Хүүхдийн паркт “Шангри” гэдэг “тоглоом” хийсэн байгаа
УИХ дахь бие даагч гишүүд
2015.06.23

Хүүхдийн паркт “Шангри” гэдэг “тоглоом” хийсэн байгаа

УИХ дахь бие даагч гишүүдийн зөвлөлийнхөн мэдээлэл хийлээ.

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн олон хууль хэлэлцэгдэж амжихгүй болох шинжтэй. Үүний нэг нь УИХ-ын гишүүн С.Ганбаатарын санаачилсан хүүхэд харах үйлчилгээний тухай хууль.

Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 250 мянган хүүхэд байдгаас гуравны нэг нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Цэцэрлэгүүдийн ачааллыг багасгах, хүүхдийг аюулгүй орчинд асарч хамгаалахад тустай хууль гэж УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хэллээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Манай эрх мэдэлтгүүд хүүхдийн гэсэн бүхнийг булааж байна. Хүүхдийн паркт “Шангри” гэсэн тоглоом хийсэн байгаа, та нар очиж хараарай хэмээн егөөдөв. Улсын цэцэрлэгийн нэг ангид дунджаар 40 гаруй хүүхэд хүмүүждэг. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль батлагдвал 10-аас цөөн хүүхдийг харах боломж бүрдэнэ гэж нэмж хэллээ.

Мөн тэрбээр УИХ-аар өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг дэмжих боломжгүй гэсэн бие даагчдын байр суурийг илэрхийллээ. Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа нь газар. Бие даагчид газрыг нийтийн эзэмшилд байлгана, өвлүүлнэ хамгаална гэсэн байр суурьтай.

Гэтэл Засгийн газраас мөнгө хүүлэгчдэд зориулсан хууль оруулж ирлээ. Иргэн газраа банк, санхүүгийн байгуулагад барьцаалан зээл аваад төлбөрөө төлж чадахгүй бол үл маргах журмаар хураан авна гэсэн заалт уг төсөлд байна. Иргэн газраа алдахад хүрвэл гурван шатны шүүхээр давж заалдах эрхийг нь хязгаарласан энэ хуулийн төслийг дэмжих боломжгүй гэв.

Ц.ДАВААСҮРЭН: РИО ТИНТО ӨӨРТӨӨ АВСАН ЗЭЭЛИЙГ МОНГОЛЫН КОМПАНИАР ТӨЛҮҮЛЭХ ГЭЖ БАЙНА

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Бие Оюутолгойн Дубайн гэрээний асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьсан ч ”өвчтэй” гэх шалтгаанаар зугтаад мэдээлэл өгөхгүй байна. Засгийн газар нэг тэрбум ам.долларын зээл авах гэж байна. Бүх зээл Хятадаас байгаа нь буруу. АН, МАН-ынхан Засгийн газарт хамтрахдаа зээл авахгүй гэсэн. Гэтэл одоо баахан зээл тавьж, хойч үеэ өрөнд унагааж байна.

Гэрээний 30 жилд Оюутолгойгоос Монгол Улс 5 хувийн л ашиг хүртэнэ. “Рио Тинто” өөртөө 6 тэрбум ам.долларын зээл аваад, Монголын компаниар зээлээ төлүүлэх гэж байна. 6 тэрбумын зээлийнхээ 2 тэрбумыг л Монголд зарцуулна гэв.

Яг зээлгүйгээр төрийн ажил явуулна гэвэл амаргүй болсон. Тиймээс зээл авч болно. Засгийн газар яг хаанаа ямар хөрөнгө оруулалт хийх, юуг төсвийн хөрөнгө оруулалтаар шийдэхээ тооцох ёстой. Бүх асуудлыг өр зээлээр шийдэж, хойч үеэ өрөнд унагаж болохгүй гэж мэдээллээ.