МАН-ынхан “Бид хамтдаа” аянаараа Засгийн газрын үйл ажиллагааг муулаад явж байна
УИХ дахь АН-ын бүлгийн дарга УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар
2015.06.23

МАН-ынхан “Бид хамтдаа” аянаараа Засгийн газрын үйл ажиллагааг муулаад явж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Ерөнхий сайдын мэдээллийг сонсч, Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн байна. 

Харин бусад гэсэн асуудлын хүрээнд Засгийн газарт хамтарсан МАН-ын гэрээний биелэлтийг хэлэлцэх байсан ч Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд орон нутагт ажиллаж байгаа учраас түр хойшлуулсан хэмээн мэдээллээ. 

Бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн долоо хоногт ОХУ-д ажилласан. Энэ үеэрээ хойд хөрштэй хийн хоолой, төмөр зам авто замын талаар хамтран ажиллах боломж, дэмжлэг байгаа эсэх талаар санал солилцсон. ОХУ-ын талаас энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн байна. Мөн Ерөнхий сайд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй Монгол Улсаас ОХУ-д гаргах мах, махан бүтээгдэхүүний талаар төдийгүй, визийн асуудал, хил нэвтрэхэд үүсч буй хүндрэлийг зохицуулах талаар ярилцаж, ойлголцолд хүрчээ” гэсэн юм. 
Мөн Төрийн өмчийг хувьчлах тухай тогтоолын талаар хэлэлцжээ. Уг тогтоолын төсөлд тусгасан нийгмийн салбар буюу эмнэлэг, сургуулийн менежментийн хувьчлалын асуудлыг тогтоолоос хасах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрч, бүлгийн гишүүд 100 хувь дэмжсэн” гэлээ.
Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-МАН-тай байгуулсан гэрээний тухайд гишүүд ямар санал гаргаж байна вэ?

-Энэ талаар өнөөдөр албан ёсоор хэлэлцээгүй. Гэхдээ энэ талаар ярих шаардлага үүсч байна. Учир нь МАН хамтран Засгийн газар байгуулсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл “Зөвшилцлийн гэрээ”-нд тусгасан ажлуудаа бүрэн биелүүлээгүй байна.

-Гэрээгээ цуцалж магадгүй гэсэн үг үү?

-Одоогоор эцсийн шийдвэр гараагүй байна. Ер судалгаанд үндэслэж ажиллах ёстой. АН-ын зүгээс “МАН, АН хамтрах нь зөв үү” гэсэн санал асуулга явуулсан. Энэхүү судалгаанд оролцсон 1000 хүний 63 хувь нь хамтрах нь буруу гэж үзсэн байна. Түүнчлэн манай намын орон нутгийн байгууллагууд хамтран Засгийн газар байгуулсанд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа. Хамгийн гол нь УИХ-д суудалтай бүх нам, эвсэл хамтран 73 гишүүний бүрэлдэхүүнтэй том бүлэг байгуулсан. Тэгсэн хэрнээ Засгийн газраас оруулж ирсэн хууль, тогтоолын төслүүдийг унагаж байгаа.

-Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед “Зөвшилцлийн гэрээ”-г эргэж харна гэх мэтээр Засгийн газрыг тогтворгүй байдалд оруулах нь зөв үү?

-Эдийн засаг хүндрэлтэй байгаа гэдгийг бүгд мэдэж байгаа. Эдийн засгийг сайжруулахын зорилгын хүрээнд эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг гэх уриатай Засгийн газрыг бүрдүүлсэн. Харамсалтай нь хамтарсан Засгийн газар эдийн засгийг огт сайжруулаагүй байна. Хамгийн наад зах нь МАН “Бид хамтдаа” аян өрнүүлж байгаа. Энэ аяныг өрнүүлэх багт хамтарсан Засгийн газрын гишүүд оролцож, Засгийн газрын үйл ажиллагааг муулаад явж байна. Тухайлбал, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол нар. УИХ-ын гишүүд өөрсдөө тойрогтоо ажиллаж болно.
МАН том учраас Засгийн газарт голлох нөлөө үзүүлж байгаа. Засгийн газрын гол яамдыг удирдаж байгаа. Бид хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжиж байгаа гэж боддог. Гэтэл өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн нэг ч заалт биелэхгүй байна гэх мэдээлэл хийсэн. МАН-ын гишүүдийн илэрхийлж байгаа байр суурийг харахад Засгийн газрын үйл ажиллагаанд саад болох асуудал ярьж байна. Бид бол МАН-ын бүлгийг Засгийн газраас гаргах асуудал яриагүй. Гэрээний биелэлтийг л дүгнэх юм. Одоогоор бол гэрээний хэрэгжилт 50 хувьтай байна. Үүний дийлэнхийг албан тушаалын хуваарилалт эзэлж байна.

-МАН Засгийн газрын зарим хууль, тогтоолын төслийг дэмжихгүй унагаж байгаа тухай асуудал яригдаж байна. Тухайлбал, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг нэрлэж болж байна?

-УИХ-д өргөн барьсан олон хууль унасан. Тавантолгойн төслийг МАН дэмжиж байгаа. Харин АН дотроо “зодолдоод” байна гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хийсэн байна. АН-аас болоод Тавантолгой гацаад байгаа юм биш. Хамтарч ажиллаж л байгаа бол бүх нам энэ талаар санал, санаачилга гаргах ёстой. Түүнээс биш бүх асуудлыг АН руу чихээд байж болохгүй. Засгийн газар өргөн барьсан асуудлуудаа хамгаалж чадахгүй байна гэдгийг УИХ-ын дарга хэлж байсан. Тиймээс сайд нар Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж явах хэрэгтэй юм.

-“Зөвшилцлийн гэрээ”-г цуцлах тал дээр МАН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-Анх гэрээ байгуулах үед оролцсон МАН-ын ажлын хэсгийн гишүүдтэй уулзах болно. Үүний дараа АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны бага хурал хуралдаж, тодорхой шийдвэр гаргах байх.