БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол ЦУОШГ -ын ажилтай танилцлаа
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол Цаг уур, орчны шинжилгээний газар зочилж, агентлагийн үйл ажиллагаатай танилцлаа.
ЦУОШГ-ын дарга Д.Цогт-Очир салбарын үйл ажиллагааны талаар танилцуулж, цаашид нэн шаардлагатай хийж хэрэгжүүлэх, тулгамдсан асуудлуудын талаар санал хүсэлтээ сайдад уламжиллаа.
Сайд Д.Оюунхорол хэлэхдээ, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байгаль орчинд нөлөөлж буй нөлөөлөл хүний хүчин зүйлээс хамаарч байгааг сүүлийн үед их ярьж, бичих болсон. Сая танай салбарын залуучуудтай уулзаж санал бодлыг нь сонсоход энэ талын том баг ажилладаг юм байна, Өөрийн хийх гэж буй ажлын чиглэл зорилгоо маш сайн мэддэг юм байна гэж харлаа. Тиймээс бид бодлогын хувьд онцгой анхаарч, тусалж дэмжиж шаардлагатай гэж үзэж байна гэлээ.
Түүнчлэн судалгааны ажлыг цаас болгож орхихгүй байх, ажил хэрэг болгох талаас явах, амьдралд хэрэгжүүлэхийн төлөө эрдэмтэн судлаач бүр анхаарлаа хандуулаасай гэж хүсч байгаагаа илэрхийллээ. Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын ажлын уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааг ойртуулах шаардлагатай байгааг тэрээр онцгойлон анхаарууллаа гэж ЦУОШГ-аас мэдээллээ.