Хуулийг хуульчилья
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хүчин төгөлдөр үйлчилж байгаа бие даасан 428 хууль байгаа аж. Гэхдээ хамгийн гол нь хуулийг санаачлан боловсруулахдаа тодорхой төлөвлөгөө, тооцоо судалгаа үндэслэхээсээ илүүтэйгээр тухайн цаг үеийнхээ нийгэм, эдийн засгийн шаардлагад нийцүүлэн боловсруулах практик шаардлага нийгэмд бий болоод байна.
Түүнчлэн баталсан хууль нь нэр, томъёолын хувьд иргэд ойлгомжтой байх зохицуулалтууд хэрэгтэй байгаа билээ. УИХ-аар хэлэлцэж байгаа хуулиад нэршлийн хувьд жил ирэх тусам урт болоод байгаа нь тухайн хуулинд тусгагдсан бүх зүйлүүдийг хуулийнхаа нэрэнд оруулаад байгаа нь нэлээд шүүмжлэл дагуулдаг.
Тиймээс хууль тогтоомжийн төсөл боловсруулах үйл ажиллагааны журмыг тогтоож, нэгдсэн арга зүйг бий болгох зорилготой “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай” хуулийн төслийг өнгөрөгч нэг сард Засгийн газраас өргөн мэдүүлсэн.
Үүнийг өчигдрийн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж хуулийн зарим заалтын нэршлийг өөрчиллөө. Тухайлбал хуулинд тусгагдсан “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн нэрийг өөрчилж “Хууль тогтоомжийн эмхэтгэл” гэж нэрлэхээр тусгасныг хэвээр үлдээх саналыг УИХ-ын гишүүн Су.Батболд, Л.Цог, А.Бакей нар гаргасан боловч олонхийг дэмжлэгийг авсангүй.
Харин Х.Тэмүүжин гишүүн үүнийг “Хууль тогтоомжийн эмхэтгэл” гэж нэрлэх ёстойг “Хууль тогтоомж гэдэг зүйл чинь манайх шиг парламентийн засаглалтай буюу хууль тогтоох онолоор эрх зүйн сурвалж нь бий болдог орны хувьд маш чухал хэм хэмжээ. Энэ нь шүүх дээр маргаан шийдвэрлэхэд шүүгч хууль хэрэглэх замаар эх сурвалжийн хэлбэрээр маргааныг шийдвэрлэдэг.
Харин хууль тогтоомж нь тогтчихсон ардчилсан орнуудаас харвал шүүгч албан ёсоор мэдэгдсэн хуулийг хэрэглэхдээ “Төрийн мэдээлэлээс унших уу, Хууль тогтоогчийн эмхтгэлээс унших уу гэдэг нь эрх зүйн маш том соёл. Тэд ихэвчлэн хоёр дахиас нь уншдаг. Харин бидний хэрэглээд байгаа төрийн мэдээлэл нь шүүхийн бие даасан хараат бус, төвийг сахисан зэргээр маш олон байдлаар нөгөөдүүлдээ халдаад байгаа юм.
Өөр нэг нь дэндүү хэвлэл мэдээллийн хэрэгслийн шинжтэй болчихсон байгаа нь зөрчилдөөн үүсгээд байна. УИХ тогтоосон хууль тогтоомжуудаа албан ёсоор хэвлэж мэдээллэх үүрэгтэй, Үндсэн хуулийн цэц ч гаргасан шийдвэрээ албан ёсоор хэвлэн олон нийтэд түгээх үүрэг хүлээсэн. Тиймээс хууль тогтоомжийн эмхтгэл гэж нэрвэлэл чиг үүргийнхээ хувьд нэлээд тохиромжтой болно” гэсэн юм.
Харин Р.Гончигдорж гишүүн арай өөр зүйлийг хэлсэн. Тэрээр “Төрийн мэдээлэл гэхээр төрд болоод байгаа бүх л үйл явдал бичигдэх юм шиг ойлгогдоод байгаа. Тухайлбал “Засгийн газрын мэдээ” сонин. Ингэж Засгийн газрын нэрийг хэн дуртай нь авч болохгүй ш дээ.
Үүнд Хууль зүйн сайд анхаарах хэрэгтэй. Энэ бол хүнийг ухуулан нэгтгэх шинжтэй байдлаар үйл ажиллагаа явуулж байгаатай ижил хэрэг. Хүмүүс үнэхээр Засгийн газрын мэдээ гэж ойлговол яах вэ. Тиймээс хууль тогтоомжийн эмхтгэл гэдэг нэрээр нь тогтоод Шүүхийн шийдвэр, Цэцийн дүгнэлтүүд нь тусдаа гарах нь зүйтэй” гэж хэллээ.
УИХ-ын Тамгын газраас хэвлэгдэн тараагддаг “Төрийн мэдээлэл эмхтгэлд” УИХ-аас баталсан хууль, тогтоол, Үндсэн хуулийн дүгнэлт, Засгийн газрын тогтоол, Нийтээр дагаж мөрдөх журмуудыг 1991 оноос эхлэн бэлтгэн гаргаж эхэлсэн аж.
Нэг удаа хэвлэгдэхээ 5000 гаруй хувиар хэвлэгдэж бүх төрийн байгууллага болон их, дээд сургууль номын сангуудаар тараагддаг. Энэ нь УИХ-ын зүгээс хууль тогтоомжоо олон нийтэд түгээх нэг хэлбэр болдог байна.
Түүнчлэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Батчимэг хуулийн төслийн 7.1.6-д “Хууль тогтоомжийн төсөлд холбогдох төрийн болон ТББ, мэргэжлийн судлагааны байгууллагадын саналыг авсан байна” гэдэг заалтыг оруулах саналыг гаргасан. Тэрээр саналынхаа талаар “Хамгийн гол нь мэргэжлийн судалгааны байгууллагын саналыг авсан байх ёстой.
Ер нь төрөөс санхүүждэг судалгааны байгууллагууд байдаг ч , төрийн бодлогыг боловсруулахдаа уялдуулах үйл явц бага байгаа юм. Хоёрдугаарт нь Төрийн бус байсан ч судалгааны байгуулагадууыг бэхжүүлж сайжруулах шаардлагууд бий. Дэлхийн улсуудтай харьцуулахад дотоодтоо судалгаа явуулахад төсөвлөдөг хөрөнгөөр хамгийн доогуур байгаа. Тэгэхээр судалгааг дэмжсэн бодлого байж цаашдаа зөв явна” гэдгийг хэлсэн.
Харин тус саналын талаар УИХ-ын гишүүн С.Баярцогт “Яг үүнд бодитой жишээ хэлье. Саяхан Тавантолгойн гэрээг УИХ-д өргөн мэдүүлэхэд Төрийн болон ТББ-ын саналыг хавсаргах гэсэн заалт байгаа юм. Тэгэхээр бүх хуулинд ТББ-ууд саналаа өгөх шаардлагагүй ш дээ.
Жишээ нь УИХ-ын дэгийн тухай хуулийг боловсрууллаа гэхэд ТББ-ын саналыг заавал авах нөхцөл хэрэггүй. Тиймээс аль аль талаа бодоод уян хатан шинжтэй байлгах хэрэгтэй” гэдгийг хэллээ.
Үнэхээр цаашдаа хууль болгоныг боловсруулахдаа ТББ-ын санал, дүгнэлтийг авах шаардлагатай хэмээн заачихвал нэлээд хүндрэлтэй юм. Ингээд байнгын хорооны гишүүд санал хурааж М.Батчимэг гишүүний гаргасан зарчмын саналыг дэмжлээ.