Хэнтий аймаг аялал жуулчлалыг тэргүүлэх салбар болгоно
Хэнтий аймгийн нутагт өвөг дээдсийн түүхийг өгүүлсэн хадны сүг зураг, хуучин чулуун зэвсгийн үеийн ул мөр, X-XIY зууны үеийн Балгас, Киданы зүүн ба баруун хэрэм, Их эзэн Чингис хааны үеийн түүхэнд хамаарагдах Дэлүүн Болдог, Хажуу Булаг, Өглөгчийн хэрэм, Хэрлэнгийн хөдөө арал, Чингисийн сүлд тахилгын сүмбэр их овоо, Хэрмэн зам, Ар халхын Утай Гүмбэн гэж алдаршсан 200 гаруй жилийн түүхтэй Балданбрайвун хийдийн туурь зэрэг түүхийн дурсгалт газрууд олон бий.
Энэ утгаараа Хэнтий аймаг нь Монгол улсын аялал жуулчлалын идэвхтэй бүс. Бид аялал жуулчлалын хэлэлцүүлгийн хүрээнд тус аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатартай ярилцлаа.
- Хэнтий аймаг Монгол улсын аялал жуулчлалын идэвхитэй бүсүүдийн нэг. Цаашдын аялал жуулчлалыг орон нутагт ямар чиглэлүүдээр яаж хөгжүүлэх зорилттой байгаа вэ?
Хэнтий аймагт аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн бие даасан тэргүүлэх салбарын нэг болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Аймгийн аялал жуулчлалын нөөц бололцоо, өнөөгийн байдалд тулгуурлан дараахи төрлийн аяллуудыг түлхүү хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
- ТҮҮХИЙН ЖИМЭЭРХ АЯЛАЛ (Хэнтий аймаг нь Монгол улс төдийгүй дэлхийн хэмжээний түүхэн нутаг учир аялал жуулчлалын байгууллагын үйлчилгээ, дэд бүтцийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, түүхэн аяллын төрлүүдийг нэмэгдүүлснээр Чингис хааны түүхийг дэлхийд таниулах, аймаг орон нутгаа сурталчлах, орон нутаг руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжтой. “Чингис хаан, түүний амьдрал, тэмцлийн домог түүхийн жимээр аялцгаая” уриан дор зохион байгуулалттай гадаад, дотоодын аялал хөгжүүлэх өргөн боломж байна)
- БАЙГАЛИЙН болон АДАЛ ЯВДАЛТ АЯЛАЛ (Хэнтий аймгийн үзэсгэлэнт байгальд тулгуурлан зураг авах фото аялал (PHOTO SAFARI), зэрлэг амьтан, шувуу, цэцэг ажиглах тэр дундаа цэн тогоруу (Grus vipio), хонин тоодог (Otis tarda) зэрэг улаан номд орсон ховор шувуу, ховор болон эмийн ургамал ажиглах, судлах, Хэрлэн, Онон, Балж зэрэг томоохон голуудаа түшиглэн усан завины аялал хөгжүүлэх, явган болон морин, байгальд түшиглэсэн холимог (COMBINED TOUR-Холимог аялал) аялал хөгжүүлэх боломжтой)
- ШИНЖЛЭХ УХААНЫ АЯЛАЛ (Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт орших Улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газруудын ургамал, амьтны аймгийн нөөц, нутгийн ард түмний ахуй амьдрал, түүх соёлын нөөцөд тулгуурлан судалгааны аяллуудыг хөгжүүлэх боломжтой)
- РАШААН СУВИЛАЛ ЭМЧИЛГЭЭНИЙ АЯЛАЛ (Аварга тосон, Гурван нуур, Ононгийн халуун рашаануудад тулгуурласан эмчилгээний аялал хөгжүүлэх боломжтой)
- СОЁЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ (Нүүдэлчин ахуй, буриад зоны аж амьдрал, ёс заншил, эртний уламжлалтай танилцана. Мөн Улсын их баяр наадамд тасралтгүй 10 гаруй жил түрүүлсэн дархан аварга Б.Бат–Эрдэнэ, яруу найрагч Р. Чойном зэрэг 20-р зууны суут хүмүүсийн төрсөн нутаг тул эдгээр хүмүүсийн амьдрал, үйлстэй холбоотой төрөл бүрийн арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломжтой. Жишээ нь: Дархан сумын нутаг дахь Р.Чойномын музейд зочлох, түүний нэрэмжит яруу найргийн баяр, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэрэг соёлын аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүний боломжууд байна)
- АН АГНУУРЫН АЯЛАЛ (Хэнтий аймгийн ан амьтдын нөөцөд түшиглэн Монгол улсын хууль, журмын дагуу гахай, гөрөөс, зарим агнуурын шувуу агнах зэрэг ан агнуурын аяллыг нутгийн иргэдийн оролцоотойгоор хөгжүүлэх боломжтой)
- СПОРТ ЗАГАСЧЛАЛЫН АЯЛАЛ (Онон, Хэрлэн, Балж зэрэг том голуудын загасны нөөцөд түшиглэн зохион байгуулалт, зөвшөөрөлтэйгээр, нутгийн иргэдийн оролцоотойгоор спорт загасчлалын аяллыг хөгжүүлэх бололцоотой)
- ШАШНЫ АЯЛАЛ (Халхын Утай гүмбэн хэмээгддэг Балданбрайвун хийд, Чингис хотын Гүндгаварлин хийд зэргийг оролцуулан шашин мөргөлийн аяллыг бусад аяллын маршруттай холбон зохион байгуулах боломжтой)
- БИЗНЕС АЯЛАЛ (Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт орших томоохон жуулчны бааз, амралтын газруудыг түшиглэн уулзалт, хурал, чуулган зохион байгуулах боломжтой. Тухайлбал: Чингисийн өлгий, Чингисийн гурван нуур, Хар зүрхний хөх нуур)
Бурхан Халдун уул
- Аймгийн удирдлагаас аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ямар арга хэмжээ авч байгаа вэ?
Хэнтий аймаг өөрийн нөөц бололцоо, хөрөнгөд тулгуурлан тодорхой бүтээн босголтуудыг хийсээр байна. Чингис хотын төвийн зам, гэрэлтүүлгийг цогц байдлаар шийдэж, Балданбрайвун хийдийг өндөр хүчдэлийн шугамд холбож байнгын ажиллагаатай болгосон, Чингис Хааны цогцолборыг улсын төсвийн хөрөнгөөр барих зураг төслийн тендер зарлагдан Хот байгуулалт, барилгын зураг төслийн институт шалгарсан, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 90-н жилийн ойн баярт зориулан “ Эзэн Чингис хааны өлгий нутагт тавтай морил” хаалга, Хэнтий аймгаас төрөн гарсан 8 аваргын хөшөө, Хардэл Жанжин бэйсийн Пүрэвжавын гэрэлт хөшөө, Чингис Цамхаг, Тэмүүжин хороолол байгуулах, Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор спортын иж бүрэн Олимп цогцолборыг байгуулсан, Хэнтий аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх ард иргэддээ мэдээлэл өгөх зорилгоор Хэнтий аймгийн аялал жуулчлалын газрын зургийг 2000 ширхэгийг хэвлүүлсэн Хэнтий аймгийн хэмжээнд Галшарын хурдан адууны баяр эвент арга хэмжээг анх удаа Галшарын сумын Шөрмөсөн чулуут дов хэмээх газарт амжилттай зохион байгууллаа. Энэхүү эвент арга хэмжээ нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагдана. Мөн Соёл, Спорт, Аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг ITM аялал жуулчлалын үзэсгэлэнд Хэнтий аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг жуулчны бааз, Зочид буудлууд нэгдсэн зохион байгуулалттайгаар амжилттай оролцдог, зэрэг олон чухал ажил, бүтээн босголтын ажлуудыг хийгээд байна.
- Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд орон нутгийн удирдлага болон хувийн хэвшил хэдий хэмжээний хөрөнгө оруулдаг вэ?
Хэнтий аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд аймаг орон нутгийн зүгээс ихээхэн анхаарч Төр-хувийн хэвшлийн харилцаа холбоог сайжруулах зорилгоор ямар нэгэн арга хэмжээн дээр төсөв хөрөнгийн тухай бүрт нь шийдэж шаардлагатай төсөв хөрөнгийг гарган хамтран ажиллаж байна. Үүний нэг жишээ бол Жил бүр уламжлал болгон Улаанбаатар хотод зохион байгуулагддаг international travel mart буюу ITM- аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд жил бүр хөрөнгө зарцуулан амжилттай оролцдог явдал юм.
- Иргэдийн дунд аялал жуулчлалын үйлчилгээ явуулах бодол хэр идэвхтэй байгаа вэ ? Үйлчилгээнийх нь чанар ямар байна вэ?
Сүүлийн жилүүдэд жуулчны үзэх байгаль соёлын үзмэрүүд, орон нутагт болдог урлаг, спортын арга хэмжээнүүдээр Хэнтий болон зүүн аймгуудын нутгаар аялах аялагчдын тоо улам нэмэгдэх хандлагатай байгаа нь холбогдох төрийн байгууллагууд, арга хэмжээг зохион байгуулагчид, тур операторуудын мэдээллээс тодорхой байна. Үүнтэй холбоотойгоор хэнтий нутгийн ард иргэд аялал жуулчлалын чиглэлээр тодорхой хэмжээний мэдээлэлтэй болж морь унуулах, өөрсдийн ахуй соёлыг сурталчлан таниулах, хийсэн цагаан идээ, жимс ногоогоо борлуулах зэрэг арга барилд суралцан өөрсдийн амьдралд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг хийдэг болоод байна.
- Хэнтий аймаг аялал жуулчлалаас хэдий хэмжээний орлого олдог вэ?
Хэнтий аймагт 2014 оны байдлаар 13 жуулчны бааз үйл ажиллагаа явуулсан бөгөөд 2 жил тутам 1 удаа зохион байгуулагддаг Алтаргана-2014 буриад үндэстний урлаг, спортын наадам зохион байгуулагдсан нь Хэнтий аймгийн жуулчны бааз болон бусад зүйлс дээр нилээн их хэмжээний орлого орсон.
- Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ямар саад бэрхшээлүүд тулгарч байна вэ?
Хэдийгээр Хэнтий аймагт аялал жуулчлал хөгжүүлэх тодорхой санал санаачлагуудыг гаргаж, зорин ирэх жуулчны тоо жилээс жилд өсөж байгаа ч аялал жуулчлалын сөрөг үйл ажиллагаанаас үүдэлтэй үр дагаврууд гарсаар байна. Тухайлбал Дадал сумын Гурван нуур, Цэнхэрмандал сумын Хар зүрхний Хөх нуур орчмын бүсэд аяллын гол бүтээгдэхүүндээ хэт ойрхон, хаяа хаяагаа нийлүүлсэн амралтын газар, жуулчны бааз барьсан нь Монгол улсын стандартыг зөрчсөнөөс гадна тухайн газрын үнэ цэнийг алдагдуулж, хөрсний элэгдэл, талхагдал үүсэх гол нөхцөл болж байна. Одоо үйл ажиллагаа явуулж буй амралтын газар, жуулчны баазуудын үйлчилгээний чанар хангалтгүй, орон нутгийн иргэд, засаг захиргаа, ТХГН-ийн Хамгаалалтын захиргаатай хамтран ажиллах талаар санаачлага сул, мэргэжлийн бус түвшинд ажиллаж байна. Мөн түүх соёлын үнэт зүйлсийг гэмтээх, устгах, булш бунханыг сүйтгэх зэрэг сөрөг үзэгдлүүд гарч байна. Иймд аялал жуулчлалаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулж, Хэнтий аймгийг аялал жуулчлалын үйлчилгээ, чанарын хувьд Олон улсын тавцанд өрсөлдөхүйц бүс нутаг болгоход нутгийн иргэд, мэргэжлийн холбоод, бизнес эрхлэгчид, эрдэмтдийн туслалцаа, бүх талын хамтын ажиллагаа чухал шаардлагатай юм.