Аялал жуулчлалд их мөнгө биш цэгцтэй бодлого үгүйлэгдэж байна
Нью Пакс Монгол ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Гантулга
2015.05.13

Аялал жуулчлалд их мөнгө биш цэгцтэй бодлого үгүйлэгдэж байна

Нью Пакс Монгол ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Гантулгатай аялал жуулчлалын сэдвээр ярилцлаа. Тус компани нь голдуу Японоос жуулчид авчирдаг байна. Энэ хүн аялал жуулчлалаас гадна барилга угсралт, зочид буудал, нийтийн хоолны сүлжээ ресторан, аутсорсингийн чиглэлээр бизнес эрхэлдэг.

- Аялал жуулчлалын хажуугаар яагаад ийм олон чиглэлээр үйл ажиллагаа явуулах болов?

Монголын зах зээлд нэг чиглэлээр дагнаад амжилттай, ашиг орлоготой явна гэдэг маш хэцүү. Тэр тусмаа аялал жуулчлалаар амьдарна гэвэл худлаа. 1997 оноос хойш аялал жуулчлал эрхлэхдээ би үүнийг ойлгосон.

1997 оныг хүртэл ганзагын наймаа эрхэлж байгаад ААН байгуулах санаа төрж аялал жуулчлалын компани байгуулсан. Монголын байгалийн унаган төрх, нүүдэлчин амьдралд түшиглээд аялал жуулчлалаар ашигтай ажиллаж болно гэдгийг олж хараад “Монбирд” тур оператор компанийг үндэслэсэн. Төв аймгийн Өндөрширээт суманд гэр бааз байгуулсан. Энэ олон жил аялал жуулчлал эрхэлсний дараа өнөөдөр эргээд харахад Монголд аялал жуулчлалын салбар огт хөгжөөгүй бахь байдгаараа.

Хөгждөггүйн шалтгаан нь аялал жуулчлалтай холбоотой байгууллагууд нь уялдаа холбоогүй, төрийн бодлого нь төлөвшөөгүй явдал гэж боддог. Задлаад яривал зөндөө л юм яримаар байна.

Аялал жуулчлалаар мөнгө олж амьдарна гэвэл худлаа.

Тухайлбал төрийн бодлого гэгчийг аваад үзье. Яг үнэндээ төрөөс аялал жуулчлалын чиглэлд хийж буй дорвитой ажил алга. Хувийн компаниуд бор зүрхээрээ л явж байна. Гэхдээ тэр нь замбараагүй байж ирсэн. Компаниуд үйл ажиллагаагаараа төрөлжиж чадаагүй, үйлчилгээ нь яг адилхан. Жуулчны бааз байх ёстой Тэрэлж нь гэр хороолол болчихсон. Гадны жуулчин үзэсгэлэнт байгаль үзэх гэдэг болохоос ийм гэр хороолол үзэх гэж ирэхгүй. Миний бодохнээ Тэрэлжийг байгалийн аялал жуулчлал, харин Хархориныг зөвхөн түүх соёлын аялал жуулчлалын бүс болгоод төрөлжүүлчихвэл илүү үр дүнтэй.

Төрийн зохицуулалт байхгүй учраас компаниуд үнээрээ нэгнийгээ давах гэсээр байгаад энэ зах зээлийг ашиггүй болгодог. 10 жилийн өмнө жуулчны баазууд 30 доллараар гурван удаа хооллож усанд оруулдаг байсан нь одоо хүртэл хэвээрээ, үнэ нь өсөөгүй.  Ийм болохоор ашиг олж хөрөнгө оруулалт хийж чаддаггүй. 

Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын компаниудаас маш олон хүн уул уурхайн салбарт ажиллах болж энэ салбарын үйл ажиллагаа доголдсон. Харин саяхнаас нөгөө уул уурхай нь явахаа болихоор буцаад ирж байна. 

Дэлхийн аялал жуулчлалын гол 10 чиглэл

- Төрийн байгууллагуудтай ажиллахад ямар асуудлууд голдуу гардаг вэ? 

Нислэгийн хуваарь дээр нэг төвөгтэй зүйл бий.  Компаниуд жуулчдаа хүлээж авах гээд тохирчихсон байхад МИАТ-аас нислэгийнх нь хуваарь мөд гардаггүй, тулгаж гаргадаг. Ноднин л гэхэд Японы парламентын нэгэн гишүүн Хөвсгөл далайг үзье гэсэн хүсэлт ирүүлсэн. Гэтэл онгоцонд суудал захиалах гэсэн чинь суудалгүй болчихсон. Тэгээд л ганц билет олохын тулд ар өврийн хаалгаар гүйхээс өөр аргагүй болж байгаа юм. Нөгөө парламентын гишүүндээ билет авахын тулд хахуулийн мөнгө хэрэгтэй байна гэж хэлэхээр нүд нь орой дээрээ гардаг юм байгаа биз дээ?

Дугаарын хязгаарлалт гэж бас нэг юм байна. Жуулчин аваад гараад явах гэхээр 22-ын товчоон дээр зогсоогоод журмын хашаанд хийнэ гэдэг. Жуулчдын гайхаж байгааг хэлээд яахав. Түргэн хугацаанд өөр машин олох хэрэгтэй болдог.

Нэг сая жуулчин авчирна гэж ярьж байгаа нь хоосон лоозон.

Аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж өчнөөн ярьдаг бодит амьдралд нялздаггүй. Хуулийн асуудал яригдах болгонд нь очиж саналаа өгдөг байснаа сүүлдээ залхсан. Энэ мэтээс болж аялал жуулчлалаар ажиллах сонирхол буурсан. 

Гэхдээ цөөн тооны байнгын үйлчлүүлэгчид байдаг учраас баазуудаа бүр хаачихаж болдоггүй. Жуулчны баазаа барьцаалаад банкнаас зээл авъя гэхээр өгдөггүй. Яагаад гэвэл үл хөдлөх хөрөнгө гэж үздэггүй.

Нэг сая жуулчин авчирна гэж ярьж байгаа нь хоосон лоозон. Хэн, яаж тэр сая жуулчныг авчрах нь тодорхойгүй. Аваад ирдэг бол сайхан л байна. Миний бодлоор төрөөс бодлогоор компаниудыг үйл ажиллагаагаар нь төрөлжүүлэх хэрэгтэй. 

- Гэхдээ үйлчилгээгээ сайн байлгаснаар жуулчдыг татах ёстой биш гэж үү?

Үйлчилгээ тааруу байдаг нь үнэн. Гэхдээ үйлчилгээг сайжруулахын тулд мөнгө хэрэгтэй. Бага мөнгөтэй  компани түүндээ таарсан л үйлчилгээг хүргэнэ.  Харин мөнгө олох тэр нөхцлийг төр бүрдүүлээд өгчихмөөр байна. Бидэнд их мөнгө биш, цэгцтэй бодлого хэрэгтэй. Зөв бодлоготой, зөв зах зээлтэй бол шалгарлын зарчмаараа чадах нь үлдээд, чадахгүй нь энэ салбарыг орхино.