"Эрхээ мэдье" парламентийн мэтгэлцээний аваргууд тодорлоо
"Эрхээ мэдье" Парламентийн мэтгэлцээний аваргууд
2014.12.26

"Эрхээ мэдье" парламентийн мэтгэлцээний аваргууд тодорлоо

Монголын Эмнести Интернэшнлээс санаачлан Нийслэлийн боловсролын газар, Отгонтэнгэр Их сургуультай хамтран ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд "Эрхээ мэдье" Парламентийн мэтгэлцээнийг 2 үе шаттайгаар амжилттай зохион байгуулж, 2014 оны аварга багийг тодрууллаа.  

 Хүний эрхэд ээлтэй сургуулийн үзэл санааг тунхаглах, үзэл бодлоо хуваалцах, мэдээлэл солилцох замаар залуучуудад хүний эрхийн боловсролыг олгох зорилготой уг хүний эрхийн асуудлаарх Парламентийн мэтгэлцээнд нийслэлийн 8 дүүргийн Боловсролын Хэлтэс, Орхон, Дархан-Уул аймгийн Боловсролын Газрууд хамтран ажиллаж, нийт 98 баг хурд, хүч, оюун ухаан, цэц мэргэнээ сорьсноос 2014 оны Парламентийн мэтгэлцээний улсын аварга шалгаруулах тэмцээнд дараах 10 баг шалгарч оролцлоо. 

Хүний эрхийн асуудлаарх Парламентийн мэтгэлцээний 2 дугаар шатны тэмцээн 2014.12.20-ны өдөр Отгонтэнгэр Их сургуулийн байранд амжилттай болж өндөрлөлөө.

Зохион байгуулагч нар тэмцээний урд өдөр багуудад техникийн зөвлөгөөн хийж, мэтгэлцээний дүрэм, шүүх процессыг танилцуулан нэгдсэн ойлголтод хүрч, багуудын нэгдүгээр үеийн тоглох оноолтыг шодуулсан нь тэмцээнийг хурдан шуурхай, амжилттай зохион байгуулах, шүүх, оролцоход эерэгээр нөлөөлсөн байна. Оролцогч хүүхдүүд парламентийн мэтгэлцээн нь зөвхөн ялахын төлөө бус сурч мэдэх, нөхөрлөх, үнэнийг эрж хайх тухай болохыг ойлгож авсан нь энэ удаагийн мэтгэлцээний үр дүн байлаа.

Түүнчлэн, оролцогчид Байгаль орчныг хамгаалахын тулд эдийн засгийн өсөлтийг хязгаарлах нь зүйтэй,Нийгэм ядуучуудаа халамжлах үүрэгтэй, Хэвлэл мэдээллийг төрөөс хянах нь зүйтэй, Хувь хүний эрхийг нийгмийн эрх ашгаас дээгүүр тавих нь зөв, Хүний эрхийг дээдлэх үзэл нь хөгжлийн хамгийн зөв зам мөн, Ерөнхий боловсролын сургуульд сурагчид дүрэмт хувцас өмсөх нь зүйтэй зэрэг 15 шийдлийн хүрээнд мэтгэлцэв.

Мэтгэлцээнд бэлтгэх мөн тэмцээний үеэр хүүхдүүд бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээгээ хөгжүүлэх, нийгмийн олон асуудлыг олон талаас нь судалж, танин мэдэх, бусдын үзэл бодлыг хүндэтгэх, багаар ажиллах, ёс зүйтэй байх, харилцааны ур чадвар зэргийг суралцсан байна.

Мэтгэлцээний бүрэлдэхүүнд Монголын Эмнести Интернэшнл, Нийслэлийн Боловсролын Газар, Отгонтэнгэр Их сургууль болон Тулах цэг мэтгэлцээний клубын сургагч багш нар ажиллалаа.

Тэмцээний Тэргүүн байрыг СБД-ийн 11дүгээр сургуулийн Оньс багийн Д.Гүнжидмаа, Д.Нармандах, Дэд байрыг БЗД-ийн 33дугаар сургуулийн Атина багийн Б.Мөнгөнцэцэг, Н.Амаржаргал, Гутгаар байрыг ЧД-ийн Судартан-2 багийн С.Солонго, Б.Тэмүүлэн нар тус тус эзэлж, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнуулав.