Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, хуульд өөрчлөлт оруулав
УИХ-ын өчигдөрийн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв.
Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа дээрх маргааныг хэлэлцээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2 дахь заалтын “төлбөр төлөгч болон түүний гэр бүлийн гишүүний улирал бүрийн нэг ээлжийн хувцас” гэж заасны “...болон түүний гэр бүлийн гишүүний...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэснийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан байна.
Хууль зүйн байнгын хороо энэ сарын 3-ны өдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцээд цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2 дахь заалтын “...болон түүний гэр бүлийн гишүүний...” гэснийг хасах нь зүйтэй гэж үзсэн байна.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн талаарх цэцийн гишүүний танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулсан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ асуулт асуув.
О.Баасанхүү нарын асуултад Байнгын хорооны дарга болон Үндсэн хуулийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар хариулт өгсөн юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд дарга Г.Туулхүү гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 2002 оны 1 дүгээр сарын 10-нд батлагдсанаас хойш хуулийн энэ заалтыг нэг ч удаа хэрэглээгүй байгаа гэдгийг хэлэв. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан уг хуулийн 55.1.2 дахь зохицуулалтыг хийхдээ ял зэмлэлийг халдааж хэрэглэж болохоор ойлгож болох тал харагдаж байгаа. Тиймээс цэцийн энэ дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй юм гэж байнгын хороот үзсэн гэдгийг тодруулж хэлсэн юм.
Ингээд байнгын хорооны саналаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 56 гишүүний 41 нь буюу 73.2 хувь нь дэмжив. Иймээс Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн 75 хувь нь дэмжлээ. Улмаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувийн саналаар баталлаа. Хуульд оруулсан өөрчлөлтийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх юм байна