнд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье.

Ардын Засгийн газрын 1925 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрээр автотээврийн газрын үндэс суурийг тавьснаас хойш 90 жил өнгөрчээ.Өнгөрсөн түүхийн энэ хугацаанд авто тээвэрчдийн бүтээсэн нөр их хөдөлмөр нь улс орны эдийн засаг, батлан хамгаалах, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан билээ.

Тээврийн салбарууд дундаас хамгийн өргөн хүрээг хамардаг Автотээврийн салбарын эрэлт хэрэгцээ байнга өсөн нэмэгдэж байгаа бөгөөд автотээврийн салбарын үйл ажиллагаа, хууль, эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох, ойрын ирээдүйд техник, технологийн шинэчлэлт хийж автотээврийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэх зорилт тээвэрчид Та бүхний өмнө тулгарч байна.

Манай үе, үеийн автотээвэрчид салбарынхаа өмнө тавигдсан зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж, тулгамдсан асуудлуудаа даван туулж, эрхэлсэн ажил үйлсдээ өндөр амжилт гарган ажиллаж ирсэнийг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд нэн таатай байна.

        Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан автотээврийн салбарын үе үеийн тээвэрчид, нийт хамт олон Та бүхний алтан шар зам өлзийтэй байж, юу санасан есөн хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн ерөөлийг өргөн дэвшүүлье.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД

             2015.07.17

       УЛААНБААТАР ХОТ