Зөвлөх үйлчилгээний зардал нийслэлийн төсөвт дарамт үзүүлнэ гэв
2015.05.25

Зөвлөх үйлчилгээний зардал нийслэлийн төсөвт дарамт үзүүлнэ гэв

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнгөрсөн баасан гаригт хуралдаж хэд хэдэн хөрөнгийг хөрөнгө бүртгэлээс хасах шийдвэр гаргалаа.

Тухайлбал, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтсийн балансад бүртгэлтэй тус дүүргийн XXIII хороонд байрлах нийт 417 сая 18 мянган төгрөгийн үнэ бүхий Соёлын төвийн барилга, инженерийн шугам сүлжээг акталлаа.

Тус барилгыг 1985 онд Орос цэргийн ангийн 350 хүний суудалтай соёл үйлчилгээний зориулалтаар ашиглалтад оруулж байжээ. Одоогоор барилгын дээврийн хучлага цоорч, бороо цасны ус доош нэвчин хучлага хавтан, хана, таазны өнгө будаг урсаж, модон хийц, дүүжин тааз эвдэрч, цахилгааны монтажууд богино холболт үүссэн кабель утаснууд тасарсан байдалтай байгаа ажээ. Мөн шинээр цэцэрлэг барихтай холбогдуулан Баянзүрх дүүргийн 21 дүгээр цэцэрлэгийн балансад бүртгэлтэй XVI хороонд байрлах 425 сая 756 мянган төгрөгийн үнэ бүхий цэцэрлэгийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбай, инженерийн шугам сүлжээг мөн нийслэлийн хөрөнгөөс хаслаа.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар цэцэрлэгийн 449 сая 848 мянган төгрөгийн үнэ бүхий барилга байгууламж, инженерийн шугам сүлжээг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хассан юм. Учир нь тус цэцэрлэгийн барилгын суурин дээр нийслэлийн ИТХ-ын тогтоолоор баталсан нийслэлийн төсвийн херөнгө оруулалтаар 200 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга барихаар төлөвлөж төсөвт батлагдсан байна. Мөн тус хуралдааны үеэр нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэн баталсан юм. Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар 2015 оны нийслэлийн төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ.

2011 оны зургадугаар сард Хятад улсын Засгийн газраас олгох экспортын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрийг байгуулсан байдаг. Харин Засгийн газрын тогтоолын хавсралт шинэчлэн батлах тухай тогтоолд тус хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталсан. Харин тус жагсаалд нийслэлд хэрэгжүүлэх хоёр ажил оржээ.

Тодруулбал 42.38 ая ам.долларын өртөг бүхий Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл 30.26 сая ам.долларын өртөг бүхий Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төсөл орж байгаа юм байна.

Тиймээс санхүүжилтээр хэрэгжих гэрээний үнийн дүнд захиалагчийн зөвлөх үйлчилгээ, хяналт, газар чөлөөлөлт болон түүнтэй холбоотой зардлыг санхүүжүүлдэггүй тул Сангийн яамнаас тус хөрөнгийг нийслэлийн төсөвт тусган шийдвэрлэх талаарх албан бичгийг хүргүүлжээ.

Үүнтэй холбогдуулан Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн монгол талын хариуцах зардлын 50 хувь болох 600 сая төгрөгийг нийслэлийн 2015 оны төсөвт тусган батлуулжээ. Харин Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах зөвлөх үйлчилгээний зардал болох нэг тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэн, төслийг цаг алдалгүй эхлүүлэх шаардлага тул- гарчээ. Тиймээс нийслэлийн төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан байна.

Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өөрсдийн байр сууриа илэрхийлж, сонирхсон асуултдаа хариулт авсан юм. Үүнийг багцлан хүргье.

Тэргүүлэгч Ш.Шагдаррагчаа: -Зөвлөх үйлчилгээнд төсөвлөсөн 600 сая төгрөгөөр холбогдох этгээдүүдийг ажиллуулах юм байна. Гэвч гаднын хөрөнгө оруулалт юм уу нийслэлийн төсвөөр хийгдэж байгаа зөвлөх үйлчилгээний баг сонгон шалгаруулахдаа ямар журмаар явуулж байна вэ?

Засаг даргын орлогч Н.Гантөмөр: -Ер нь бол хууль, журмаараа явагдаж байгаа. Эхний ээлжид Замын цагдаагийн ойролцоох ажлыг хийхгүй бол хот хүнд байдалд байгаа. Ер нь бол цаашдаа төмөр замтай нийлсэн корпораци байгуулах санаатай байгаа.

Тэргүүлэгч Б.Энх-Амгалан: -Яагаад зөвлөх үйлчилгээний зардлыг тухайн ажлын үнийн дүнгийн тав хүрлэх хувиар авна гэсэн байна. Тэгэхээр зөвлөх үйлчилгээний зардлыг нэг хүртэлх хувь болговол ямар вэ. Яагаад заавал таван хувь байх ёстой юм бэ?

Нийслэлийн Автозамын газрын дарга Н.Нанзаддорж: Зөвлөх үйлчилгээний дүрмээр тав хүртлэх хувь байна гэсэн байдаг. Нөгөө талаар хэрэв зөвлөх үйлчилгээ үзүүлэхгүй бол захиалагчийн хяналтын зардлыг авдаг. Тиймээс бид багаар нь авч байгаа.

Энэ мэтээр Тэргүүлэгчид өөрсдийн саналаа хэлсэн бөгөөд Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарцад зарцуулах 1.2 тэрбум төгрөг, Яармагийн гүүрийн шинэчлэлт, гүүр барих ажилд зарцуулах хоёр тэрбум төгрөгийг багасгах шаардлагатайг хэлж байсан юм. Учир нь энэ хэмжээний хөрөнгийг зөвлөх үйлчилгээнд зарцуулах нь нийслэлийн төсөвт багагүй ачаалал үүсгэнэ гэж үзэж байгаа юм.

Харин нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Зөвлөх үйлчилгээний зардлыг хотын төсөвт суулгаж байгаа. Ер нь бол тендер зарлаж, зөвлөх үйлчилгээг хийх ёстой. Уг үйлчилгээг хийнэ гэдэг нь энэ ажлыг эргэлт буцалтгүй хэрэгжүүлнэ шүү гэсэн том дохио юм. Тиймээс бидний энэ шийдвэрийг хятадын тал харж байгаа. Тийм учраас үүнийг хурдан хугацаанд шийдэж, компаниа шалгаруулах нь зөв байх" гэсэн юм. Ийнхүү зөвлөх болоод хяналтын үйлчилгээг давхар явуулах энэ асуудлыг нийслэлийн ИТХ шийдэх юм.