Өргөдлийн байнгын хорооны гишүүд Газрын тосны газарт ажиллав
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан нар өнөөдөр /2015.06.03/ Газрын тосны газрын удирдлагуудтай уулзлаа.
Газрын тосны газрын Хайгуул судалгааны хэлтсийн дарга О.Энхбаяр уулзалтын эхэнд газрын тосны хайгуулын талаар мэдээлэл өгсөн. Монгол Улсын хэмжээнд газрын тосны хэтийн төлөв бүхий хайгуулын 31 талбай ялгаснаас өнөөдрийн байдлаар Засгийн газраас баталсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу үндэсний болон гадаадын 18 компани 23 талбайд газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Мөн газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн талаар УИХ-ын гишүүдэд танилцууллаа. 2014 онд Монгол Улсад нийт 1314.2 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортложээ. Эх үүсвэрээр нь авч үзвэл 91 хувийг ОХУ-аас, 2.8 хувийг БНСУ-аас, 2.6 хувийг БНХАУ-аас 4 хувийг бусад улсаас импортоор оруулж ирсэн байна.
УИХ-ын гишүүд дээрх мэдээлэлтэй холбогдуулан зарим зүйлийг тодруулсан юм. Өргөдлийн байнгын хороонд газрын тосны компаниуд монгол хүний хийж болох ажлыг монголчуудаар хийлгэхгүй байна гэсэн гомдол ихээр ирж байгааг хэлээд энэ талаар Газрын тосны газар ямар бодлого баримталж байгааг тодруулав.
Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн ажиллах хүчний тал дээр монгол хүний хийж чадах ажлыг монгол хүн хийнэ гэдэг бодлогыг хатуу барьж байгааг хэлээд Газрын тосны тухай хуулинд энэ талаар тусгах саналыг хэлж байлаа.
Мөн уулзалтын үеэр газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажлын явцын талаар мэдээлсэн. Одоогийн байдлаар 11 компани “Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийг газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар аваад байгаа аж.
Аж үйлдвэрийн сайдын тушаалаар газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх ажлын даалгавар боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.