Энэ шугамыг өргөсгөхөөс өөр арга байхгүй
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга
2015.06.12

Энэ шугамыг өргөсгөхөөс өөр арга байхгүй

Улаанбаатар хотын дулааны ЗА, Б гол магистралынугам буюуТөв шуудангийн уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх 1700 метр урт шугамыг энэ сарын 7-ноос засаж эхэлсэн.

1987 онд анх ашиглалтад оруулсан эл шугамыг “Хангилцаг”, “Эй Би Жи Энерго”, “Гандирс орд” ХХК-иудын түншлэл 28 жилийн дараа сольж байгаа нь энэ. Үүнд Хөгжлийн банкнаас 12.65 тэрбум төгрөг гаргажээ. Дулааны 300 мм өргөн шугамтай хамт 400 мм-ийн голчтой цэвэр усны шугам суурилуулсан байдаг аж. Дулааны шугамаа 600 мм, цэвэр усны шугамыг 500 мм өргөн шугамаар сольж байгаа юм. Цэвэр усны шугам солиход зарцуулж буй хөрөнгийг нийслэлийн төсвөөс гаргажээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга дулааны шугам өргөтгөх ажилтай өчигдөр танилцая. Энэ үеэр түүнээс зарит зүйлийг тодрууллаа.

-Зам хаалгүйгээр шугамаа сольж болоогүй юм уу?

Энхтайвны өргөн чөлөөг гурван хэсэгт хэсэгчилж хаана. Наймдугаар сарын 15 гэхэд шугамаа бүрэн солъж дуусгахаар ажиллаж байна. Манай хотыг анх 500-600 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн учраас төв замынхаа голоор 300-гийн магистраль шугам тавьсан байж.

Өнөөдөр нийслэлд 1.5 сая хүн амьдарч байгаа тул энэ шугамыг өргөсгөхөөс өөр арга байхгүй. Энэ ажлыг одоо хийхгүй бол өвөл шугам хагарвал үүнээс ч илүү хүнд байдал үүснэ. Цаашдаа хонгилын системд шилжвэл зам хаахгүй болно.

-Эндээс гэр хорооллын аль хэсгийг дулаанаар хангах вэ?

ЗА, Б, В гээд дулааны гол магистраль шугам, мөн цэвэр усны шугам энд байгаа. Бас 11-ийн Г, Д буюу Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордноос Саппорогийн уулзвар хүртэлх шугамыг томосгох ёстой. Анх 300 мм хэмжээтэй байсан хоолойг 600 мм хоолойгоор солин томосгож байна.

Ингэж байж VII хороолол, Дэнжийн мянга, Зурагт, 40, 50 мянгатын айлуудыг дулаанаар хангах нөхцөл бүрдэнэ. Наймдугаар сарын 15 гэхэд “УС-15” цахилгаан станц ашиглалтад орно. Ингэснээр Зүүн дөрвөн замаас цааших хэрэглэгчдийг “УС-15”-аар тэжээнэ. Тэрнээс хэмнэсэн дулаанаар хойд чиглэлийн гэр хорооллыг хангана.

-Төмөр хоолойгоор цэвэр ус дамжуулах нь зөв үү. Яагаад төмөр хоолой тавих гэж байгаа юм бол?

Техникийн мэргэжлийн хүмүүсийнхээ зөвлөгөө зааврыг дагаж байна. Дулааны шугамаар 110 градус халуун ус шахна. Хажууд нь цэвэр усны хуванцар хоолой тавьчихвал хайлна. Ийм шалтгаанаар төмөр хоолой тавихаас өөр аргагүй болсон.