Монгол Улсын Засгийн газар хүний эрхийн төлөв байдлаа  дүгнүүллээ
НҮБ
2015.05.11

Монгол Улсын Засгийн газар хүний эрхийн төлөв байдлаа дүгнүүллээ

Монгол Улсын Засгийн газар хүний эрхийн төлөв байдлаа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хуралдаанаар хоёр дахь удаагаа дүгнүүллээ

2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 14.30-18.00 цагт Швейцар улсын Женев хотноо хуралдсан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Ажлын хэсгийн 22 дугаар хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар хүний эрхийн төлөв байдлаа танилцуулж, дүгнүүллээ.  

Хуралдаанд үг хэлсэн ихэнх улс орнууд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн анхны хэлэлцүүлгээс өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр тавьж буй Монгол Улсын хүчин чармайлтыг сайшааж, цаашид ололт амжилтаа бататгах, эрх зүйн шинэчлэлээ эрчимжүүлэхийг зөвлөлөө. Тус хуралдааны үеэр НҮБ-ын гишүүн нийт 68 улсын төлөөлөгчид цаазаар авах ялыг бүрмөсөн халах, эрүүдэн шүүлт, хүн худалдаалах гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, эрүүдэн шүүх гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах механизмыг бүрдүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг баталгаажуулах, гүтгэх, доромжлохыг эрүүгийн гэмт хэргээс хасах, иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, жендерийн тэгш байдлыг хангах, хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах, шилжин суурьшигсад, хотын захын гэр хорооллын иргэд, бичил уурхайчид, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон малчдын эрхийг хангах, хамгаалах, бэлгийн цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, эмэгтэйчүүд зэрэг бүлгийн эсрэг ялгаварлан гадуурхалт, эрхийн зөрчлийг таслан зогсоох, энэ хүрээнд бүх хэлбэрийн ялгаварлан гадуурхалтын эсрэг цогц эрх зүйн орчныг бүрдүүлэх, хүний эрхийн боловсролыг бүх түвшинд, ялангуяа төрийн албан хаагчдад олгох, хүний эрхийг зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх, хохирогчдод туслалцаа үзүүлэх үр нөлөөтэй бодлогыг хэрэгжүүлэх  зэрэг олон чухал асуудлыг дэвшүүлж, зөвлөмж  өглөө.

Энэ удаагийн хуралдаанд анхны хэлэлцүүлэгт оролцож зөвлөмж өгч байсан орнуудын тооноос 1,5 дахин их улс орон оролцож, асуулт асууж, зөвлөмж өгсөн. Өмнөх хэлэлцүүлгээр өгч байгаагүй асуудлаас эхийн эндэгдэл, анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээ, авлига, насанд хүрээгүй хүмүүсийн шүүхээр хэргээ хянан шийдүүлэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн малчдын эрх, бичил уурхайчдын хүний эрх, хот дахин төлөвлөлтийг тогтвортой хөгжлийн бодлоготой уялдуулах асуудал, хүний эрхийн соёлыг төлөвшүүлэх, “Аюулгүй байдал ба Хүний эрх” олон улсын санаачлагад нэгдэх, Минаматагийн конвенцийг хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах зэрэг асуудлыг нэрлэж байна.

Мөн Монгол Улсыг  НҮБ-ын хүний эрхийн гол гэрээ конвенцуудад нэгдэн орсныг сайшааж, цаашид Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн 21, 22, Арьс үндсээр ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн 14-р зүйлийг хүлээн зөвшөөрөх, Цагаач ажилчид, тэдний гэр бүлийн гишүүдийн эрхийг хамгаалах тухай конвенци, Дүрвэгсдийн конвенциуд, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 189 дүгээр конвенци, Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3-р нэмэлт протокол зэрэгт нэгдэж орохыг зөвлөв. 

Хүний эрхийг хамгаалах үндэсний механизм бий болгох чиглэлээр авч хэрэгжүүлсэн алхмуудыг олон улсын зүгээс сайшаахын зэрэгцээ Хүний эрхийн үндэсний комиссыг Парисын зарчимд улам бүр нийцүүлэх, хараат бусаар ажиллах нөхцлийг бүрдүүлэх алхмуудыг авч хэрэгжүүлэхийг зөвлөлөө.

Хүний эрхийн зөвлөлийн хуралдааны үеэр МУ-ын ЗГ-ын төлөөлөгчид өөр өөрсдийн хариуцсан чиглэлээр мэдээлэл өгч оролцсон нь ач холбогдолтой байсныг тэмдэглэж байна.

Монголын Хүний эрхийн ТББ-уудын Форумаас НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлсэн ихэнх асуудлыг хуралдаанаар авч хэлэлцэж, зөвлөмж өгсөнд НҮБ-ын гишүүн улсуудад талархаж байна. Асуудлаа олон улсын тавцанд гаргаж, танилцуулах боломж олгосон UPR-Info, Форум Ази, Нээлттэй Нийгэм Форумд талархал илэрхийлье.

Монгол Улсын Засгийн газар эдгээр зөвлөмжүүдийг бүхэлд нь хүлээн авч, иргэний нийгмийн байгууллагуудын идэвхтэй оролцоотойгоор үр дүнтэй хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна.