Барилгын салбар зогсонги байдалд байна
Барилга
2015.04.27

Барилгын салбар зогсонги байдалд байна

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Ерөнхий сайд болон УИХ-ын даргад шаардлага хүргүүллээ.

Учир нь, Иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангах зорилготой найман хувийн хүүтэй орон сууцны зээл хэрэгжиж эхлээд гурван жилийн нүүрийг үзсэн. Өнгөрсөн хугацаанд урьдчилгаа 30 хувийг бэлэн мөнгөөр төлөх чадвартай иргэд орон сууцны зээлд хамрагдаж дууссан. Улмаар зах зээл дахь орон сууцны эрэлт худалдан авалт буурсантай холбоотойгоор барилгын салбарынхан ажилгүй зогсонги байдалд байгааг тэд онцоллоо. Одоогоор манай улсад 40 гаруй мянган хүн барилгын салбарт ажилладаг. Тиймээс барилгын салбарыг дэмжих замаар хэрэглэгчээ орон сууцтай болгох асуудлыг дэмжих хэрэгтэй байна.

Харин урьдчилгаа 30 хувийн 20 хувийг Засгийн газраас баталгаа гаргаж, иргэд урьдчилгаа 10 хувиа төлсөн тохиолдолд найман хувийн зээлд хамрагдах боломжтой талаар ярьсан. Гэвч энэ яриа Тавантолгой, Оюутолгой гэсэн уул уурхайн сүрэнд дарагдаж намжаад байгаа учраас орон сууцны зээлийн тогтолцоог шинэчлэх асуудлыг эрчимжүүлэх ёстой гэдэг байр суурийг МҮЭХ- ны удирдлагууд илэрхийллээ. Өнгөрсөн онд 24700 гаруй орон сууц ашиглалтад орсноос 5000 гаруй байр зарагдаагүй үлдсэн байна. Мөн энэ үеэр Монголын барилгачдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Б.Батцогт “Одоогоор барилгын үнэ өнгөрсөн оныхоос буурсан үзүүлэлттэй байна. Мөн барилгын материалын үнэ ч тогтвортой байгаа учир байрны үнэд ямар нэгэн өөрчлөлт орохгүй” гэв.