Галын тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
Галын аюулгүй байдлын тухай хууль
2015.06.13

Галын тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

Баасан гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулав.

Шинэчилэн найруулсан уг хуулийн төслийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн галын аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчинг боловсронгуй болгох үүднээс галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, алслагдсан сум, суурин газарт гал  түймэр унтраах сайн дурын хэсэг, гал түймэр унтраах хувийн болон гэрээт ангитай байх, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа явуулах ажлыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад шилжүүлэх, галын аюулгүй байдлыг хангахтай холбоотой барилгын дүрэм, норм, стандарт хоорондын уялдааг хангах зорилгоор боловсруулжээ.

Мөн одоо мөрдөгдөж байгаа Галын аюулгүй байдлын тухай хуульд гал унтраах ангийг зөвхөн төрийн өмчит байхаар тусгасныг өөрчлөн хөрш зэргэлдээ болон бусад гадаад улс орнуудын жишгийг судлан, сум бүрд гал  түймэр унтраах сайн дурын нэгжтэй байх, гал түймэр унтраах хувийн болон гэрээт ангитай байхаар төсөлд тусгасан хэмээн Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалах яамны сайд Ц.Цолмон хуралдаанд оролцогчдод танилцуулав.

Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан Д.Тэрбишдагва, Д.Сарангэрэл нарын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, хуулийн төслийг батлахыг дэмжиж байгаагаа илэрхийлээд өмнө оруулж ирсэн төслөөс одоогийн төсөл юугаараа өөр болсон тухай тодруулсан юм. Мөн тэрээр уг хуулийн ач холбогдлын талаар дурдаж, хуулийн төслийг яагаад дөрвөн сар гаруйн хугацаанд  хэлэлцэн удааж байгаа талаар ажлын хэсгээс асуув.

Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан гишүүн хуулийн төслийн хэлэлцэх эсэх болон анхны хэлэлцүүлгийг хийх явцад ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй 100 гаруй санал гарсан. Энэ нь хуулийн төслийн 50-иас дээш хувьд өөрчлөлт оруулахаар байсан учраас  төслийг хууль санаачлагч татан авч дахин өргөн барьсан.

Харин хуулийн төслийг дахин өргөн барьснаас хойш нэлээд хугацаанд хэлэлцэх асуудлын дарааллын  сүүлд оруулсан байсан тул нэлээн удсан тал бий хэмээв.

Гишүүдийн асуулт асууж хариулт авсны дараа санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 85.4 хувийн саналаар хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.