Аялал жуулчлалын салбар нэгдсэн бодлогын баримт бичигтэй болно
БОНХАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлогыг зохицуулах газрын дарга Б.Маргад
2015.05.26

Аялал жуулчлалын салбар нэгдсэн бодлогын баримт бичигтэй болно

Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлогыг зохицуулах газрын дарга Б.Маргадтай ярилцлаа.

- Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн талаар ярихгүй юу?

Хөтөлбөр маань боловсруулалтын эцсийн шатандаа явж байгаа. Засч залруулах зүйл бий. БОНХАЖ-ын яамны Сайдын зөвлөлөөс зарим нэг заалтыг тодорхой болгох даалгавар авсан. Бид хөтөлбөрийг боловсруулахдаа бодит үр дүнд хүрэхээргүй, тунхагийн шинжтэй заалтуудаас татгалзсан.

Хөтөлбөрийн хүрээнд зургаан том зорилтыг хоёр үндсэн үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан. Гэхдээ эдгээр зорилтоо нэг бүрчлэн тоочилгүй, гол заалтуудын талаар яръя гэж бодож байна. Юун түрүүнд аялал жуулчлалын дэд бүтцийг хангах, жуулчин хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх том зорилт байна. Аялал жуулчлалын байгууллагын зүгээс хамгийн их шүүмжлэлд өртдөг нь нислэгийн давтамж, агаарын тээврийн компаниудын бодлого, тэр дундаа нислэгийн үнэ тариф, тоо хэмжээ байдаг. 

Хөтөлбөрийг төр, хувийн хэвшил, ТББ-ын оролцоотой хэрэгжүүлнэ. Мөн бусад яамдын оролцоо маш чухал. Дэд бүтэц л гэхэд Зам тээврийн яамтай хамтарна.  Түүнээс гадна виз, хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэх асуудал байна.

Дэд бүтцийн дараа орохоор өөр нэг чухал ажил нь жуулчдын зорин очих газрын төлөвлөлт, менежмент. Тухайлбал гэр баазуудад байгаль орчинд ээлтэй технологиудыг хэрхэн нэвтрүүлэх, үүний тулд баазууд ямар дэмжлэг авах, хэрхэн хэрэгжүүлэх гэх мэт заалтуудыг хөтөлбөрт тусгасан. 

Түүнчлэн салбар болгонд тулгамдаж байдаг хүний нөөцийг чадавхижуулах талаар тусгасан. Аялал жуулчлалын салбарт хөтчийн болон зочлох үйлчилгээ чадварлаг боловсон хүчнээр дутагддаг. Үүнийг шийдэхийн тулд аялал жуулчлалаар мэргэжилтэн бэлдэхдээ хөдөлмөрийнхөө зах зээлийн эрэлтэд тулгуурласан сургалтын төлөвлөгөөтэй байх шаардлага урган гарч байна.

Цаашилбал мэдээллийн системийг хөгжүүлж, жуулчдад зориулсан мэдээллийн чанар, хүртээмжийг дээшлүүлэх, хэрэгтэй технологиудыг нэвтрүүлэх зэрэг хэд хэдэн ажлыг хөтөлбөртөө орууллаа.

- Компаниуд нэг л зүйлийг хүсч байна. Жуулчид олон ирээсэй гэж. Тэгэхээр жуулчдын тоог нэмэх тал дээр төрөөс ямар санаачлага гаргаж байна вэ?

Мэдээж төр дангаараа энэ асуудлыг хариуцахгүй. Өнөөдөр Монголд ирж буй жуулчид компаниудын болон хувийн шугамаар ирдэг. Түүнээс гадна ажил хэргийн чиглэлээр, төрөл бүрийн сонирхлын клубээр дамжин жуулчид ирдэг. Жуулчдын тоог нэмэхэд төрийн зүгээс хийх ажил нь “Монгол бол заавал очих үзэх ёстой орон” гэсэн дохиог дэлхийн жуулчдад өгөх, Монгол нь бусад улсаас юугаараа онцлог юм бэ гэдгийг таниулах.

- Таниулахын тулд ямар арга хэрэгсэл байж болох вэ?

Маркетингийн төрөл бүрийн арга хэрэгслүүд бий. Бид зөвхөн үзэсгэлэнд оролцсоноор хязгаарлаж болохгүй. Соёл урлаг, шинжлэх ухаан, технологи гэх мэт төрөл бүрийн салбарын үйл ажиллагаагаар дамжуулж улсаа сурталчлах боломжтой. Үүний тулд гадаад сурталчилгааны нэгдсэн хөтөлбөр байх ёстой. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт энэ талаар дурьдсан байгаа. Одоогоор гадаад сурталчилгааны хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг гарчихсан ажиллаж байна. Салбар болгонд тархай бутархай, уялдаагүй явагдаж байгаа гадаад сурталчилгааны ажлуудыг нэгэн цонхонд нэгтгэе гэсэн санаа байна. Жишээ нь олон улсын ямар нэгэн соёлын арга хэмжээ боллоо гэхэд түүнийг нь дагалдуулсан, Монголыг аялал жуулчлалын нэг чухал чиглэл маягаар сурталчилсан ажлууд хийгдэж байвал зүгээр. Эрдэм шинжилгээний хурлууд дээр ч иймэрхүү ажлыг зохион байгуулж болно.

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын асуудлыг хөтөлбөрийг баталсны дараа авч хэлэлцэнэ.

- Монголд сая жуулчин ирүүлэхэд төрөөс ямар байдлаар дэмжих вэ? Энэ хэр бодитой тоо вэ?

Бид энэ тоог гаргахдаа хүрэх үр дүнгийн шинжилгээг хийсэн. Үндэсний хөгжлийн зорилтод ч гэсэн 2015-2016 онд жуулчдын тоог нэг саяд хүргэнэ гээд заачихсан байгаа. Тэгэхээр нэг талаас энэ зорилтод нийцүүлсэн гэсэн үг. Нөгөө талаас нэг сая жуулчин хүлээж авах бэлтгэл ажлаа 2015 ондоо ITB үзэсгэлэнд оролцсоноор эхлүүлчихээд явж байна. Зөвхөн үзэсгэлэнд оролцоод явах бус голлох зах зээлийн орнууд буюу жуулчид нь Монголыг хамгийн ихээр зорьж ирдэг орнуудад тус бүрт нь тохирсон төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсэг гарчихсан байгаа.  Учир нь орон орны жуулчид өөрийн гэсэн онцлогтой, сонирхол нь харилцан адилгүй байдаг. Эхлээд Японы зах зээлийг судлах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг төр, хувийн хэвшил, эрдэмтэд, ТББ-ын төлөөллөөс бүрдсэн.  Хамгийн сүүлд Хятадыг хариуцсан ажлын хэсэг гарсан. Ийм байдлаар юун түрүүнд хөрш орнуудаа судлахыг зорьж байна.

- Хувийн хэвшил төрөөс их мөнгө биш, оновчтой, цэгцтэй бодлого хүсч байна?

Аялал жуулчлалын салбар өнөөг болтол бодлогын баримт бичиггүй явж ирсэн учраас тэгж хэлэхээс ч аргагүй. Зөвхөн Үндэсний хөгжлийн цогц бодлогод цухас тусгасан байдаг. Тиймээс л бид Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөртэй болохоор шийдсэн. Энэ хөтөлбөр батлагдаад хэн, юу хийх нь тодорхой болчихвол аялал жуулчлалын салбар өөрөө өөрийгөө аваад явчихна. Дараа дараагийн засгийн газрууд энэ хөтөлбөрийг бариад явах түвшинд л боловсруулахыг зорьж байна. 

- Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хувь заяа юу болж байна вэ?

Хуулийн асуудлыг хөтөлбөрийн дараа авч үзье гэсэн төлөвлөгөөтэй байна. Хөтөлбөр гараад зорилтууд тодорхой болчихоор түүндээ зохицсон шинэчилсэн хуулийг дөрөвдүгээр улиралд боловсруулах төлөвтэй байна. Хуулиар зохицуулах ёстой гол зүйл нь салбарын оролцогч талууд ямар эрх үүрэгтэй байх, үйл ажиллагааны эрхийг зөвшөөрлийн үндсэн дээр өгөх үү үгүй юу гэдэг асуудал. Хууль гарчихвал түүнийгээ дагаад төрөлжсөн стандартууд гарна. Одоогоор Монгол улсад гэр бааз, зочид буудалтай холбоотой 3 стандартыг мөрддөг. Эдгээр нь тийм ч муу стандарт биш. Гэвч үүнийг хянах механизм нь сул. Улсын хэмжээнд хариуцдаг ганц газар нь Мэргэжлийн хяналт, аймгийн хэмжээнд ганцхан байцаагч ажилладаг учраас хүрч ажиллаж чаддаггүй. Тиймээс хичнээн стандарт гаргасан ч түүнийг нь мөрдүүлэх систем байдаггүй.

Түүнээс гадна Аялал жуулчлалын хуулийг шинэчлэх батлахад одоо хэлэлцүүлгийн түвшинд яваа Зөвшөөрлийн тухай хууль, Хяналтын тухай хууль гэх мэт органик хуулиуд хэрхэн шийдэгдэхийг харзнаж байна.

- Жуулчдын дийлэнх нь наадмаар ирдэг. Аялал жуулчлалын улирлын ачааллыг багасгаж, наадамтай дүйцэхүйц арга хэмжээг бий болгох талаар ямар нэг төлөвлөгөө байна уу?

Томоохон хэмжээний арга хэмжээ зохион байгуулна гэдэг маш том хариуцлага байдаг бөгөөд олон салбарын хамтын хүчээр хийдэг. Нийслэлийн захиргаа “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийнхөө хүрээнд нэлээд олон арга хэмжээ төлөвлөчихсөн байгаа. Энэ жил тохиох Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тэмдэглэх тухай Засгийн газрын тогтоол гарсан. Мөн Хүй Долоон худагт Даншиг наадам хийх төлөвлөгөө бий. Орон нутгуудад төрөл бүрийн арга хэмжээ зохионо.