Дэлхийд нүүрлээд буй нефтийн хараал
Сүүлийн үед хийгдсэн судалгааны дүнгээс харахад нефтийн үнэ унаснаас үүсэх эрсдэл өндөр байна. Нефтийн хэтэрхий доогуур үнэ энэ салбарын зах зээлд удаан хугацааны хөрөнгө оруулалтыг эрс бууруулах тухай Гамбургийн “Energycomment” судалгааны фирмийн илтгэлд бичжээ.
Өөрөөр хэлбэл Арктикийн нефтийн орд болон Бразилийн эрэг орчимд далайн гүн ёроолын нефть олборлолт, Канадын нефть агуулагч элсний судалгаа, түүнчлэн синтетик болон биологийн түлшний төсөл ойрын 10 жилдээ бүтэхээргүй болж байна. Үүний зэрэгцээ үнийн эрсдэл улам өснө гэж үзэж байна.
Нефтийн үнэ 2014 оноос эхлэн 50 хувиар унаж өнөөдөр нэг баррель буюу 159 литр нь 60 долларын орчимд байна. Хамгийн хачирхалтай үнийн эрс уналт эдийн засгийн хямралтай ямар ч холбоогүй. Energycomment судалгааны фирмийн захирал Штеффен Букольд (Steffen Bukold)-ийн үзэж буйгаар нефтийн үнийн уналт дэлхийн зах зээлийг эзлэх гэсэн улс төр-эдийн засгийн тэмлцээс үүдэлтэй гэж үзэж байна.
Нэг талаас АНУ-д нефть олборлолд огцом өссөн. Нөгөө талаас ОПЕК-ийн орнууд уламжлалаасаа хазайж нефтийн илүүдлээс урьдчилан сэргийлэхийн тулд олборлолтоо багасгаагүй. ОПЕК цаашдаа энэ чиглэлээс ухрах янзгүй байна. Яагаад гэвэл нефтийн гүрэн Саудын Араб өрсөлдөгчдөө дампууруулж зах зээлийн шинэ орон зайг эзлэхийн тулд хэргээр доогуур үнээр борлуулж байна.
Энэ нь нефть хэрэглэгч орнуудын хувьд тун ашигтай. Харин хөрөнгө оруулагчид дараах байдлаар давхар хожигдол хүлээж байна.
- Хэрэв нефтийн үнэ доогуур хэвээр байвал энэ онд олох орлого хэдэн их наяд доллараар багасна.
- Өнөөдөр нефтийн зах зээл дээр тодорхой айдас үүссэн. Хөрөнгө оруулагчид олон арван жилийн турш нефтийн хувь заяаг тодорхойлж байсан зах зээлийн механизмд итгэх аргагүй болж байна.
Дээрх хоёр хүчин зүйлийн улмаас дэлхийн нефтийн зах зээл бүтцийн хувьд том өөрчлөлт орж, харин хөрөнгө оруулагчид юу хийхээ мэдэхээ байв. Тиймээс банкууд нефтийн ордуудын төсөлд мөнгө өгөх магадлал бараг байхгүй.
Energycomment судалгааны фирмийн дүгнэлттэй бусад экспертүүд санал нэг байна. Тухайлбал Америкийн Goldman Sachs банк 2014 оны сүүлээр нефтийн зах зээлд хөрөнгө оруулалтын хямрал үүснэ гэж сануулж байсан. Нефтийн салбар дахь олон амбицлаг төсөл юу ч биш болж хувирах төлөвтэй байна. Нефтийн үнэ 70 долларт хүрсэн ч дэлхийн нефтийн хэрэгцээний дөрөвний нэгтэй тэнцэхээр олон тооны төслийн хувьд аюулын харанга дэлдэж байна.
Хөрөнгө оруулалтын хямралын үр дагавар хэдийнэ ажиглагдаад эхэлжээ. АНУ-д сланц нефтийн цооногуудын тоо хоёр дахин цөөрчээ. Энэ зун гэхэд олборлолтын хэмжээ эрс багасах төлөвтэй байна.
Хэрэв энэ хямрал даамжирвал үр дагаварыг төсөөлөхөд бэрх. Дэлхийн нефтийн эрэлт 2020 он гэхэд өдөрт 90 саяас 103 сая баррель болж өсөх төлөвтэй. Хэрэв нефтийн салбарт хөрөнгө оруулалт багасвал 2025 он гэхэд нефтийн хомсдол өдөрт 7,5 сая баррель болно гэж Goldman Sachs үзэж байна. Хомсдол бага байсан ч нефтийн үнэ санаанд багтамгүй хэмжээнд өсөх магадлал өндөр.