Хууль зөрчөөд ч хамаагүй Гацууртын 50 хувийг авъя
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2015.06.18

Хууль зөрчөөд ч хамаагүй Гацууртын 50 хувийг авъя

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.

-Газрын доорх баялаг ард түмний баялаг байна гэсэн заалтыг УИХ-ын гишүүд давтдаг боллоо. Уул уурхайн асуудал ярих бүрт энэ заалтыг уншдаг байх юм уу. Гацууртын ордын хувь эзэмшлийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

Манжийн цэрэг Ойрад Монгол, Галданбошигтын цэргийг бут цохиход дагаж Хятадын доншуур наймаачид орж ирсэн. Тэд Монголын сүүлчийн хаант засаглал хөмөрсний дараа хэмжээгүй эрх дарх эдэлж эхэлсэн. Хятадууд Монголд 300 гаруй жил мөнгө хүүлсэн. Да Шин Күн гэж компанийг байгуулсан нь 240 гаруй жилийн түүхтэй. Тэр нь явсаар байгаад Хятаддаа үндэсний хэмжээний том компани болж байсан.

Яаж вэ гэхээр монголчуудыг мөлжиж, маш өндөр хүүтэй мөнгө хүүлж, монголчуудыг үеийн үеэр нь дааж давшгүй өрөнд оруулсан. Яагаад үүнийг хэлж байна гэвэл, Монголын эдийн засаг өнөөдөр яг энэ байдал руу эргэж орлоо. Оюутолгой, Гацуурт хоёрыг эргээд харахад ийм байна. Оюутолгой дээр хоёр байтугай миллиард ам.долларын өрөнд орж байна. 34 хувиа бид зээлээр авсан.

Маш өндөр хүүтэй явж байдаг. Сентерра гоулд бас ийм байгаа. Орчин үед дахиад шинэ шинэ Дашинхүүгийн пүүсүүд гарч ирж байна. Оюутолгой,Тавантолгой орчин үеийн Дашинхүүгийн пүүс болсон. Гацууртын ордын хайгуулыг улс хийсэн. Эхлээд 20 хувийг үнэгүй өгье гэсэн. Одоо 34 хувь дээр асуудал яригдаж байгаа. Би бол 34 хувийг чамлаж байгаа.

-Таныхаар 34 биш бол хэд байх ёстой вэ?

Би бол Ерөнхий сайдад хэлсэн. “Монголын талын 34 хувийг би голж байгаа шүү. Манайх 50 цаашлаад 51 хувийг нь эзэмших ёстой. Та нар хуулиас гадуур зөндөө л юм хийдэг шүү дээ. Тэгээд энэ дээр хууль зөрчөөд 50 хувь болгочих л доо” гэсэн. Оюутолгойн гэрээ зөндөө л хууль зөрчсөн. Тийм юм чинь эх орондоо ашигтайгаар хууль зөрччих гэсэн. Иймээс төр хуулиа зөрчөөд 50 хувийг нь авах ёстой.

-АН-ын бүлэг Засгийн газрын оруулж ирсэн хувилбараар хувь эзэмшлийг дэмжинэ гэсэн. Өнгөрсөн хугацаанд Сентерра Гоулд Монголд юу өгснийг бас ярьсан байх?

Багаахан татвар төлсөн байх. Гэхдээ тэд бүхэл бүтэн том уулын алтыг тэр чигээр нь ачиж явсан. Миний бодлоор энэ компани Монголын ард түмэнд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэл тааруухан байгаа. Яах вэ, дургүйд хүчгүй гэдэг шиг татвараа л төлөх байх.

-Ноён уулыг тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан хүн нь та. Тусгай хамгаалалтад аль талбайг оруулж тусгасан бэ?

Их гүрний 2220 жилийн өмнөх түүхтэй холбоотой талбайг бүгдийг нь тусгай хамгаалалтад авъя гэсэн юм. Бас байгалийн өвөрмөц тогтоцтой, мөнх цэвдэгтэй бүс нутаг болохоор ойр тойрны Билүүтэйн ам, Сүжигтийн ам зэргийг төрийн тусгай хамгаалалтад авъя гэсэн санал явуулсан. Харамсалтай нь, Засгийн газар Гацууртын ордын талбайг бусад лицензэт талбайтай хамт миний өргөн барьсан төслөөс гаргаж сул талбайг дэмжинэ гэсэн. Хилийн заагийг Засгийн газар тогтооно гэсэн. Миний анхны санаа Гацууртыг бүхлээр нь тусгай хамгаалалад авъя гэсэн юм.

-Та өлсгөлөн зарлаж байсан хүмүүсийг намжаах гэж үүнийг санаачилсан юм биш үү. Зарим хүн тэгж үзэж байна лээ?

Хүмүүс өөрийнхөөрөө ойлгог. Би өөрийнхөөрөө явна. Сөөм газрыг ч хамгаалж үлдэхийн төлөө явна. Надад бол гуравдагч талын байр суурь хамаагүй. Миний эхний санаа уулыг бүхлээр нь төрийн хамгаалалтад авъя гэсэн. Ер нь тэгээд Ноён уулыг, байгаль орчноо, түүх соёлын дурсгалт зүйлсээ хайрлая гэдэгт хэн дургүйцээд байгаа юм.