С.Одонтуяа лобби бүлэг байгуулна
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2015.05.21

С.Одонтуяа лобби бүлэг байгуулна

-Харин Байнгын хорооны дарга Д.Батцогт эрчүүдээ өмөөрлөө-

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Хүүхдийн эрхийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр С.Одонтуяа гишүүн эрчүүдэд хандан ширүүхэн үг дайсан нь Байнгын хорооны дарга Д.Батцогтыг эрчүүдээ өмөөрөн үг хэлэхээс аргагүйд хүргэв.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа ““Хүүхдийн эрх, хамгааллын тухай ярихаар эрчүүд нэлээд эмзэг хүлээж авдаг. Эцэг, эх нь хүүхдээ алгадах эрхгүй байх нь монгол хүний амьдралын хэв маяг, сэтгэлгээнд тохирохгүй гэсэн тайлбар хэлдэг. Үнэн хэрэгтээ хүүхдээ ганц алгадаад хуулийн өмнө хариуцлага хүлээсэн эцэг, эх өнөөдрийг хүртэл нэг ч байхгүй. Ингэж туйлширч болохгүй. Би энэ хуулийг батлуулахын төлөө лобби бүлэг байгуулан ажиллах болно. Манайд хүүхдийн эрх, хамгааллын тухай асуудлыг хэдхэн л хүн ярьдаг. УИХ-ын түвшинд ч төдийлөн авч хэлэлцдэггүй шүү” хэмээн хатуухан шүүмжилсэн юм.

Харин  Байнгын хорооны дарга Д.Батцогт “Яг үнэндээ аавуудаас илүү ээжүүд л хүүхэдтэйгээ тулж ажилладаг. Тийм болохоор эрчүүдэд бүх бурууг тохох нь утгагүй” хэмээн эрчүүдээ өмөөрч, гишүүдийг хөгжөөв.