З.Баянсэлэнгэ: Гацууртын ордын эзэмшил нь Үндсэн хууль зөрчсөн байна
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ
2015.06.08

З.Баянсэлэнгэ: Гацууртын ордын эзэмшил нь Үндсэн хууль зөрчсөн байна

УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэг өнөөдөр хуралдаж хоёр асуудлыг хэлэлцсэн байна.

Бүлгийн хуралдаанаар хамгийн эхэнд Гацууртын ордын эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд дэмжих боломжгүй гэж үзжээ.

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг дээрх ордод төрийн эзэмшил 34 хувь байх нь Үндсэн хууль зөрчсөн хэрэг болно. Гацууртын орд 100 хувь ард түмний өмч байтал 34 хүртэл хувь ээзэмшинэ хэмээн оруулж ирэх нь Сентерра гоулд компанийн 34 хувийг эзэмших асуудал болж хувирч байгаа тул энэ асуудлаар ажлын хэсэг гаргаж ажиллахаар болсон талаар тус бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ мэдэгдлээ.

Бүлгээр хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төсөл аж. Тус төсөлд албан татвар, НДШ төлөөгүй, үл хөдлөх хөрөнгө болон хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй Хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгаагүй эсхүл хэмжээг нь бууруулсан, нуусан далд байгаа хөрөнгө орлого болон орлогоос бусад албан татвар ногдох бараа ажил үйлчилгээг хуульд заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн, тайлагнасан, бүртгүүлсэн нөхцөлд хүлээх хариуцлагаас чөлөөлөх, албан татвар хүү, торгууль алданги нөхөн ногдуулахгүй байх нэг удаагийн зохицуулалт хийхээр тусгасан юм. Энэхүү зорилтот хэсгийг өөрчлөхгүйгээр төслийг дэмжих боломжгүй гэж үзжээ.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл нь далд байгаа хөрөнгийг ил болгох ёстой, түүн рүү чиглээгүй, Эдийн засгийн өршөөлийн хууль ч юм шиг хоёрдмол утга агуулж байна гэж үзжээ.