Ц.Монгол: АТГ хэтэрхий их эрх мэдэлтэй болж байна
Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ.
Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа хүний эрхийн ноцтой зөрчил болох хүнд гэмт хэрэгт тооцогддог эрүүдэн шүүхээс ангид байх эрхийн асуудлыг хөндөн, энэ төрлийн гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах тогтолцоо Монголд байгаа эсэхийг эрэн сурвалжиллаа.Энэ талаар хуульч, өмгөөлөгч Ц.Монголтой ярилцлаа. Тэрээр зургаан жил хуулийн хэлтсийн дарга, таван жил шүүгч, 1995 оноос хойш өмгөөлөл хийж байгаа. Олон улсын хүний эрхийн Эмнести интернэшнл байгууллагын Монгол дахь салбарыг үүсгэн байгуулагчдын нэг.
-Эрүүдэн шүүх гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах тогтолцоо Монголд байна уу?
Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг Конвенц-д Монгол улс нэгдэн орж, нутаг дэвсгэртээ эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэх үйл ажиллагааг зогсоох талаар хяналтын тогтолцоог бий болгож Улсын Ерөнхий Прокурорын дэргэд Мөрдөн байцаах алба байгуулсан нь үр дүнтэй арга хэмжээ болсон.
Гэтэл энэ албыг 2014 оны эхээр татан буулгаж харьяалах хэргийг ТЕГ, АТГ, ЦЕГ-т шилжүүлснээр хараат бус, бие даасан мөрдөх алба байхгүй болсон. Энэ бол хүний эрхийг хамгаалах нэг механизмыг үгүй болгосон маш ноцтой алдаа, ухралт.
Ингээд олон жилийн явцад бүрэлдсэн эрүүдэн шүүхийн эсрэг тэмцэх тогтолцоо, системийг эвдээд хаячихлаа.Одоо энэ талаар хүний эрхийг хамгаалах боломжгүй болж, эрүүдэн шүүсэн асуудал нуугдмал, шалгах болон илрэх эсэх нь бүрхэг болсон. АТГ-ын болон цагдаагийн албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагаатай холбоотой хэргийг шалгах хөндлөнгийн байгууллага байхгүй, өөрснөө шалгахаар болсон.
-Та өмгөөлөгч, хуульч хүн. Энэ утгаараа хохирогч, сэжигтэн, яллагдагч, мөрдөн байцаагч, шүүх, прокурорынхонтой ойр ажилладаг. Таны үйлчлүүлэгч эрүү шүүлтэд өртсөн тохиолдол гарч байсан уу. Тэр хэрэг хэрхэн шийдэгдсэн бэ. Буруутай хууль сахиулагч ямар шийтгэл авсан бэ?
Одоо үед эрүүдэн шүүх хэлбэрийг өмнөх үе шиг бие махбодийг гэмтээх, тарчлаан зовоохоос өргөн хүрээтэй авч үзэх болсон. Зарим жишээ гэвэл: Замын цагдаад ажилладаг мөрдөн байцаагч машинтай явж байгаад өөр машин зам тавьж өгсөнгүй гэж зогсоон 2 хос залуусыг доромжлон, зодсон байдаг.
Гэтэл тэр байцаагч өөрийнхөө албан тушаалыг ашиглаад цагдаад гомдол гаргаж, түүний танил мөрдөн байцаагч нь тэр хүүхдүүдийг өдөр бүр цагдаа дээр дуудаж, өдөржингөө хүлээлгэн суулгаж, төгсөлтийн шалгалтуудыг нь өгүүлэхгүйгээр долоо хоногийн турш залхааж байсан тул эцэг эхийнх нь хүсэлтээр очиж таслан зогсоосон. Энэ бол Эрүүдэн шүүж байгаа нэг хэлбэр юм.
Бас нэг жишээ: Өмгөөлөгч аваагүй, хэрэгт сэжиглэгдэж байгаа хүнийг шөнө оройн цагаар өрөө дамжуулан байцааж, өөрийнх нь эсрэг мэдүүлгийг авсан байсан.Тэр эсрэг мэдүүлэг нь шүүх дээр өөрийг нь яллах үндэслэл болсон гэх жишээтэй.
7 сарын 1-ний асуудал гэхэд маш ноцтой. Маш олон залуусыг хорьж маш хүнд нөхцөлд байлгасан бөгөөд чи “хоёр чулуу шидсэн” гээд хэлчихвэл маргааш гаргалаа гэж өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгүүлсэн. Ингээд тэднийг хоёр гурван жилээр хорьчихсон хэрэг гарсан. Эрүүдэн шүүж өөрийнх нь эсрэг худал мэдүүлэг өгүүлснээс болоод үр дүн нь хүнд тусч эрх чөлөөгөө хязгаарлуулах хортой үр дагавартай.
-Таныг өмгөөлөл хийж байхад эрүүдэн шүүсэн асуудал гарч байсан уу?
Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг татан буулгаснаас хойш энэ хэргийг шалгах нь их бүрхэг болсон. Ер нь цэргийн шүүх, цэргийн прокурор байх үед тодорхой хэмжээнд хэргүүд шийдэгддэг байсан. Одоо хэрэг гарахгүй байгаа юм шиг л байгаа нь хяналтын тогтолцоо байхгүйтэй холбоотой.
Өнөөдөр АТГ-ын мөрдөн байцаагчид нь маш их давуу байдалтай болсон. Мөрдөн байцаагчид хэрэгт сэжиглэгдэж байгаа хүнийг цагдан хорихын тулд, баривчлахын тулд прокуророос зөвшөөрөл авч, Шүүгч шийдвэрлэдэг. Гэтэл АТГ өөрөө прокурор, шүүгчийг хянах, өргөдөл гомдол гарвал шалгах эрх мэдэлтэй болчихоор хэн нь хэнийгээ хянах нь эргэлзээтэй болчихоод байна.
Ерөнхийдөө “хорих ёстой хүнийг та хорьсонгүй, гомдол гаргана, хянана” гэх зэргээр прокурор, шүүхэд нөлөөлөх боломжийг нээлттэй болгосон. Энд би бүхнийг хараар будах гэсэнгүй, ер нь хэн нэг нь хуулийн энэ цоорхойг ашиглах боложтой болсон гэдгийг хэлэх байна. АТГазрын зарим нэг байцаагч “хорьё гэсэн хүнээ” янз бүрийн шалтаг шалтгаан хэлээд “шалгаж дуусаагүй байна” гэхээр нь Прокурор, Шүүгч үгийг нь дагаад үндэслэлгүйгээр хорих хугацааг сунгасан тохиолдлыг би мэднэ. Энэ байдал чинь нөгөө эрүүдэн шүүх, хуулийг зөрчих системийг бий болгоод өгчихсөний нотолгоо.
АТГ бол уг нь мөрдөн байцаах газрын нэг хэлтсийн л ажлыг хийдэг байгууллага. Гэтэл прокурор, шүүх зэрэг бусад хуулийн байгууллагыг хянах нь эрх зүйт төртэй, ардчилсан нийгэмд байдаггүй үзэгдэл.
Үүнийг засаж өөрчлөх ёстой. Эрүүдэн шүүхийн эсрэг гэмт хэргийг шалгадаг бүтцээ буцаан сэргээх ёстой.
-Тахарын албанд эрүүдэн шүүх гэмт хэргийг мөрдөн байцаах чиг үүргийг өгөхөөр ярьж байгааг та юу гэж бодож байна вэ?
Би Эрх зүйн шинэчлэлийг дэмждэг ч Х.Тэмүүжингийн үед жинхэнэ ёсоороо шинэчлэл хийгдсэнгүй, ихээхэн уршигтай ухралтууд гарлаа гэж үздэг. Хуулийг, нийгмийн харилцааг зохицуулах зорилгоор гаргадаг болохоос, дээрээс субьектив санаагаар, өөр улс буюу өөр нийгмийн харилцааг зохицуулж байгаа хуулийг нь хуулах замаар бүтээдэггүй.
Тахарын албанд энэ чиг үүргийг өгөх нь боломжгүй. Тахар нь Шүүгч нараа хянаж шалгах юм уу? Нөгөө Шүүх, Шүүгчийн хараат бус байдал гэдэг Эрх зүйн шинэчлэлийн чин амин сүнсийг алга болгох юм уу? Тэгээд ч Энэ байгууллагын гол чиг үүрэг бол Шүүх, хохирогч, гэрчийн зэрэг аюулгүй байдлыг хангах, мөн үйлчилгээний алба юм. Энэ албыг шинээр байгуулахгүйгээр чиг үүргийг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад нэмж өгсөн бол илүү үр дүнтэй байх байсан гэж боддог.
Тахарын алба гүйцэтгэх ажил хийнэ гэж ойлгож байгаа. Монголд тагнаж чагнах эрхтэй олон газрууд бий болсоор л. Тагнаж чагнах байгууллага олширвол хүний эрхийг дээдэлсэн ардчилсан улс, ардчиллын утга агуулга алдагдах болно.
-АТГ их эрх мэдэлтэй болох нь бусад хуулийн байгууллагуудад, цаашлаад хүний эрхэд хэрхэн нөлөөлөх вэ?
Энэ нь Авлигатай тэмцэх газарт ч илүү дарамт болохоос гадна байгууллагын нь нэр хүндэд халгаатай. Харин хүний эрхийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх бүтэц нь алга болсон тул мэдээж сөрөг нөлөөтэй. Бусад хуулийн байгууллагуудын ажилтнууд шударга ажиллах, эрх мэдлээ хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Авлигатай тэмцэх газар өөрөө хяналтгүй болно.