Хүний эрх ихээр зөрчигддөг гэв
УИХ-ын чуулганы хуралдаан
2015.04.17

Хүний эрх ихээр зөрчигддөг гэв

Монгол улс 2000 онд Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг баталснаар олон улсын гэрээ конвенц, Монгол улсын хууль, тогтоомжийн биелэлтэд хүний эрхийн чиглэлээр хяналт тавьж, судлан дүгнэх чиг үүрэг бүхий Хүний эрхий үндэсний комиссыг 2001 онд байгуулсан.

Гэхдээ сүүлийн 14 жилийн турш ямар ч нэмэлт, өөрчлөлт, засваргүйгээр хэрэгжүүлж ирсэн тус хуулийг “НҮБ-ын Парисын зарчмуудаар баталгаажуулсан наад захын зарим хэм хэмжээ хуульчлаагүй” хэмээн олон улын зүгээс шүүмжлэлтэй ханддаг байна. Иймээс УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нарын 23 гишүүд Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан.

Уг хуульд 4 хэсэгт нь заалтын агуулгыг шинээр нэмэн, 8 хэсэг өөрчлөн шинэчлэн найруулсан аж. Тухайлбал үндэсний комиссын дэргэд хүний эрх, эрх чөлөөний чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, хүний эрхийн хараат бус шинжээчдийн бүрэлдэхүүн бүхий Хүний эрхийн олон нийтийн орон тооны бус зөвлөл ажиллаж комиссын үйл ажиллагаанд санал, зөвлөмж өгөх, бие даасан хараат бус үнэлгээ, дүгнэлт өгөх чиг үүрэгтэй байхыг тусгажээ.

Мөн хүний эрхийн олон нийтийн зөвлөлийг аймаг, хотын хэмжээнд байгуулж болох зэрэг асуудлыг хуульд нэмэхээр тусгажээ. Түүнчлэн хохирогчийн эрхийг хамгаалах чиглэлээр хуулийн зарим хэсэг, заалтыг өөрчлөн найруулж зохицуулахаар тусгасан байна.

Өмнө төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд олонхын дэмжлэг аваагүй нь “хууль шүүхийн байгууллагын хараат бус үйл ажиллагаанд харшлах агуулгатай заалт төсөлд тусгагдсан байна” хэмээн олонхын дэмжлэг аваагүй юм.

Иймээс уг заалтыг татан авч байгааг С.Дэмбэрэл гишүүн хэлэх үеэр О.Баасанхүү “Төслийн амин сүнс болсон гол заалтаа дур мэдэн татан авч болохгүй гэж төсөл санаачлагчдын нэгийн хувьд үзэж байна” хэмээн хэлсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Миний ойлгосноор Монголд улс төрийн шалтгаантай хэрэг бол илэрдэг. Харин тэгэх тусам Хүний эрхийн комисс хатуу хандаж, хүний эрх зөрчихгүй байхад нь анхаардаг байх ёстой заалтыг яагаад татчихваа. Тиймээс хүний эрхийн асуудалд анхааралтай хандахгүй бол жирийн иргэнд бол хэвийн мэт зүйл болчихсон” гэж хэллээ.

Хуралдааны төгсгөлд төсөл хэлэлцэхтэй холбоотой үг хэлэх гишүүн байгаагүй тул хуралдаан даргалагч хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн байнгын хорооны саналаар гишүүдээс санал хураалгахад 98.1 хувь нь дэмжээгүй учир хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.