Бага тойруу хотын төв болно
Нийслэлийн ИТХ -ын ээлжит XX- VIII хуралдаан болж, Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн техник эдийн засгийн үндэслэлийн асуудлыг хэлэлцсэн юм.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт нийцүүлэн Бага тойруу буюу Чингэлтэй дүүргийн 1-6 хороо, Сүхбаатар дүүргийн IV, V, VI, VIII хорооны 243.3 га газрын хэмжээнд боловсруулсан Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн техник эдийн засгийн үндэслэлийг баталсан.
Ингэснээр бага зайд томоохон бүтээн байгуулалт хийж, орчин үеийн өнгө үзэмж бүхий орчныг бий болгох юм. Төлөвлөлтийн нутаг дэвсгэрт нийт 13809 айлын 312 орон сууцны барилга судлагдсанаас 12541 нь орон сууцны зориулалтаар, 1268 нь олон нийт, үйлчилгээний зориулалтаар ашиглаж байна. Бага тойруугийн нутаг дэвсгэр нь нийт 40.983 хүн амтай бөгөөд 11.384 өрхтэй юм. Багатойрууг Улаанбаатар хотын төв болгож, хүн амын төвлөрөл багатай, улс, нийслэлийн чанартай ажил хэргийн бүс болгон хөгжүүлэх зорилтын тусгасан.
Үүний хүрээнд улсын болон нийслэлийн нэг дүгээр зэргийн хамгаалалтад авсан барилгын хийцийг стандартад нийцүүлэн засварлаж хадгалах, нийслэлийн хоёрдугаар зэргийн хамгаалалтад авсан барилгын эх байдлыг хэвээр хадгалан, шинэчлэн сайжруулах, газар ашиглалтыг сайжруулан дахин төлөвлөж шинэчлэн барилгажуулна. Мөн улс, нийслэлийн чанартай засаг захиргаа, соёл олон нийтийн үйлчилгээг задлах бодлогын хүрээнд зургаан дэд төвийн нэг болгон хөгжүүлэхээр тусгажээ.
Бага тойруу орчмын хуучин барилгыг шинэчлэн сайжруулах, дахин төлөвлөх ажлын хүрээнд нийт 2.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай юм. Үүнээс барилга угсралт, засварын ажлын дүн 80 хувь буюу 1.7 тэрбум, зам талбай тохижилтын дүн 18 хувь буюу 397.9 тэрбум, инженерийн дэд бүтцийн хангамж хоёр хувь буюу 51.9 тэрбум төгрөг шаардлагатай юм.
Хөрөнгө оруулалтыг санхүүгийн эх үүсвэрийг төсвийн хөрөнгө оруулалт 10 хувь буюу 225.6 тэрбум төгрөг, концессийн гэрээгээр / бондоор/ 21 хувь буюу 460.2 тэрбум төгрөг, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 69 хувь буюу 1.5 тэрбум төгрөгийн ажил хийх боломжтой гэж тооцоолж байна.
Мөн хуучин газар хөдлөлтийн арга хэмжээнд тусгагдаагүй барилга байгууламжийг шинэчлэн барилгажуулснаар иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх, хотын төвийн хэсгийн газар ашиглалтыг нэмэгдүүлэн, хуучин барилгыг шинэчлэн барилгажуулснаар ногоон байгууламж, зам талбай нэмэгдэн хотын төвийн хэсгийн өнгө үзэмж нэмэгдэн, иргэдийн ажиллах, амьдрах ая тухтай орчин бүрдэх нийгмийн үр ашигтай.
Харин хөрөнгө оруулалтын таатай орчинг бий болгон хөрөнгө оруулагчийг дэмжин хотын эдийн засгийн өсөлт авчрах, хотын төвийн хэсгийн барилга байгууламжийн эрэлт хэрэгцээг хангах, барилга байгууламжийн үнэ нэмэгдэх, улс нийслэлийн татварын орлогыг нэмэгдүүлэх, улмаар хөрөнгө оруулах чадавхийг нэмэгдүүлэх зэрэг нь эдийн засагт үр нөлөөтэй.