Б.Галдаа: Яагаад энэ албыг татан буулгасан учир шалтгааныг хайх хэрэгтэй
Хууль санаачлагчид яаран гаргасан шийдвэрийнхээ учир зүйг нь эргэн бодох хэрэгтэй
Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн дуу хоолойгоос эхлээд эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ.
Энэ ч утгаараа "Хэлэлцүүлэг" буландаа хүний эрхийн ноцтой зөрчил болох хүнд гэмт хэрэгт тооцогддог эрүүдэн шүүхээс ангид байх эрхийн асуудлыг хөндөн, энэ төрлийн гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах тогтолцоо Монголд байгаа эсэхийг эрэн сурвалжиллаа. Энэ талаар Улсын Ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах албаны дарга асан, дэд профессор, судлаач Б.Галдаатай ярилцлаа.
-Улсын прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд эрүүдэн шүүх гэмт хэргийг шалгасан. Танай албыг хүний эрхийн байгууллагууд хараат бусаар ажилладаг байсан гэж нэлээн сайн үнэлдэг юм билээ. Үнэхээр үр дүнтэй ажиллаж байсан уу?
Манай алба эрүүдэн шүүх гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр тодорхой үүрэг хүлээсэн төрийн эрх бүхий байгууллагын нэг. Яагаад гэхээр Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг 2002 онд тусгай субъектүүд тухайлбал шүүгч, прокурор, хэрэг бүртгэх мөрдөн байцаах эрх бүхий төрийн албан хаагчид, цагдаа, тагнуулын байгууллагын ажилтан нарын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах чиг үүрэгтэйгээр байгуулсан.
Монгол улс 2000 онд НҮБ-ын 1984 оны Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцид нэгдэн орж соёрхон баталснаараа эрүүдэн шүүхтэй тэмцэх хариуцлагатай үүргийг дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн байдаг.
Эрүүдэн шүүхийн хэлбэрээр хүний эрхийг хамгийн их зөрчиж болох магадлалтай хүмүүст төрийн албан хаагчид ялангуяа хуулийн байгууллагын ажилтан өртөгдөх эрсдэл их бий. Энэ утгаараа эрүү шүүлт тулгах гэмт хэргийн субъектийн онцлогтой холбоотойгоор тухайн төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах үүргийг зөвхөн тус алба шалгаж байсан юм. Үнэнийг хэлэхэд эхний 2-3 жилүүдэд албаны ажил сайнгүй байгаагүй. Үүнд нөлөөлсөн объектив, субъектив хүчин зүйлүүд байсан.
Гэхдээ манай албаныхан байгаа бүхий л хүч, боломж нөхцлөө бүрэн дайчилж, хууль хэрэгжүүлэх үүрэгтээ хоёргүй сэтгэлээр ажиллаж байсан гэж боддогоо нуугаад ч яахав. Тэр хүнд, сорилтын гэж хэлж болохуйц үеийг манай залуучууд сөхрөхгүй даван туулсан болохоор дээрх үнэлгээ өгч байгаа болов уу? 2005 он шиг санагдаж байна, НҮБ-ын тусгай илгэгч Манфред Новак гэдэг хүн манай оронд эрүүдэн шүүхтэй тэмцэх конвенцийн хэрэгжилтийг шалган судлах ажлаар ирсэн юм билээ. Тэр хүнд манай сайд, дарга нар эрүүдэн шүүхтэй тэмцэх ажлын хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлын нэг бол эрүүдэн шүүхтэй тэмцэх дагнасан чиг үүрэгтэй бие даасан алба байгуулсан талаар танилцуулж, тэндээс мэдээлэл авахыг зөвлөсөн юм билээ.
Бид хоёр удаан ярилцсан, эрүү шүүлт тулгах гэмт хэргийг мөрдөн шалгахад тохиолдож байгаа болон конвенцийн заалттай үндэсний хууль тогтоомж, ялангуяа эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсгийг нийцүүлэх эрх зүйн орчиноос шалтгаалсан бэрхшээлийн талаар илэн далангүй санал солилцсон. Тэр эрхэм МУ-ын засгийн газар эрүүдэн шүүхтэй тэмцэх дагнасан бие даасан байгуулсан боловч конвенцийн хэрэгжилт хангалттай байж чадаагүй гэсэн дүгнэлт хийгээд буцсан.
Бид эрүүдэн шүүлттэй тэмцэх чиглэлээр хүний эрхийн байгууллагууд болон хуулийн байгуулллагуудтай хамтарч тодорхой ажлыг явуулдаг байсан нь олны таашаалыг хүлээж байсан. Эрүүдэн шүүхтэй тэмцэх, энэ төрлийн гэмт хэргийг шалгах ажил амар биш. Ил, далд эсэргүүцэлтэй тулгарна. Хуулийг хэрэглэх, түүнийг тайлбарлах хүрээний үзэл бодол, тухайн хүмүүсийн дотоод итгэл үнэмшилтэй холбоотой хүчин зүйл нөлөөлнө.
Өөр нэг бодитойгоор бэрхшээл учруулдаг хүчин зүйлийн нэг бол одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлд заасан “эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинж, НҮБ-ын конвенцийн “эрүүдэн шүүх” гэдэг тодорхойлолт хоёрын агуулга ихээхэн зөрүүтэй байгаа явдал конвенцийн хэрэгжилтийг хангах, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх нийтийн хүсэл зориг, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах үүргээ төр бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадахгүй байгааг харуулж байгаа биш үү. Бас тухайн үедээ эрүүдэн шүүхтэй тэмцэх үүрэгтэй хараат бус, бие даасан бүтцийг байгуулсан хэмээн олзуурхан ярьж байсан албаа татан буулгачихлаа.
Энэ бүхний цаана эрүүдэн шүүхийн аливаа хэлбэрийг илтэд хаацайлах, хамгаалах гэсэн санаархал байхгүй ч гэсэн бид ингэж төөрөлдөж, алгуурлаж байх зуур хэн нэгэн албан тушаалтан, бүр явцуу хүрээнд авч үзвэл эрүүгийн гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, гэмт этгээдийг эрэн сурвалжлах,олж тогтоох, хянан шийдвэрлэх эрх бүхий субъектүүдээс Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн 1 дүгээр зүйлд заасан “хэн нэгэн хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах,тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх,айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчлах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдэл”-ийг хийхгүй байгаа гэдэгт итгэхэд бэрх[1].
Анх эрүүдэн шүүлтийн талаар хэвлэл мэдээллийн хэрэглэлээр явуулж байсан ярилцлагын үеэр зарим хууль сахиулагчид монгол улсад эрүүдэн шүүлт байхгүй, байхгүй зүйлийг байгаа мэтээр ярих нь хуулийн байгууллагын нэр хүндэд муугаар нөлөөлнө хэмээн болгоомжилдог байсан бол эдүүгээ энэ сэтгэлгээ өөрчлөгдсөн гэж бодож байна. Эрүүдэн шүүхэд хүргэж буй хөрс хэвээр байгаа цагт эрүүдэн шүүхийн аливаа хэлбэр гэнэтхэн арилчихна гэж байхгүй.
-Гэтэл энэ албыг 2014 оны хоёр сард яагаад татан буулгачихав аа?
Энэ тухай нарийн учир шалтгааныг би мэдэхгүй. Нэг зүйлийг сайн мэдэх юм. Ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба бол прокурорын байгууллагын бүтцэд багтдаг, тогтолцооны үндсэн нэгж биш.
Прокурорыын чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага ч биш. Гагцхүү ЭБШХ-ийн 26,27 дугаар зүйлийн холбогдох хэсэгт заасан дээр нэрлэсэн субъектүүдийн үйлдсэн эрүүгийн хэргийг хэргийн ангилалыг үл харгалзан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах үүрэг хуулиар хүлээсэн мөрдөн байцаах байгууллага байсан. Тус албаны тухайд бусад хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагуудаас нэг давуу, чухал ач холбогдолтой эрх зүйн зохицуулалт байсан. Энэ нь захиргааны удирдлага, төсөв санхүү, боловсон хүчний хувьд биеэ даасан, хараат бус ажиллах орчин нөхцлийг хуулиар тогтоож өгсөн явдал юм.
Энэ чинь л хөндлөнгийн нөлөөнд автахгүй ажиллах сайхан боломж. Нөгөөтэйгүүр алдаа, оноогоо хэнтэй ч хуваалцахгүйгээр өөрөө өөртөө дүн тавих, хариуцлагаа ухамсарлах шалгуур байсан гэж болно. Бусад мөрдөх албаны тухайд ч ийм зохицуулалт байдаг бол хуулийн шинэчлэл, хуулийг дээдлэх, хууль ёсыг сахих, хүний эрхийг хангах үйл ажиллагаанд эергээр нөлөөлөх нь мэдээж. Уг нь ерөнхий прокурорын дэргэдэх албаны үйл ажиллагааны үзүүлэлт жилээс жилд дээшилж, мөрдөн шалгах ажлын чанарын үндсэн үзүүлэлт улсын дундаж буюу түүнээс дээш түвшинд хүрчихсэн, хүнээр бол ёстой л эрийн цээнд хүрсэн үед нь татан буулгачих шиг санагдсан.
Анх байгуулсан хүнийхээ хувьд бус арван жил тасралтгүй зүтгэж, хар цагаан хоёрыг хамтдаа үнэлж, дүгнэж явсан хүний хувьд үүнийг хэлэх эрх надад бий. Улсын ерөнхий прокурорын дэргэд мөрдөн байцаах алба байгуулсан нь Үндсэн хуульд заасан прокурорын чиг үүрэгтэй зөрчилдөж байна гэж үзсэн бол дэндүү гэнэн үндэслэл байна. Прокурорын байгууллагын тухай хуульд заанаар прокурор мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхтэй. Энэ эрхээ мөрдөн байцаах албаар гүйцэтгүүлж байна гэж эндүүрсэн хэрэг үү.
Тэгж яривал прокурор мөрдөн шалгах эрхээ мөрдөн байцаагчид даалгавар бичих замаар шалгуулах эрх нь бий. Яг энэ асуудлаар 2003 онд байх Үндсэн хуулийн цэц гомдлын дагуу шалгаад үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргачихсан шүүдээ. Яаруу шийдсэний цаана нуугдмал учир шалтгаан байгаа байх, түүнийг хайх хэрэгтэй.
-Танай албаны чиг үүрэг одоо хаана очсон бэ. Цагдаагийн ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар очсон бол эрүүдэн шүүлттэй холбоотой хууль сахиулагчийн үйлддэг гэмт хэргийг цагдаа нь өөрөө шалгаж байгаа гэсэн үг үү?
Бараг тэгж ойлгож болох юм. Огт эзэнгүйдүүлэхгүйн тулд прокурорын байгууллага эрх мэдлийнхээ хүрээнд харъяалалын асуудлыг зохицуулж байгаа юм шиг байлаа. Авилгатай тэмцэх газар албан тушаалтай холбоотой гэмт хэргийг шалгах хуулиар тогтоосон харъяалалтай болохоор эрүүдэн шүүхтэй холбоотойг хэргийг шалгах ёсгүй. Тагнуулын мөрдөх албаны хэргийн харъяалалыг мөн л хуулиар тогтоочихсон болохоор цагдаагийн байгууллага шалгахаас өөр арга байхгүй. Ганц эрүү шүүлтийн хэрэг биш цагдаагийн албан хаагчдын үйлдсэн хэргийг цагдаагийн ажилтан шалгахад хүнд л дээ. Арван хэдэн жилийн өмнө ийм тогтолцоо үйлчилж байсан.
Энэ нь нийгэмд ихээхэн үл итгэлцэл бий болгосон учраас ниийгмийн захиалгаар хараат бус албыг байгуулсан гэдэг юм билээ. Нэг сургуулийг хамтдаа дүүргэсэн ангийн назаа, нэг тогооноос хоол хороож яваа нөхрөө, даргынхаа тушаалаар албанд томилогдож өгсөн даалгаврыг нь биелүүлэх үүрэгтэй даргынхаа холбогдсон хэргийг шалгана гэдэг сэтгэл зүйн хувьд ч, хүн чанарын хувьд ч амаргүй.
Гэхдээ бэрхшээлийг хойш нь тавиад хууль, шударга ёсыг эрхэм болгохоос өөр аргагүй. Албыг татан буулгасан хэрнээ хэргийн харьяалллыг нэгэн адил шийдвэрлээгүйгээс хуулийнхан хүний эрх зөрчиж байгаа тухай, энэ тухай гомдлыг үнэн зөвөөр шалгаж шийдвэрлэхгүй байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр цөөнгүй яригдах боллоо.
Энэ байдал газар авбал нийгмийн бухимдал улам нэмэгдэнэ. Үүнийг хууль зүйн бодлого эрхэлдэг засгийн газрын гишүүн, УИХ-ын эрхэм гишүүд анхаараасай билээ. Эрүү шүүлтийн хэргийг шалгадаг орчин нь өөрчлөгдөнгүүт энэ төрлийн гэмт хэрэг гарахаа больчихно гэж байхгүй. Албан бус эх сурвалжаас сонсоход он гарсаар эрүү шүүлт тулгах гэмт бараг гарахгүй болсон юм байх. Бодитойгоор ийм нөхцөл байдал бүрдсэн бол баяр хүргэх ч багадана.
Харин эсрэгээрээ хэрэг хүлээлгэх, хэн нэгэнд ашигтай мэдүүлэг, тайлбар гаргуулах гэсэн зорилгоор бусдыг айлган сүрдүүлэх,хүч хэрэглэх, хуурч мэхлэх, хууль бус арга хэрэглэх зэргээр хүний эрх зөрчих хандлагыг ил гаргах, түүнийг шалгах эрх зүйн орчин хараат байдалд орсноос шалтгаалан давхар дарамтанд өртөж болзошгүй гэсэн хүлээлт байхыг үгүйсгэхгүй. Угаасаа эрүүдэн шүүлтэд өртсөн хүмүүс дарамтанд орчихдог. Сэтгэл санааны болон бие махбодийн дарамтанд орсон бол аяыг нь дагахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрчихдэг.
-Иргэдийн гомдол багасаагүй гэдгийг Хүний эрхийн үндэсний комиссын 13 дах илтгэлээс харж болно. Нийт өргөдлийн 70 хувь нь эрүү шүүлтийн асуудалтай холбоотой байгаа нь иргэд цагдаа бус, ХЭҮК-т хандах нь элбэг байгааг харуулж байгаа юм биш үү?
Албаны эх сурвалжийн баримт, мэдээлэлгүйгээр дүгнэлт хэлэх боломжгүй. Ер нь эрүү шүүлттэй холбоотой гомдол мэдээлэл ХЭҮК-т их ирдэг юм. Намайг албанд ажиллаж байх үед эрүү шүүлт тулгасан гэх гомдлын ихэнх нь ХЭҮК-оос шилжүүлсэн гомдол эзэлдэг байсан. Тэр байдал хэвээрээ бололтой. Гэмт хэргийн шинж бүхий гомдлыг цагдаад шилжүүлж шалгуулж байгаа байх. Өөр арга байхгүй.
Цаашдаа эрүүдэн шүүхтэй тэмцэх конвенц, түүний нэмэлт протоколд заасан шаардлагад нийцсэн эрх зүйн орчинг бий болгох хэрэгтэй байх. Манайх энэхүү нэмэлт протоколд нэгдэн орсон гэсэн. УИХ соёрхон батлах байлгүй. Ингэхдээ НҮБ-ын ЕА-н 2002 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолд заасан олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн зарчимд нийцсэн тогтолцоог бий бий болгох зүйтэй.
Сүүлийн үед энэ хэргийг Тахарын алба шалгах бололтой мэдээлэл гарах болсон. Тахарын алба хуулиараа Шүүхийн хэвийн үйл ажиллагаг сахиулах, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, шүүхээс оргон зайлсан этгээдийг эрэн сурвалжлах, гэрч хохирогчийг хамгаалах чиг үүрэгтэй алба. Ийм чиглэлтэй байгуулагдсан албанд эрүүдэн шүүлтийн хэргийг мөрдөн шалгах үүргийг хариуцуулах нь арга ядсан зохицуулалт болох байх.
Дан ганц эрүү шүүлтийн гэмт хэрэг бус, тусгай субъектүүдийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр мэргэшсэн гэж болохуйц албыг татан буулгасан шигээ дахин байгуулж яагаад болохгүй гэж. Хараат бус үндэсний тогтолцоог бий болгох ёстой. Конвенцийн үзэл баримтлалтай үндэснийхээ хууль тогтоомжийг хоёрдмол санаагүйгээр нийцүүлэх шаардлага чухал гэдгийг дахин хэлээд илүүдэхгүй.
-Таныг мөрдөн байцаах албыг удирдаж байхад тэнд эрүү шүүлттэй холбоотой ямар төрлийн гэмт хэрэг ихэвчлэн гардаг байсан бэ, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
Яг шууд утгаараа эрүүдэн шүүхтэй тэмцэх конвенцийн заалттай холбоотой ганцхан хэрэг эрүүгийн хуульд бий. Энэ хэргийг үйлддэг субъект нь ч гэсэн нэг чиглэлийн ажил эрхэлдэг албан тушаалтан байхаар хуульчилсан байдаг юм. Энэ тухай энд ярина гэвэл нилээд хугацаа хэргтэй. Харин эрүүдэн шүүхийн хэлбэрүүдийг агуулсан боловч объектив, субъектив байдлуудын цогц шинжээрээ хоорондоо ялгагддаг гэмт хэрэг бий.
Тухайлбал шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийн олонх нь эрүүдэн шүүх хэлбэрт хамаарах шинж бүхий үйлдлийг агуулсан байдаг.Яг энэ ангилалд хамаарах хэргийн талаар ярилцлагын эхэнд тоон баримтыг иш татсан болохоор энд зөвхөн 2007-2011 онуудад эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйл буюу эрүү шүүлт тулгах 33 хэргийг мөрдөн шалгасан байна. Нэгэн үе гэмт хэрэг илрүүлэх, мөрдөн шалгах эрх бүхий байгууллагын ажилтан хэрэгт холбогдсон хүнээр өөрөөр нь хэрэг хүлээлгэчихвэл хэрэг нотлогдсон гэж баярладаг, ямар аргаар илрүүүлснийг үл харгалзан эзэнгүй олон хэргийн холбогдогчийг тогтоосон гэж үнэлдэг,түүгээрч барахгүй цол хэргэм нэмдэг, албан тушаал дэвшүүлдэг хандлага байсан.
Үүний цаана эрүүдэн шүүх арга хэлбэр хэрэглээд боловч нэр төр олох гэсэн сэтгэлгээг өөгшүүлэх хүчин зүйлийн нэг болж байсныг мартах ёсгүй. Эрүүдэн шүүхэд өртөгдөх объектын хүрээ өргөн байдаг болохоор эрүүдэн шүүхтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг төрийн бодлогоор дэмжих шардлагатай байгаа юм.
Энэ ажилд төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын хүчин чармайлт хамгийн үр дүнтэй хэлбэр болох ёстой. Харилцан мэдээлэл солилцдог, тодорхой хүрээнд мониторинг хийдэг, асуулга явуулдаг, хүний эрх, эрүүдэн шүүхэд хүргэж буй шалтгаан, нөхцлийг хамтран судалж асуудал боловсруулдаг,эрх нь зөрчигдсөн иргэний эрх, ашиг сонирхлыг хамгаалах өмгөөлөл, үйлчилгээний тогтолцоог бий болгох нь эрүүдэн шүүхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын хүртээмж, үр нөлөөг дээшлүүлэх боломж нэмэгдэх учиртай.
-Эрүүдэн шүүх гэмт хэргийг мөрдөн байцаах ямар байдаг вэ. Энгийн хэргээс юугаараа ялгаатай байдаг вэ?
Бусад төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгадаг процесстой адилхан. Гол ялгаа нь албан тушаалынхаа давуу байдлыг ашиглан хэрэг хүлээлгэх,ялгаварлан гадуурхах зорилгоор хүний жам ёсны эрхэд бие махбодийн болон сэтгэл санааны дарамт үзүүлэх аливаа хууль бус аргаар өөрийн эрхшээлд оруулах үйлдэл хийсэн байдаг.
Энэ хэргийн өөр нэг онцлог нь эрүү шүүлт тулгах аргаар авсан мэдүүлэг, тайлбар нь өөрийг нь яллах нотлох баримтын төрөлд хамаардаг учраас зарим рецидивистүүд өөрийнхөө үйлдсэн хэргийг хаацайлахын тулд эрүү шүүлт тулгасны улмаас мөрдөн байцаагчийн урьдчилан хэлсний дагуу аргагүй байдалд автаж түүний хэлснээр мэдүүлэг, тайлбар өгсөн болгон гомдгол гаргах хандлага цөөнгүй тохиолддог.
Иймд хүний эрхтэй холбогдсон хэргийг шалгахдаа оролцогчдын эрхийг сайн хангахаас гадна Нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагаанд шинжлэх ухаан, техник, технологийн ололтыг өргөн ашиглаж давхар нотолгоожуулах нь аль аль талын эрх ашгийг хамгаалах төдийгүй эрүүгийн болон эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилтыг тууштай хэрэгжүүлэх ач холбогдолтой.
-Хараат бусаар мөрдөн байцаахаас гадна хууль сахиулахынханд байнгын сургалт, эрүүдэн шүүлтийн эсрэг хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх нь чухал. Танай алба энэ чиглэлийн арга хэмжээ явуулж байсан уу?
Сургалт бол зайлшгүй. Манай албанд энэ чиглэлийн орон тоо байгаагүй ч гэсэн Хүний эрхийн байгууллагатай хамтарч хэд хэдэн чухал ажил зохиож байсан. Тухайлбал ХЭҮК-той хамтран бүх аймгуудыг дөрвөн бүс болгож, цагдаа шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтуудын хамруулан “Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдэвт сургалт, ярилцлага явуулах, энэ хугацаанд ялтан, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч болон зарим хэргийн гэрч хохирогч нарын дунд эрүүдэн шүүлтийн байдлыг тандах зорилгоор 200 шахам асуулгын хуудас тарааж нэгтгэн дүгнэж, холбогдох байгууллагад танилцуулга бичих зэрэг сургалт, судалгааны ажил явуулдаг байлаа.
Эрүүдэн шүүхтэй тэмцэх санамж бичгийн хүрээнд ч тодорхой үүрэг гүйцэтгэж байсан. Бид боломжоо ашиглан хүний эрхийг хангахын төлөө ажиллаж байсан. Энэ бүхэн урьдчилан сэргийлэх үйлсэд оруулсан өчүүхэн хувь нэмэр юм. Эрүүдэн шүүлтээс ангид ажиллах, амьдрах орчинг бүрдүүлэх нь эрх зүйт төрийн үүрэг мөн.
Тэр тусмаа дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө давхар үүрэг хүлээсэн болохоор хууль санаачлагчид гаргасан шийдвэрийнхээ учир зүйг эргэн харах хэрэгтэй. Хууль, шүүхийн өмнө иргэн бүр эрх тэгш байх зарчим хэрэгжих нөхцөл байдал бүрдсэн цагт таны эрх бусдын эрхээр хязгаарлагддаг хүмүүнлэг ёсыг хүндэтгэх ёс зүйн болон эрх зүйн ухамсар төлөвших, улмаар хүний эрх зөрчигдөх орчинг хязгаарлахад тус дөхөм үзүүлэх нь мэдээж.
-Ярилцсанд баярлалаа.
[1] 2002оны 9 сараас 2012 оны 7сар хүртэлх хугацаанд шүүн таслах ангилалд хамаарах 192 гэмт хэрэг бүртгэгдсэний 20 гаруй хувь нь эрүүгийн хуулийн 248, 249, 251, 253 дугаар зүйлд заасан илт гэм буруугүй хүнийг сэжигтнээр тооцох, яллагдагчаар татах, хүнийг хууль бусаар баривчлах, эрүү шүүлт тулгах, хуурамч нотлох баримт бүрдүүлэх гэмт хэрэг эзэлж байжээ. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба. Г.Мөнхбаяр М.Гэрэлбадрах. Албаны арван жил. Улаанбаатар. 2012 он.39 дэх тал.