Том намуудын бүтээгдэхүүн сонирхолгүй байна
Өнгөрсөн долоо хоногт уламжлал ёсоор Сант-Марал төвөөс жил бүрийн улс төрийн байдлын талаарх судалгаагаа нийтэд дэлгэсэн нь нийгэмд нэлээдгүй шуугиан тарьсан. Учир нь Топ-10 улстөрчийн жагсаалтад дуучин С.Жавхлан мэтийн хүмүүс орсон нь иргэдийн сонирхлийг аргагүй татсан. Ингээд тус судалгааг явуулсан Сант-Марал төвийн үүсгэн байгуулагч Л.Суматитай ярилцлаа.
-Тэгэхээр Сант-Марал төвийн сүүлд гаргасан судалгаа нийгэмд нэлээдгүй шуугиан дэгдээж байна. Энэ жилийн судалгаа өмнөх жилийнхээс юугаараа гол онцлог байсан бэ ?
Онцлог гэвэл энэ жилийн үйл явдлыг өмнөх жилийнхтэй харьцуулах бооломжтой юм. Судалгааг тохиолдлын аргаар 1200 өрх сонгоод шууд болон шууд бусаар явуулсан. Өмнөх жилтэй харьцуулахад ардчилсан намын ретинг буурсан.
Түүнчлэн топ тавын жагсаалтад намууд биш бие даагчид болон дуучин С.Жавхлан мэтийн улстөрөөс хөндий хүмүүс дээгүү байр эзэлсэн нь хамгийн том өөрчлөлт. Уг нь жирийн парламентийн тогтолцоотой улс төрд эрх баригч нам болон сөрөг хүчин байдаг. Харин сөрөг хүчний орон зайг эдгээр хүмүүс эзэлж байгаа нь өмнөх судалгаануудаас онцлог байлаа.
-Топ тавын жагсаалтыг харахад ард түмэнд таалагдах зүйлс ярьдаг хүмүүс дээгүүр орлоо гэх хардлага байна. Эдгээр хүмүүсийн эхний байранд орох гол хүчин зүйл нь юу вэ ?
Мэдээж популист байдал нөлөөлсөн. Гэхдээ намууд ч гэсэн популист бодлого явуулах нь түлхүү харагдаж байгаа. Тэр тусмаа сонгуулийн өмнө нэлээдгүй үйл ажиллагаануудыг явуулах болов уу. Угаасаа гол зорилго нь ирэх жилийн сонгуульд амжилттай оролцож олон суудал болон эрх мэдэл авахаас биш бусад хамаагүй.
Харин эдийн засгийн байдал улстөрд нөлөө үзүүлнэ.
-Цаашдаа улстөрийн тогтворгүй байдал дотоодын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ ?
Миний хувьд эсрэгээрээ. Харин эдийн засгийн байдал улстөрд нөлөө үзүүлнэ.
-Саяны судалгаагаар МАН орон нутагт илүү байсан. Гэхдээ өнгөрсөн сонгуулиар АН орон нутаг тийм ч сайн байгаагүй ч хүн амын олонхи суурьшдаг Нийслэл хотод ялснаар засгийн эрх барьсан. Энэ зүйл давтагдах боломжтой юу ?
Ер тийм ч хол зөрүү гараагүй. Манай төвийн ажиглалтаар тухайн үед Ардчилсан нам зургаан сар гэхэд илт давуу болчихсон байсан. Миний санаж байгаагаар орон нутагт ч гэсэн МАН-аас илүү байсан.
-Таны бодлоор Монголын улстөрийн байдлыг ямар нэгэн жишээн дээр хэлвэл ?
Тухайлбал АНУ-ын шар айрагны зах зээлийг Миллер болон Будвайзер гэсэн брендүүд эзэлдэг гэж бодоход хэнд ч танигдаагүй жижигхэн пивоны үйлдвэрийн шар айраг Дэлхийн хэмжээний уралдаанаас медаль аваад байна.
Үүн шиг Монголын нөхцөлд бие даан гарч байгаа хүмүүс гуравдах шар айрагтай нь адил. Гэхдээ тэд цаашдаа хамтраад нам байгуулах бололцоо бий. Их ч яригдаж байгаа. Ер нь манай хоёр том намын улс төрийн нөхцөлд нийлүүлж байгаа бараа нь ард иргэдийн сонирхлыг татахаа больчихсон.
-Дараагийн судалгаагаа хэзээ гаргах төлөвлөгөөтэй байна вэ ?
Хэрвээ санхүүжилт олдвол ирэх намар дахин хийх төлөвлөгөөтэй байна. Чадахгүй бол дараа жилийн гурван сардаа л хийнэ дээ.