Д.Оюунхорол сайд ойн ангиудад автомашин хүлээлгэн өглөө
БОНХАЖЯ-ийн сайд Д.Оюунхорол
2015.04.22

Д.Оюунхорол сайд ойн ангиудад автомашин хүлээлгэн өглөө

БОНХАЖЯ-ийн сайд Д.Оюунхорол өнөөдөр орон нутгийн ойн ангиудад автомашин хүлээлгэн өглөө. 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 43 ойн анги үйл ажиллагаа явуулж байгаагаас 22 нь ийнхүү автомашинтай болж байгаа юм байна. Эздэдээ хүрсэн машинуудын хувьд зөвхөн ойн сангаа очиж эргэхэд зориулагдаж байгаа гэдгийг албаныхан онцолсон.

2-3 сумын дунд нэг ойн анги үйл ажиллагаа явуулдаг бөгөөд  дунджаар 10-15 мянган га газарт  ердөө 3-5 хүний бүрэлдэхүүнтэй баг ойн санг хамгаалж байгаа аж. Харин өндөр хөгжилтэй орнуудад нэг ойн анги 500-1,000 га газрыг хамарч ажилладаг байна. Гэтэл манай улсын хувьд төсөв хөрөнгөний хүрэлцээнээс хамаараад 2-3 сумын дунд нэг ойн анги ажиллуулдаг байна.

Цаашдаа сум бүрт ойн анги байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа  албаныхан хэлж байв. Ойн ангиудад автомашин хүлээлгэн өгөх үеэр салбарын сайд хэлэхдээ “Өнөөдөр  манай яамны харьяа орон нутгийн 22 байгууллагад тоног төхөөрөмжийн эхний хэсгийг хүлээлгэн өгч байна.

Германы JIZ төслөөс өнгөрсөн жил манай улсад ойн тооллого явуулах үеэр хэрэглэж байсан автомашинуудыг энэ удаад ойн мэргэжлийн байгууллагууддаа олгож байна.

Манай ойн мэргэжлийн байгууллагад техник хэрэгслийн хүрэлцээ маш дутмаг байдаг. 
 

Ер нь манай ойн мэргэжлийн байгууллагад техник хэрэгслийн хүрэлцээ маш дутмаг байдаг.

Ойн цэвэрлэгээ хийх, гал түймрээс сэргийлэх гэх мэтээр ойгоо хамгаалах ажилд гар нүцгэн, явган байдаг байсан бол өнөөдөр ингэж автомашинтай болсноор ойг хамгаалах ажилд том тус болж байгаа юм. Цаашдаа бид ойг нөхөн сэргээх болон цэвэрлэгээний ажилд зориулсан тоног төхөөрөмжийг мэргэжлийн байгууллагууддаа олж өгөхөөр ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар орон нутагт багагүй түймэр гарч байна. Тиймээс ойн газрууд маань автомашинтай болчихвол ойн түймэр унтраах ажилд оролцоход дэмтэй гэсэн үг. Цаашдаа Германы хамтын ажиллагааны байгууллагаас манай тусгай хамгаалалттай нутаг дээр томоохон төсөл хэрэгжүүлэх гэж байгаа. Үүний хүрээнд тусгай хамгаалалттай газар нутаг, мэргэжлийн байгууллагуудыг тоног төхөөрөмжөөр хангах ажил шийдэгдэнэ гэж үзэж байгаа” гэлээ.