Х.Амгаланбаатар: Тээвэрчид хариуцлагагүй үйлдлийг зогсоохын төлөө тэмцэж байгаа
2015.05.28

Х.Амгаланбаатар: Тээвэрчид хариуцлагагүй үйлдлийг зогсоохын төлөө тэмцэж байгаа

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Зорчигч тээврийн нэгтгэлийн ажилчдын ажил хаялтын асуудлаар өөрийн байр сууриа илэрхийллээ.

-Ажил олгогчдын зүгээс цалин хөлсийг нь 25 хувиар нэмсэн гээд байгаа. Гэтэл яагаад ажил хаялт болов?

-Энэ бол хэлэлцээрийн заалтыг бүхэлд нь хэрэгжүүлж байгаа хэрэгжилт биш. Энэ бол хэсэг хугацаанд авсан арга хэмжээ. Тарифын хэлэлцээр гэдэг бол хууль тогтоомжийн дагуу байгуулагдаад, холбогдох байгууллагуудад бүртгэгдээд, хэрэгжих ёстой баримт бичиг. Жил гаруй хүлээлээ. Өнөөдөр зүйл заалт нь хэрэгжихгүй байна. 

Энэ асуудал дээр салбарын яам, нийслэлийн төр захиргааны байгууллага, автобусны компанийн удирдлагууд хариуцлагатай хандах ёстой.

-Өмнө нь бас ажил хаялт зохион байгуулж байсан. Үр дүнд нь иргэд хохирдог. Нийтийн тээврийн байгууллагад ажиллаж буй хүмүүс ойр ойрхон ажил хаялт зарлах нь ямар үр дагавартай вэ?

-Ажил хаялтыг автобусны гурван компанид ажиллаж байгаа ажилчид хуулийн дагуу зохион байгуулж байгаа. Тийм учраас бид буруу, зөв гэж дүгнэхэд арай эрт байна.

Хэрэв ажил хаялт зохион байгуулж байгаа үйл явц нь буруу бол хууль дүрмийнхээ дагуу энэ асуудлыг авч хэлэлцэх байх.

Ажил хаях эрх нь байгаа, зохион байгуулах үндэслэл нь бий болчихсон, хүлээсэн үүргээ төр захиргааны байгууллага, ажил олгогч нь хэрэгжүүлэхгүй жил гаруй болж байгаа учраас тээвэрчид ажлаа хаяж байгаа юм.

Тэгэхээр шийдэх том гарц нь ажил олгогч, төр захиргааны байгууллагуудын зүгээс Тарифын хэлэлцээрээ биелүүлэх. Ингэвэл ажил хаялт зогсоно. 

Нийтийн тээвэр ажил хаялт зохион байгуулж болохгүй объект биш. Тэгэхээр энэ асуудлын гарцыг олоод үр дүнгүй менежментээ зогсоогоод, өмнөх үр дүнтэй ажиллаж байсан хэлбэр рүүгээ орох бололцоо нь байгаа. 

-Шаардлагыг нь биелүүлэх бололцоо хэр байгаа бол?

-Ажилчдын цалинг нэмэх бололцоо байхгүй байсан бол Тарифын хэлэлцээрээ байгуулахгүй байх ёстой байсан. Улсын хэлэлцээр байгуулчихаад цалинг нь нэмэхгүй байна гэдэг бол ард иргэдийг хуурч байна гэсэн үг.

Тэгэхээр тээвэрчид энэ хариуцлагагүй үйлдлийг зогсоохын төлөө тэмцлээ үргэлжлүүлж байгаа гэж бодож байна. Үүнийг МҮЭХ дэмжиж байгаа. Учир нь энэ бол хууль ёсны тэмцэл.