Хөгжлийн бодлогод Ногоон эдийн засгийн зорилтыг тусгах сэдвээр хэлэлцүүлэг болов
Монгол лсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн хамтрагч байгууллагууд хамтран өнөөдөр /2015.06.18/ “2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрт ногоон зорилтыг тусгах нь: Монгол Улсад хэрэгжүүлэх боломж, сорилт” сэдэвт хүрээнд хэлэлцүүлгийг зохион явууллаа.
Байгаль орчны сайд асан, зөвлөх З.Батжаргал хэлэлцүүлгийг удирдан явуулсан юм. УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, өнөөдөр Монгол Улс нь ногоон хөгжлийн замаар хөгжих гараагаа эхлээд явж байна. Эдийн засгийн өрсөлдөх чадвараа сайжруулж, ногоон хөгжилд суурилсан тогтвортой өсөлтийг бий болгон, хүртээмжтэй, тэгш нийгмийг байгуулахын тулд бидэнд бусад улс орны туршлагыг судлан нутагшуулах зайлшгүй шаардлага байгаа юм. Бидэнд ч бас бусад орнуудтай хуваалцах сайн туршлага, сургамж бий. Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл /PAGE/ Ногоон хөгжлийн бодлогыг баталснаас хойших жил гаруйн хугацаанд Монгол Улсын хүрсэн амжилт, бас сорилтын талаар хэлэлцэж, PAGE-ийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашид хийх ажлын талаар тодорхой шийдвэр гарч буй гэдэгт бүрэн итгэлтэй байна гэв.
Дараа нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нар Монгол Улсын хөгжлийн тулгуур бодлого болох Ногоон хөгжлийн бодлогод тусгасан зорилго, зорилт, тэдгээрийг хангах арга зам, түүнд хүрэх шалгуур үзүүлэлтийг үндэсний хөгжлийн бодлого төлөвлөлттэй уялдуулан хэрэгжүүлэх талаар илтгэл тавилаа.
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол илтгэлдээ, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын санаачилсан Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл хөтөлбөрт Монгол Улс нэгдэн, хамтарсан төсөл хэрэгжүүлж байна гэв. Тодруулбал, Монгол Улс Ногоон хөгжлийн бодлогын зорилго, зорилтын хүрээнд уг төслийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх талаар танилцуулав. Үүнд, Ногоон хөгжлийн үндсийг тавих үе /2014-2020 он/ болон Ногоон хөгжилд шилжих үе /2021-2030 он/.
Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлснээр, бүс нутагтаа өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний салбар хөгжиж, мэдлэгт суурилсан эдийн засаг төлөвшиж, ногоон хөрөнгө оруулалт, санхүүжилтийн механизмаар байгальд ээлтэй, үр ашиг өндөртэй ногоон дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, цэвэр үйлдвэрлэлийн технологийг хөгжүүлж, нэгж бүтээгдэхүүнд ногдох хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах. Мөн Эдийн засгийн бүтцэд өндөр технологи, инноваци шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл давамгайлж, ногоон эдийн засагт шилжинэ гэж онцлов.
Үүний дараа, Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Г.Баярсайхан, Су.Батболд болон бусад оролцогчид хэлэлцүүлэг өрнүүлсээр өнөөдрийн өндөр түвшний хэлэлцүүлэг өндөрлөлөө хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.